Д.Санжаасүрэн: Орон нутгийн багш нараас анхлан олимпийн их наадамд дасгалжуулагчаар оролцож байлаа
Монгол улсын гавьяат багш Дашийн Санжаасүрэн ахтай гавьяат болохоос нь өмнөхөн хийж байсан ярилцлага. Аав ээжээсээ хоёр настай өнчирч хоцорсон энэ хүү хожмоо монголын спортын олон алдартны гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэж, нэгэн насаар спорттой ойр яваа хүн юм. Хорвоогийн эрээн барааныг танихтайгаа нэг болсон энэ хүний толгойд монголын нэгэн үеийн спортын түүх нуугдаж байх шиг санагдлаа. Үндэсний спортын талбараас хүн төрөлхтний их цэнгэл олимп хүртэл бэлдсэн шавиа сойж явсан буурал багш өдгөө Яармагтаа даруухан аж төрж байна.
-Таныг Завхан, Увс гээд хоёр янзаар ярих учир юу байна?
-Аав минь Завханы Баянхайрхан, ээж минь Увсын Зүүнхангайн хүн. Залгаа нутаг юм даа. Ээж минь намайг хоёр настай байхад өөд болсон.
Аав минь 1945 онд цэрэгт татагдаад алба хаагаад халагдах болтол суух гэж байсан бүсгүй нь, өөрийн эцэг нь өөд болчихсон байсан юм билээ. Тэгээд нутагтаа очоогүй. Би аавтайгаа ганцхан л удаа уулзсан.
Багшийн сургуульд байхдаа сургаар хөөцөлдсөөр байгаад нэг уулзсан. Толгойтын төмөр замын өртөөнд замын ажилтай гэж байсан. Уулзаад тэр хүн ч намайг миний хүүхэд гэж хэлж чадаагүй, би ч миний аав гэж хэлж чадаагүй. Инээгээд л, яриад л хоол цай болоод л суусан. Ирж байгаарай хүү минь л гэж байсан. Надтай мөн ч адил юмаа гэж хүнд ярьж байсан гэдэг. Аав минь 84 насыг насласан ч ээжээс минь хойш гэрлээгүй юм билээ.
-Яаж яваад тэшүүртэй холбогдов?
-1964 оноос 1970 он хүртэл Завхан аймгийн 1-р арван жилийн сургуульд бага ангийн багш байлаа. Баруунтурууны сангийн аж ахуйд долдугаар ангийн сурагч байхдаа тэшүүрээр гулгаж сурсан юм. Багшийн сургууль төгсчихөөд Завхан руу хуваарилагдаад нутаг явах юмаа бэлдээд зах дээгүүр явж байтал хуучин муу тэшүүр байна.
Манай Улиастай чинь Богд, Чингистэй гээд хоёр том гол урсна. Бага ангийн багш зав ихтэй. Үдээс өмнө хичээл орно. Орой нь гол дээр очиж гулгана. 1966 онд тэшүүрийн шигшээд байсан Ж.Гүржав гэдэг хүн багшийн их сургууль төгсөөд Завхан нийгэмлэгийн даргаар очлоо. Завханд хэдэн хүн гулгана. Ж.Гүржав гуай намар очоод, өвөл буцсан. Буцахдаа надад Зөвлөлтөд хэвлэгдсэн нэг ном үлдээсэн.
Зөвлөлтийн том тамирчдын өдөр бүрийн бэлтгэлийн график, ачаалал өгөх журамтай ном юм даа. Болохгүй бол словарьдаад үзээд байгаарай. 50-75 хувьтай хийлгэ. Өвөл хотод очихоор багш нь тосоод авна гэж байна. Түмбаяр, Вандандорж, Долгорсүрэн гээд хэдэн хүн ахлаад бэлтгэл хийлгэнэ. Улсын аваргад ирлээ. Долгорсүрэн охидод дөрвөн зайд түрүүллээ.
Занданбал хөвгүүдийн дөрвөн зайд түрүүллээ. Би өөрөө нэг зайд дөрөвт орлоо. Энэ хоёр хоёулаа шигшээд дуудагдсан. Түмбаяр нь сүүлд хивсний хээ зурж төрийн шагнал хүртсэн. Вандандорж сүүлд телевизэд зураачаар ажиллаж байгаад урлагийн гавьяат зүтгэлтэн болсон. Болор цом наадамд Янжинлхам бурхан зурж өгч, өөрөө гардуулдаг болсон юм...Шигшээд дуудагдах тухай ч яриа боллоо. Эхнэртэй, олон хүүхэдтэй хүн нааш цааш яваад байх ч боломж гарсангүй.
