Домог, хууч яриа

Пунцагдаржаагийн хар морь

Завхан, Хөвсгөл аймгийн хойд сумдад ихэд алдар нь түгсэн нэгэн цуут ажнай хүлэг бол Завхан аймгийн Баянтэс сумын уяач Лүүвэнгийн (Нутгийнхан нь Д.Пунцагдаржаа уяачийг ийн авгайлна) хар морь юм. Хар морь бол Лүүвэн уяачийн унаган адуу. Хар мориноос өмнө сумын наадамд түрүүлж, айрагддаг хурдан хүрэн морь байжээ. Чухамхүү тэр хүрэн морины дүүгээс хожмын цуутай хар морь гарчээ. Лүүвэн гуай ганц эмэгтэй дүүтэй. Дүү нь хүүхэдтэй болохгүй байсан тул зэргэлдээ орших Баянхайрхан сумын нэг айлаас эрэгтэй хүүхэд өргөж авчээ.

Дүүгийнхээ шинэ хүүгийн унаа болгоё хэмээн Лүүвэн уяач хар унагыг эхтэй нь хамт нөхөрт нь бэлэглэжээ. Шүдлэн үрээ байхад нь сургаж, хязааландаа дэндүү туранхай байсан тул Лүүвэн гуай өөрөө тэжээж онд оруулсан гэдэг. Энэ үед л энэ хар хурдалж мэдэх эд шүү гэдэг бодол Лүүвэн уяачид төржээ. Морио авахаар  ирсэн хүргэн дүүгээсээ хар морийг худалдаж авах гэсэн боловч зөвшөөрсөнгүй. Хавар нь хар морийг засаад алдчихсан сураг дуулдав. Чамгүй эрэл сурал болсны эцэст Нисэхийн шугуйгаас олжээ. Соёолонд нь хар морийг Тэсийн тэжээлийн аж ахуйн адууг хариулдаг  Лүүвэн гуайн эгчийнх нь хүүхэд болох Төртогтох уяач сойж сумынхаа наадамд хол саахалт түрүүлж ирж, торгон жолоог өргүүлжээ. Ийнхүү хар морины од хийморьтой он жилүүд эхлэсэн. Хавчиг насанд нь уясан ч уралдуулсангүй. Дараа жил нь Төртогтох сойж мөн л түрүүлгэжээ. Үүний дараа л Лүүвэн гуайн хүсэл биөлж, хар морь түүний адуу болсон гэдэг. Энэ бол 1980 он байлаа.

Дараа жил нь буюу 1981 онд Лүүвэн гуай үзэсгэлэнтэй байгальтайгаараа гайхагддаг Зайгал багийн нутаг Улаан эрэгт хар морины сойлго уяаг засаж, ардын хувьсгалын 60 жилийн ойн их баяр наадамд түрүүлгэх бодол өвөрлөв. Өвгөн уяачийн хүсэл биелж, хүү Дамбадаржаагийн нь унасан хар морь түрүүлж торгон жолоогоо өргүүлжээ. Нэг сумын Чимэддоржийн сартай хүрэн морь хар морины самбай дэрлэн аман хүзүүдэв. Ингээд энэ сумын их насны морьдын уралдааны дархан түрүүг ганц энэ хар морь л авах болсон юм. 1980-1991 оны хооронд завсаргүй 12 удаа торгон жолоогоо өргүүлсэн энэ цуут ажнайн соёолон насандаа хол саахалтын зайтай түрүүлснийг нэмбэл нийт 13 түрүү болж байгаа юм. 1989 онд сумандаа түрүүлээд, наадмын дараа болсон Тэс сумын ойн баярт уралдахдаа төмрийн хогтой газраар давхисан тул хөлөө гэмтээж айргийн тавд давхижээ. Гарааны зурхайгаас хөдөлсөн морьд гурван километр орчим газар давхиад байхад цуут хар морь хагас километр орчим тасархай хурдалж явсан аж. Гэвч төмрийн үзүүрт гуяны дотор тал нь цөм хатгагдаж, урд хоёр хөл нь нил цус болсон хар морины хурд буурч, аргагүй л шандаст хүлгийн шийр зааж энэ наадамд тавалсан гэдэг юм. Хар морь барианд орж ирээд зогсож чадахгүй уначих гээд байсан гэдэг. «Аргагүй тэнгэрлэг хүлэг тулдаа л замын дунд зогсчихоогүй байна шүү» гэж нутгийнхан нь шагшин ярьж байжээ. 1992 оноос хойш баяр наадамд торгон жолоогоо өргүүлж чадаагүй юм. Нас хөгширсөн, хөл нь доголсон гээд үүнд олон шалтгаан байлаа. Хэрвээ хар морийг ид үед нь улсыь наадамд давхиулсан бол яах байсан бол?. Түрүүлдэггүй юм гэхэд лав дээгүүр давхих байсан даа. Сумын наадамд дараалан 12 удаа түрүүлэх хүлэг тэр болгон төрнө гэж үү? Лүүвэн гуай залуудаа найранд гурван дуутай, наадамд гурван даваатай эр явлаа. 1949 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн заан цол хүртсэн хэмээдэг. Тууврын мал тууж явсан тул наадмын оноо дансанд тууварчин Пунцагдаржаа хэмээн бичигдэн үлджээ...