Домог, хууч яриа

Аймгийн алдарт уяач Н.Бизьяа

Аймгийн алдарт уяач Долоон тайж овгийн Нямцэрэнгийн Бизъяа 1937 онд Бандаллхам гэдэг газар мэндэлсэн. 1959 онд халтар даагаа сойж уралдуулан сумын наадмын түрүү авснаар морь уях гараагаа одтой сайхан эхлэн улмаар даага, шүдлэн, хязаалан, соёолон насандаа хурдан халтар морь нь түрүү магнайд давхижээ.

1978 онд Жонжоогийн хурдан улаан хэмээх морь хэд хэдэн хүний гар дамжин олон жил гавьтай давхихгүй явсныг хоёр адуугаар худалдан авч ногоон солоомоор тэжээж өвөлжин унаад зун нь уяагийн яаж тохируулах вэ? гэж элдвийг бодон хагсрааж байгаад үсэргээд үзсэн чинь өнгөлөөд сайхан задгай хөлстэй, уяа сойлго сайхан орж байх шиг байна гэнэ. Тэр зун Дүгэрсүрэн дүүрээгийнхтэй Сантын голд айл зусаж, хоёулаа адуу хамт маллаж байжээ. Нэгдлийн 30 шахам гүү сааж, морьдоо сойн Дүүрээгийн хар морь тэр үед ид хурдалж байсан үе бөгөөд улаан морь, хар морь үсэргээнд өгөө аваатай л байсан гэнэ. Сунгаанд уралдуулахад хоёр морь мөн л цуван ирж байж. Ингээд сумынхаа баяр наадамд Жонжоогийн улаан хэмээн нэршсэн Бизьяагийн уяж хурд заслыг тааруулсан. Түүний улаан морь 20 настайтаа түрүүлэхэд наадамчин олон баярын нулимс унаган байсан гэх агаад сумынхаа баяр наадмын төв асрын өмнө торгон жолоо өргүүлэн баяр наадмын түрүү магнай Бизьяагийн улаан морь гэгдэн алдар цолоо дуудуулсан юм. Бүтэн жил шагшигдан хойтон жил нь мөн сумынхаа наадамд аман хүзүүнд давхиж зодог тайлжээ.

1986 онд Бизьяа хурдан унага гарна гэж шинжсэн улаан байдсыг Ш.Цэдэн-Ишээс худалдан авчээ. Улаан гүүнээс хоёр жил дараалан охин унага гарч, дараа жил нь эр хээр унага гарсан бөгөөд хойтон жил нь исгэл хөхсөн хээр даага нь аман хүзүүнд давхиж, 1993 оны сумынхаа наадмын түрүү магнай мөн Завхан аймгийнхаа 70 жилийн ойд түрүүлж торгон жолоо өргүүлжээ. 1994 онд Сонгино сум, Баянтэсийн 70 жилийн ойд түрүүлж, Увс аймгийн Өндөрхангай суманд болсон Лу жанжин гүний 140 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд давхиж байхад мөн энэ наадамд Бизьяагийн хүү Даваагомбын халтар шүдлэн айрагджээ. 1995 онд сумандаа түрүүлж, Сайрханд болсон Морин эрдэнэ бат оршил-95 даншиг наадамд аман хүзүүдэж мөнхүү Даваагомбын халтар хэмээх хязаалан дөрөвт хурдлан улсын хэмжээний энэ их наадмаас нэрт уяач Н.Бизьяа хүүтэйгээ хамт нэг аман хүзүү, нэг айраг авч одтой сайхан нааджээ. Мөн хээр морины дүү хээр морь соёолон насандаа сумандаа түрүүлж, нас гүйцээд хоёр удаа айрагдсан бөгөөд сумынхаа цээжинд давхих морьдын нэг болж одоо ид хурдалж, 2005 онд Шар нуруу багийн Нарангийн майдарын нээлтийн баярт том хүү Даваагомбын хээр морь түрүүлж, хүү Дамдинбазарын дүү хээр аман хүзүүдсэн юм.

2005 оны хавар Увсын Таван Тэсээс яваа тууварчдаас шар үстэйгээ туранхай хүрэн даага сая төгрөгөөр худалдан авч ирэх жил сумынхаа 80 жилийн ойд үзнээ... ийм адууг авалгүй яахав гэхэд хүүхдүүд нь юу ч хэлж чадаагүй гэдэг. Хүрэн даагыг ээжтэй нь хамт аваад хамт үлдсэн юм.

Аймгийн алдарт уяач Бизьяа насаараа адуу маллан, 40 гаруй жил хурдан морины хөлс хусахдаа 20 түрүү, 33 айраг авсан бахдам амжилт гаргаж түүнийг 2004 оны сар шинээр Завхан аймгийн алдарт уяач болон өргөмжлөл авсан юм.

Ч.Пүрэвхүүгийн бичсэнээс