Бэгзсүрэнгийн Содномцог
Завханы үндсэн харьяалалтай улсын баяр наадамд анхлан морь түрүүлгэсэн уяач бол тод манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцог юм. 1997 оны үндэсний их баяр наадамд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Солонго импексийн Содномцогийн саарал даага түрүүллээ хэмээн эх орон даяар зарлагдаж байсан түүхтэй. Энэ саарал манлай уяач дааган Ганаагийн унаган хүлэг болой.
Бэгзсүрэнгийн Содномцог үүний дараа од хээр соёолонгоо улсад түрүүлгэж, Хорлоодойн харыг хосгүй үнэтэй авч, Дарцаг зээрд морио том наадамд өвөл зунгүй айрагдуулж, Орос Болдын хурдан хээр морийг авч бүсэд айрагдуулж, жонон халтар азаргаа төрийн наадамд айргийн араар хурдлуулаад улсын бүсэд түрүүлж, Завхан аймгийнхаа түүхт ойд удаа дараа сайн наадаж тод манлай уяач цол хүртсэн.
Б.Содномцог 1964-1966 онуудад морин спортын төв клубт хичээллэж байсан. Тэр үед морин тойруулгын уяач Самбуугийн Самданг дагаж хичээллээд хожим ч олон жил хамт морь уясан. Спорт харайлт, спорт алхаа зэрэг сонгомол морин спортын суурь тавигдаж асан цаг. Нэрт уяач Төмөржаагийн хөвгүүд энэ спортоор хичээллэж хожмын анхны мастерууд болсон юм. Амралтын өдрүүдэд гурван төгрөгний тасалбартай уралдаан болно. Тойруулгын аварга Батсуурийн бор, Хайдавын бор, Гүргэнжавын улаан гэж улсын баяр наадамд түрүүлж байсан морийг тойруулга худалдаж авсан цаг. Хоёр жилийн дараа энэ секцийн хүүхдүүдийг 240 төгрөгийн цалинтай мэргэжлийн тамирчнаар ажилд авахад ирээдүйн тод манлайн гэрийнхэн хичээл ном чинь завсардана гээд зөвшөөргөөгүй гэдэг. Хэдий мэргэжлийн морин спорт руу ороогүй ч насан турш морьтой холбогдохын эхлэл байлаа.
Дэлгэр зун ирж, суурин газрын хүүхдүүд хөдөөлөх үед Төв аймгийн Баянцогт сумын нутаг аварга малчин Жигжидийнд очиж морь унаж, саах зөрүүлж явжээ. 1993 оноос эхлээд удам сайтай адуу цуглуулж эхэлсэн. Хожмын тод манлай уяач Д.Ононгоос дөрвөн бага адуу авч адууныхаа суурийг тавьсан. Мөнгөнморьтын пачик Эрдэнээгээс дааган цагаасаа босоо хурдалсан хээр азарга, Баянцагааны Цэрэндондогоос ч хэдэн адуу авсан. Бааст хурандаагаас Бажаа улааны угшлын донир адууг, Сүхбаатарын Жигээ, Сахаа адаа, Хэнтийн Зундуйжамцын Цогоос дааган цагаасаа түрүүлсэн хүрэн морь авч уяж байв. Монгол улсын алдарт уяач Д.Болдоос хэдэн сайхан адуу авч уясан. Шаамар сумын улсын алдарт Наваантаяын Юмжигмэд гуайгаас хойноос орж ирсэн улаан буурал азарга ч авсан. Адууг ч цуглуулсан хүн дээ.
Баруунхараагийн олонд малгай хэмээн алдаршсан Аюушийн хурдан хар азаргыг хүү Мөнхбатаас нь таван сая төгрөгөөр авч тухайн үедээ чихтэй бүхний дэлдийлгэж, нүдтэй бүхнийг бүлтийлгэсэн үйл явдал болж байсан юм. Энэ хүлгийг 1996 оны Дэлгэрхаанд болсон өвлийн том уралдаанд манлай уяач Самбуугийн Самдан уяж аман хүзүүдүүлсэн. Түүний хойтон саарал даагаа улсын баярт түрүүлэж, 1998 оны Баяннуурын хаврын том уралдаанд орос Болдоос авсан хээр морио айрагдуулж байлаа. Адууг сайхан үнэд хүргэсэн төдийгүй улсын начин Ж.Алтангадасаас дунд гарын Батноров эмээл 1.5 саяд авч уламжлалт сайхан эд эдлэлийг хүндтэй байр эзлүүлсэн хүн юм.
