Хөндлөн Дугарсүрэнгийн хар морь
1945 онд “дулааны хонгор” морь улсын наадамд ирж уралдаад Баян сумын “хөндлөн” Дугарсүрэнгийн хар морьтой холбоотой ирээд аман хүзүүджээ. Энэ уралдаан улсын наадмын цуваанд бичигдсэн байгаа. Баянцагааныхан “дулааны хонгор” түрүүлсэнгүй гэж ярьсаар их л гонсгор буцсан гэдэг. Учир нь “дулаан” Дамдинжав гуайтай Баянцагааныхан нутгархаж “дулааны хонгорыг түрүүлчихээсэй” гэж л санаа тавин харцгаадаг байж. Түүнээс хойш “хөндлөн” Дугарсүрэнгийн хар морь улсын наадамд дахин нэг түрүүлсэн юм. Тэр наадмын ар дээр Төв аймгийн Баянцагаан сумын наадам болох тов зарлагдаад байж. Зар тарснаас хойш удалгүй энэ наадамд “хөндлөн” Дугарсүрэн улсад хоёр түрүүлсэн хар морио уралдуулах гэнэ гэсэн яриа олны дунд таржээ. “Дулаан”-ы хонгор морь ч уралдах нь тодорхой. Төрийн наадмын довон дээр зуузай холбон ирж хойно урдаа оролцсон хоёр ийнхүү дахин учрах болсон нь чихтэй бүхний чихийг сортойлгох нь тэр. Наадамчдын тэсэн ядан хүлээсэн тэр уралдааныг нүд салгалгүй харсан олны нүдэнд хоёр морь холбоотой явсаар барианы зурхай харагдахад “дулааны хонгор” морь “хөндлөн” Дугарсүрэнгийн хар морийг гээн хаяж, бахархалтай сайхан түрүүлсэн нь түүх болон яригдсаар иржээ. Үүнийг харсан, сонссон Баянцагааныхан ёстой нэг дайснаа дарсан мэт хөгшин, залуу, хөрөв нялхгүй хөөр баяр болсон гэдэг. Тэр наадамд Баянцагааны урдаа барьдаг нэрт уяач Нэрэнжимээгийн хээр морь гуравт, Мөнхийн улаан морь дөрөвт, “бүдүүн” Жамцын “Баянцагаанд дөрөв түрүүлж, улсад 7, 8-д орсон” хурдан хээр морь тавд тус тус айрагдсан...
Тод манлай уяач Б.Бат-Өлзий "Энэ морины эзэн тухайн үед миний хар морьтой маршалын хар тэрэгнээс өөр юм уралдахгүй гэж ангайж явжээ. Хар морь толгой сайн , дух магнай өргөн, нүд хөмсөг сайн, уруул ам сайн чих урт, толгой урт буюу хоншоор урт, аман хүзүү овгор, дал урт, ташаа өргөн, салтаа өргөн, доогуураа хааш хаашаа зайтай, шилбэ богино, бэрэвхий богино, галуун сагагтай, борви шулуун, өвдөгний үе өргөн овгор морь байжээ" хэмээсэн байдаг.