Лхагважавын хээр азарга
Энэ хээр азарга нь М.Лхагважавын унаган адуу. Эзэн нь Завханы Баянтэсээс нийслэл хотод 1950 онд нүүж ирэхдээ унага, даага, гүүтэй нь тууж 204 Тэс адууны үүлдрийн тодорхойлолт авчирсан бөгөөд “Урт хул”-тай эх нэгтэй. Улсын баяр болон аймаг, сумын наадамд хурдалж байсан хурдан буян билээ. М.Лхагважавынх 1958 онд Төв аймгийн Баянзүрх сумд “Сүхбаатарын зам” нэгдэл байгуулахад гишүүнээр элсэж тодорхой тооны мал нийгэмчилсэн бөгөөд адуу голдуу үлдсэн амины, хээр азаргатай адуугаа нэгдлийн адуучин “нохой” Доржид өгч оторт явуулдаг байв. “Нохой Дорж нь Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Дундговийн Цагаандэлгэр сумын нутагт отроор явахдаа хээр азарганы үр төл, Тэсийн голын хурдан удмын нэлээд олон үрээг, эцэст нь хээр азаргыг нь хүртэл эзэнд нь хэлэлгүй нууцаар зарсан байдаг. Энэ талаар М.Лхагважавын адууг өвөл отроор сүүлд нь авч малладаг байсан адуучин Санжаа ярьсан байна. М.Лхагважавын зээ дүү Намсрайжавын Гончиграгчаагийнх 1982 онд Завханы Баянтэсээс шилжиж Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд ирж суурьшсан аж. Хээр азаргатай адуугаа М.Лхагважав тэднийд “Нутгаас авчирсан хэдэн адууны угшил байгаа юм” гээд өгчээ. Монголын Морин спорт уяачдын холбооны анхны тэргүүн Г.Пунцагбалжир хээр унаганы гал төл нэг хээр морийг 1991 онд хоёр сая төгрөгөөр үнэлж тэднийхээс авсан байна. Тэрээр хурдан морийг ирийг нь оруулдаг “чонын нулимс гүйлгэх” /чоно хөөж цохиж унагадаг/ хэмээх ёс гүйцээнэ хэмээн чонын ав зохион байгуулсан аж. Тэрээр энэ үеэрээ шархдуулсан чоно хөөж байгаад хээр мориныхоо хэнхдэгийг уруулан үхүүлжээ. Г.Пунцагбалжирын худалдаж авсан энэ хээр морийг улсад дархан түрүүлэх хурдан хүлэг байсан гэж уяачид дурсдаг юм билээ.