Сүхбаатар аймгийн Халзан сумын монгол улсын манлай уяач Цэндсүрэнгийн Онгуугаас сайн морьд авсан. Зээрд халзан үрээ авч Төв аймгийн Архуст сумын 40 жилийн ойд түрүүлгэж, сумын наадамд дөрөв айрагдуулсан сайн азарга болов. Сүхбаатар аймгийн жижиг зээрдүүдийн угшилтай хээр азарга даагандаа Архангай аймгийн 80 жилийн ойд түрүүлж, Завхан аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдсэн.
1995 оны улсын баяр наадамд түрүүлж хасагдаад, Зүйлийн даншигт аман хүзүүдсэн алдарт хурдан хар азарга Бэгзсүрэнгийн хүүг улс даяар алдаршуулсан. Авсан наймаа ч, азарга нь ч аль аль нь дуулиантай.
Хурдан хар азаргыг авах гэж хэд хэдэн удаа оролдоод наймаа болж өгөөгүй гэдэг юм. Улсын наадмын өмнөх сунгаанд их хурдан байсан бөгөөд түрүүлээд үнэ өсч буцаад, улсын баярт дутуу эргэлтэд сайхан түрүүлж дахин үнэ өссөн байна. Үүний дараа Зүйлийн даншигт очихын өмнө 3 саяд үнэ тохирчээ. Зүйлийн даншиг Хорлоодойн Мягаа өөрийн нэрээр уралдуулна гэсэн учир бас л буцсан байна. Тэр жил улсад Зүүнбүрэнгийнхэн вагоноор морьдоо ачин ирж уралдаад Лхагвасүрэнгийн Төрбаярын сайхан улаан хээр шүдлэн улсад түрүүлсэн байв. Наадам дээр авахаар тохирч, намар хээр үрээг авахаар очтол Шаамарт уралдаад хөлгүй болсон байжээ. Улсын баярт айрагдсан Лхагвасүрэнгийн алдарт зээрэн зээрд их морь ч хөл муудсан байв. Буцахдаа Баруунхараад Д.Хорлоодой алдартай таарч дахин хар азарганы тухай яриа болжээ. Энд таван сая төгрөгөөр үнэ тохирчээ. Тухайн үеийн хоёр өрөө байрны ханшаар авчээ. Өвөл нь тэжээж Дэлгэрхааны том уралдаанд аман хүзүүдсэн. Хар азарга араас их нэхэж уралдаад монголын шилмэл хурдуудтай үзэж 548 азарганаас аман хүзүүдэв. Мөнгөнморьтын Батхуягийн халтар энд түрүүлсэн юм. Хар азарга уг нь 1977 оны улсын баярт хязаалан буурал, соёолон хар үрээ түрүүлгэсэн олонд “малгай” хэмээн алдаршсан Аюушийн азарга юм. 1993 оны Амарбаясгалантын хийдийн нээлтэнд Баруунбүрэнгийн Алексей хээр гэж хойноос орж ирсэн цэвэр азаргатай ана мана үзэлцэж аман хүзүүдээд, улсад түрүүлж, Есөн зүйлд аман хүзүүдсэн тухайн үеийн том наадам бүхэнд айрагдсан хурдан адуу даа.
2012 оны Макс групийн 20 жилийн ой өргөн дэлгэр болов. Энэ наадамд Б.Содномцогийн Дарцаг зээрд гэж морь анх тодорсон доо. Тэр жилийнхээ Есөнзүйлийн даншигт айрагдаж, хойтон жил нь хаврын улсын бүсийн хоёр том уралдаанд айрагдаж, эзэндээ гурван том амжилтыг авчирсан хүлэг билээ. Харин 2010 оны улсын баяр наадамд айргийн араар хурдлаад, Амарбаясгалантын даншигт түрүүлдэг жонон халтар азарга бол Дадалын Дэнзэн Мөнхөө (алдарт халзан азарганы эзэн) гуайн адууны хүлэг юм.
Б.Содномцог, манлай уяач багшаасаа хойш бие даан морь уяж тод манлай уяач цол хүртсэн. 2010 онд улс бүсийн уралдаанаас хоёр түрүү, гурван айраг авч Монгол улсын чансаа өндөр 9 уяачийн нэгээр нэрлэгдэж байсан гэхээр хэр зиндааны уяач гэдэг нь харагдах бөлгөө.