1970 онд эхнэртэйгээ конкурс өглөө. Эхнэр маань хүн эмнэлэгийн техникум эмийн санчаар төгссөн байсан юм. Эхнэр Анагаахад, би Багшийн дээдийн биеийн тамирын тэнцлээ. Сургуульдаа ирчихээд намар САА явах гэж байтал сургуулийн багш Сансар гэдэг хүн ирээд “Чамайг Цэнд гуай асуугаад байна. Захирлын тушаал гарсан. Сангийн аж ахуй явуулахгүй гэсэн” гэдэг юм байна.
Ингэж сургаар л сонссон монголын домог, гавьяат тамирчин Л.Цэнд гуайтай ингэж нүүр тулж уулзав. 1970 оны улсын аварга, 1971 оны бүх ард түмний спартакиад гээд дөрвөн жил багийн ахлагчаар тэмцээнд оролцсон доо. Л.Цэнд багш өөрөө бэлтгэлээ хийнэ.
-Улсын аваргаас медаль авсан уу?
-Өөрөө авч чадаагүй. Баг сайн уралдсан. Медаль ч авсан. Харин 1972 онд Улаанбаатар хотын аварга болсон. 1976 онд Урлаг утга зохиол сонины нэрэмжит тэшүүрийн тэмцээн болсон юм. Тэр үед Урлаг утга зохиол сонины эрхлэгч нь зохиолч С.Эрдэнэ гуай байлаа.
Хандгайтын өндөр уулын мөсөн гулгуурыг тэгэхэд анх байгуулсан юм. С.Эрдэнэ гуай ивээн тэтгэгч байгууллагыг удирдаж байгаагийн хувьд “Энэ тэмцээнд медальт байрт орсон тамирчдад спортын цол зэрэг олгуулна”гэдэг юм байна. Тэнд хоёр зайд тэшүүрийн мастерийн болзол хангаж байсан юм.
-Хоёр оюутан, олон хүүхэдтэй. Тэр үеийн сонин амьдралын дүр зураг харагдах байх даа?
-Хадам ээж л зайлуул харна даа. Эхнэр зун хоол унд, аргал түлшээ базаана. Би зуны бэлтгэл гээд гэрийн бараа харахгүй. Эхнэрийн эгчийн хүүхэд манайд сууна, нөгөө тэшүүрчин хүү Занданбал манайд амьдарна. Өөрийн дөрвөн хүүхэдтэй. Олуул. Хоол унд амаргүй. Үхэр, хонины толгой шулж хоол цай бэлднэ.
Талх нэг төгрөг 40 мөнгө. Арвын том цагаан тогоогоор дүүрэн молокотой цагаан будаа л хийнэ дээ. Тэр үеийн л нийтлэг амьдрал дөө. Бор хоол голдуу идэж байсных эрүүл ч байсан байх. Хүний ходоод чинь ер нь тэгээд нямбай цэвэр юм идэх тусам ажиллагаа залхуураад, бор хоол идээд байвал ходоод нь бас чийрэгжчихдэг юм шиг санагддаг.
-Төгсөөд шууд Завхандаа очсон уу?
-1974 онд Багшийн сургуулиа төгстөл багшаар үлдээлээ. Хоёр жил сургуульдаа багшиллаа. Эхнэр сургууль төгстөл шууд Завхан руу хуваарилчихлаа. Очоод Завханы түргэн тусламжийн станцын эрхлэгчээр томилж орхижээ. Цэцэрлэгийн хоёр, сургуулийн хоёр хүүхэдтэй хүн энд ганцаар ажиллаад байж болдоггүй.
Аргагүй учир байдлаа хэлээд Завханд очсон. Очоод тэшүүрийн өндөр өнжүүлэх гэдэг юм байгууллаа. 1976 онд Наранцэцэг гэж хүүхэд авчраад улсын аваргаас таван мөнгө аваад, багаар ч түрүүлээд, олон жил тогтмол сайн оролцсон. Сүүлд өөрийн нэг хүүхэд ч улсын аваргад түрүүлээд. Нийт улсын хэмжээний тэмцээнээс 68 медаль авсан байдаг юм.
