Гоё халиун
ГОЁ ХАЛИУН
(Улсын алдарт уяач Түндэвийн Энхтайваны “Гоё халиун”-нд зориулав)
“Данагар данагар алхаатай яа
Дал мөрөө давсан гэзэгтэй еэ
Далай вангийн Юүндэн гөөгөө
Даанч цэвэрхэн төржээ” гэдэг шиг
Ганган сэвэлзүүр алхаатай яа
Гал цогоо бадраасан үзэмжтэй еэ
Гаргууд хурдалдаг Гоё халиун
Гайхалтай цэмцгэр төржээ хө
Уртын дууны “Хөөрхөн халиун”
Ардын дууны “Ганган хул”-ыг
Учиртай нь аргагүй өвчиж төрсөн
“Гоё халиун”-ыг магтан дуулмуй!
Гоё халиуныг харах бүрийд
Гоо үзэсгэлэн нүднээ тусна
Гэмгүй цагаан атаархал тэнүүчилж
Гэгэлзсэн сэтгэлийн утсыг хөндөнө
Төгс үзэмж, төгөлдөр хурд
Төрмөл чигээрээ заяажээ, түүнд
Зулзаган сормуус, тормолзсон нүд
Зурмал юм шиг хосолжээ, түүнд
Үзэгдэх ерөнхий өнгө төрх нь
Үүрийн шаргал гэгээ шиг
Үндсэн галбир бодгаль шинж нь
Үлгэрт гардаг согоо шиг
Уран нарийн хондлой нуруу нь
Суман зандан ширээ шиг
Уужим амьсгалах хамар нь хүртэл
Сударт өгүүлдэг бүрээ шиг
Аргамагийн чансааг гадарладаг
Адууны тэнгэртэй эр хүний
Арааны шүлсийг асгаруулам
Ай, мөн ч сайхан хүлэг ээ!
Алдартай хурдан хүлгүүдийг
Агуу үзэмжээрээ тэргүүлдэг
Асар олон бишрэгчид нь
Амьдаар нь харах гэж тэмүүлдэг
Хосгүй сайхныг нь бишрээд
Хомоолыг нь авч хармаалдаг
Урлаг гадарладаг хэнбугай ч
Уяаг нь тойрч залбирдаг
Уран барилдаанч бөхөөр бол
Улсын арслан цолыг
Хар нялхаасаа хурдлаад л
Хязаалан насандаа хүртчихсэн
Хан төрийн их наадамд
Хавчиг соёолон насандаа
Их насны морьдтой цуг
Идэрхэн жавхалзаж торойгоод
Хамаагүй хол тасарсан хүлэг
Халхын түүхэнд байхгүй билээ
Ханагар томчуултай мөчөөрхөж
Хавчиг соёолон уралддаггүй билээ
Уяа нэгтэй “Үүлэн бор”-ыгоо
Учрал ерөөлөөр дагуулж давхиад
Түрүү магнай, аман хүзүүнд
Төгс хурдалж, эзнээ баясгаад
Нэг уяачийн хоёр хүлэг ингэж
Нисэх шахам зуузай холбон цахилж
Сонгомол хурдыг түүхэнд мөнхөлсөн
Соньхон учрал ховорхон билээ
Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг шиг
“Гоё халиун” хэмээх угшил хүртэл бий болж
Гоц хурд нь хүлгийн шандасыг чангаруулж байна
Гоёхон төрх нь монгол адууг гангаруулж байна
Уртын дууны “Хөөрхөн халиун”
Ардын дууны “Ганган хул”-ыг
Учиртай нь аргагүй өвчиж төрсөн
“Гоё халиун”-ыг биширтүгэй!