Домог, хууч яриа

Ургамал сумын хурдан хүлгүүд

1995 оны Сар хайрханы даншиг Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт болсон юм. Энэхүү даншиг наадамд Дөрвөлжингийн дөрвөн их морь унаган довон дээрээ дараагаараа ороход дунд нь ганцхан Ургамалын хурдан хээр алаг морь айрагдаж байсан. Энэ морь яг нутаг унаган адуу гэдэг. Ургамал нутаг дээр үеэс сайн уяачид олон байж, овоо тахилгаас эхлээд хошуу, аймаг, сумдын наадамд хурдан хүлгүүдээ сойсоор ирсэн.

Индрийн хээр гэж нэг өдөр 3 чоно хөөж гүйцэж алсан, Лхамсүрэнгийн хөх сүүлт шарга гэж Сартуул хошууны наадамд түрүүлсэн хурдан морьд байсан гэж Ургамал сумын түүхэн номд бичигдсэн үлдсэн байна.  Сартуулын отгийн дарга Балгансүрэнгийн "хонины бор” буюу улаан морь гэж байсан. Энэ хүлэг хонины морь байгаа овооны баярт түрүүлж тодорсон. Шавагийн дугайн өндөр эрэг рүү сайварлан гардаг бяртай адуу байжээ.  Галуутайн хүрээний баярт түрүүлээд маргааш нь буцаж явахдаа Духын дээд дэвсэгт эцэж өөрөө дагаж очоод, түрүүлж байсан хурдан морь юм. Давс шандны Сүрэндоогийн хурдан бор гэж тэр хавийн овоо наадамд түрүүлдэг мориор Д.Гомбожав, Содномцог нар (нууцаар барьж унаад) зээр хөөж уургалан барьдаг байсан гэлцдэг.

Мөн Г.Буньжавын улаан гэж том наадамд хоёр түрүүлсэн гарамгай хурдан морь байжээ. Улаан морийг шүдлэнд нь сургаад, Хутаг уулын овооны наадмын өмнөхөн их насны морьдтой хамт үсэргэхэд түрүүлж байжээ. Түүнээс хойш ойр хавийн наадамд нэг хэсэгтээ урдаа морь оруулалгүй, удаа дараа түрүүлж байсан ба хавчиг насандаа гэхэд хоёр удаа түрүүлэв. Харин Шадавын улаан гэдэг морийг анх Баян улааны Амарсанаа Хотгойдоос авчирч, удалгүй Тосгуурын Ванчиндорж буюу Андиа панз худалдаж авч, морь уургалдаг байгаад анх Булангийн овоонд уралдахад Г.Буньжавын хурдан улаан морины урд орж, түрүүлсэн хэмээдэг. Дараа нь Шадавын өргөмөл аав Сэр-Од авч уяж, түрүүлгэж байжээ. Энэ улаан морийг Ишиндулам унаж байх үед нэг удаа Хутаг уулын овоо тахилгын наадамд их нас оройтож яваад, үдэш галын гэрэлд морь барьж байх үед 2 хурдан морьтой Чадраа галын бүдэг гэрэлд барьж авч, хоцроогоод аман хүзүүний морийг түрүүлгэж байсан гэдэг.