-Лейк Плэсидийн өвлийн олимпийн их наадамд оролцсон тухайгаа?
-1980 оны хавар зааланд бэлтгэл хийж дуусаад хувцсаа сольж байтал аймгийн даргын зарлага хүүхэн ирээд аймгийн дарга дуудаж байна гэдэг юм байна.
Тэр үед чинь даргад дуудагдсан хүн бүр баяр хөөр биш, эмээх ч үе байна шүү дээ. Тэгсэн аймгийн даргын өрөөнд, намын дарга, боловсролын хэлтсийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга бүгд цуглажээ. Таныг хүлээж байна гэж байх юм. За баяр хүргэе гээд гар барьдаг юм байна. Учрыг ойлгоогүй байтал улсын биеийн тамирын хорооны Дамдин даргаас таныг өвлийн олимпод оролцуулах болсныг мэдэгдсэн гэж байна.
Баярлах ч биш гайхах ч биш л боллоо. Казакстаны Метод бэлтгэл хийнэ. Сорил аваад олимпийн норм биелүүлвэл цаашдаа олимпод орно. Зөвлөлтийн Шабаров гэдэг мэргэжилтэнтэй биднийг удирдана. Байрлаж байгаа газраасаа 30 гаруй км зайд очиж бэлтгэл хийнэ. Алатау уулын
оройд мөсөн гулгуурийн талбайд. Өдрийн хоёр бэлтгэл хийнэ. Тэмцээнд ортол Т.Нямдаваа, Д.Цэнддоо хоёр олимпийн норм биелүүллээ. Т.Нямдаваа нь одоо Төв цэнгэлдэхийн захирал шүү дээ. Д.Цэнддоо гэдэг нь Хобби сургуулийн Хулангийн аав юм.
Биеийн тамир спортын улсын хорооны дарга Дамдин дарга биднийг удирдаж Өвөрхангайн хожим гавьяат болсон гавьяат тамирчин Л.Дорж бас цанаар хамт оролцов. Москвагаас Францад очоод, АНУ-г зорих болов. Тэр жилийн олимп Лейк Плэсидэд болсон юм. Нью Иоркт буулаа. Манхэттэний цэцэрлэгт хүрээлэнгээс холгүй бэлтгэл хийнэ. Тэндэхийн хэрэм амьтан гэдэг чинь дээгүүр доогуур гүйлдээд байж байдаг. Барууны ертөнц гэдгийг чинь анх үзэж гайхаж л байлаа. 500 км явж байж, олимпийн тосгонд очлоо. Нэг том нуурын л нэг юм билээ л дээ. Очтол харин монголы тамирчдын мэдүүлэг хоцорч ирсэн тул оруулахгүй гэдэг юм байна. Социалист лагерийн орнууд тэр жил олимпод орохгүй гэж бойкот хийж байгаад тулгуухан Зөвлөлт шийдээд, бусад орнууд дагаж очсон хэрэг.
Хэн дургүйцэж байна гэхээр олон улсын цана, тэшүүрийн холбоо л эсэргүүцэж байгаа юм. Дамдин дарга намайг дуудаж байна. Жижигхэн хивс, бурханы сувинер, нэг эксийн цагаан архитай хамт өгөөд “За чи олон улсын тэшүүрийн холбооны ерөнхийлөгчийн нарийн бичигт өгчих...” гэж байх юм. Цанын холбооны ерөнхийлөгчид бас яг ижил өгчих гэж байна. Одоогоороо бол авилгал л өгч байгаа юмуу даа. Маргааш нь хуралдаад эрх олголоо. Манай гурав хуучин олимпод орж байсан амжилтуудаа эвдсэн дээ. Яахав орон нутагт байсан багш нараас олимпод дуудагдаж багшаар орсон хүн үгүй юм билээ.
Бүр Завханыхан “Дээрээ их татаатай хүн юм болов уу...” гэж яригдсан гэдэг(инээв).
1978 онд Биеийн тамир спортын газар чинь эвлэлийн төв хорооны алдарт тогтоол гараад авахуулчихаад байсан үе юм билээ. Миний нөгөө анх тодруулдаг шавь Долгорсүрэн залуучуудын шигшээгийн дасгалжуулагч, миний багш Л.Цэнд насанд хүрэгчдийн шигшээгийн дасгалжуулагч байсан үе юм.
Бүгд л явцгаах хүсэл байсан боловч Дамдин дарга “Орон нутагт тэшүүрээр хичээллэж байгаа, намын гишүүн, одоо өөрөө дасгалжуулж байгаа хүн байна уу” гэсэн юм гэнэлээ. Тэгсэн багш шавь хоёр маань миний нэрийг хэлээд би дуудагдсан түүхтэй юм билээ.
-Хэзээнээс нь воллейболын шавь нар бэлдэв?
-Завхан аймгийн Нэгдүгээр арван жилийн сургууль тамирын гурван багштай. Нэг нь сагс, нөгөө нь хөнгөн атлетик, намайг воллейболын багш болгочихлоо. Манай аймаг өмнө нь гарбөмбөгөөр улсын аваргаас медаль авах байтугай бүсээс ч гарч байсан түүхгүй. Ховд алдартай воллейболчидтой, Казакууд сайн тоглоно, Увсынхан дажгүй. Тэгэхээр манай аймаг бүсээс гардаггүй байсан байна. Миний дасгалжуулсан баг аймгийнхаа аваргаар 16 удаа шалгарч, бүсээс найман удаа улсын аваргад шалгарч оролцсон. 1990 онд воллейболын өсвөр үеийн улсын аварга Дарханд болоход хүрэл авч байсан. Тэр жилээ Эвлэлийн төв хорооны цом гэж том тэмцээнд мөнгө авсөн.
1991 онд Эвлэлийн төв хорооны цомдоо түрүүлж алтан медаль хүртсэн юм. 1992 онд улсын аваргаас мөнгө авсан. Тэр цагаас хойш дахиж манай аймаг медаль аваагүй юм. Одоо Завханд воллейбол хөгжсөн түүхийн талаар нэг ийм ном эвлүүлчихээд сууж байна. (номныхоо эхийг үзүүлэв). Воллейболын спортын 35 мастер миний гар дээрээс гарсан байдаг юм. 1990 оноос воллейбол, тэшүүр хоёроо хаяад сурлуу орлоо.
-За бүр сонирхолтой болоод явчихлаа?
-1986 онд Завхан аймгийн спорт хорооны дарга боллоо. Манай аймагт сур гэж мэддэг ч үгүй байлаа. Хоёр төрлийн наадам л хийдэг байсан юм. Ажлаа аваад удаагүй байтал манай нэг ажилчин орж ирээд “Манай аргазүйч Долгормаа төрөөд сар болчихлоо. Бүгд очих гэж байна та очих уу гэж байна. Очлоо. Тэгсэн сур харвадаг хүн болж таарлаа. Буриад хүн юм. Сурын ямар цолтой хүн билээ гэсэн.
Спартакиадад хоёр түрүүлчихсэн. Мастер болж чадаагүй байгаа гэж байна. Зааж зөвлөөд сурыг хөгжүүлэх боломж бий юу гэтэл. Манай удмын Ц.Гэнин гэж улсын наадамд хоёр түрүүлсэн сайн харваач хүн бий гэж байна. Та ахыгаа урьж авчир, тэгээд та тууштай хичээллээд мастер болооч гэж ярьдаг юм байна. Гэтэл манай ах ч бас ирэх юм болов уу даа, хүний зөнгөөр байдаг хүн биш шүү дээ гэж байна. Өвөл нь Улаанбаатарт дарга нарын нэг цугларалт боллоо.
Тэнд Ц.Гэнин гуайг сураглатал Спортын ордны зүүн талын сурын хэрэглэл хийдэг слкладанд байгаа гэж байна. Танилцлаа. Орон нутагтаа сур хөгжүүлэх саналтай байгаагаа хэлж үзлээ. Чи өөрөө харвадаг хүн үү гэж асууж байна.
Харвах байтугай нум барьж үзээгүй гэтэл “Тэгвэл хүнд ямар юмаа хэлдэг юм. Эхлээд өөрөө сур. Хүнд хэлэх юмтай болж байж хөгжүүлэх гэж оролдсон нь дээр байх” гэж байна. Үнэн ч үгтэй, яхирдуу ч өвгөн юм. Хавар урь унахаар зардал мөнгийг нь шийдээд аймагтаа урихаар тохиров. Хавар ирж долоо хоног П.Долгормааг дасгалжуулж байгаад авч явж мастер болгосон юм даа. П.Долгормаагийн охин нь одоо энэ улсын даян мэргэн Д.Эрдэнэтуяа шүү дээ.
-Ш.Даваахүү гэдэг домог бас удалгүй танай аймгаас тодорсон?
-1990 оны зургаан сард Ц.Гэнин гуайг дахиж урилаа. Улсын аваргад хэдэн хүн явуулах гээд. Тосонцэнгэлийн Шагжсүрэн гуайн нэг хүү гайгүй харваад байгаа. Намайг харваач болгож өг гэж гуйгаад байгаа юм. Сая аймгийн аваргад 19 онож түрүүлсэн, та нэг үзээд хэлж зөвлөөд өгөөч гэлээ.
Тэр үед Говь-Алтай руу Тосонцэнгэлээс Улиастайгаар дайраад модны машин байнга хөвөрнө. Утасдаад хэлтэл маргааш өглөө нь Ш.Даваахүү хүрээд ирлээ. Хоёр сум тавиад хоёр онотол. Ц.Гэнин гуай “За за болно” гэдэг юм байна. Юм хэлэх байх гэж бодсон. Сүртэй ч заавал зөвлөгөө өгсөнгүй. Өдрийн хоолонд орохоор хамгийн ард Ц.Гэнин гуай бид хоёр алхаж явлаа.
Энэ хүүг улсын аваргад явуулчихвал яах бол гэтэл “Явуул, явуул. Юм дуулгана шүү наадах чинь...” гэж байна. Нягтлан дээр ороод Тосон-Улиастай-Улаанбаатар чиглэлийн онгоцны билет олгуулаад, байр, хоолны зардлыг нь шийдээд явуулчихлаа. Өөр ч хүн явуулсангүй. Телевиз байх биш. Шугамын радио л жаал сонсоно. Ярьж байна шүү. 1990 оны үндэсний сурын улсын аваргад Завхан аймгийн спорт хорооны харваач Ш.Даваахүү 34 онож түрүүлж спортын мастерийн болзол хангалаа гээд. За нэг зөв хүнээ явуулж дээ гэж бодлоо. Орой нь Ц.Гэнин гуай утсаар залгаж байна. “За Санжаа нөгөө хүүхдийнхээ сургийг сонссон уу. Юм болголоо шүү дээ.
Аймагтаа харвах юмуу. Энд наадамд оролцох уу” гэж байна. Энд сур харвадаг хүн гэж бараг байхгүй. Долоо хоноод улсын наадам болно.
Зардал юм нь хангалттай байгаа улсын наадамд харвуулчих гэтэл. За чи чинь гар бариад бугуй барина гэдэг л болж байх шив гээд утсаа тавьж байна. Улсын наадмаар радиогоор сонсож байтал “Долоо хоногийн өмнө улсын аваргад түрүүлсэн Ш.Даваахүү 36 онож улсын мэргэн боллоо” гэж ярьж байдаг. Мөн ч хурдан шүү.
-Нууц товчоонд дахиад түрүүлчихээ биз дээ?
-Улсын наадамд буцаж ирэхээр нь аймгийн төв дээр уриад идээ будаа засаад, аймгийн дарга нарт дуулгаад арваад хүний бэсрэг хүлээн авалт боллоо. Тэгсэн сарын дараа Нууц товчооны 750 жилийн ойн даншиг наадамд Хөдөө аралд болох зар тардаг. Их ч бороотой жил байлаа. Талдаа 1500 км явах болчихоод байдаг. Тээврийн товчооны дарга Баасан гэж хүн байлаа.
Гайгүй сайн ГАЗ 66 өгчих гэлээ. Бинзен тос нь яахав улсын зардлаар явах юм. Хэдэн бөх, шагайчид, сурын хүн аваад долоо хоногийн өмнө л явсан. Шууд дамжуулалт нь их л удаж байх шиг санагдаж байсан.
Сарын өмнө улсын наадамд түрүүлсэн улсын мэргэн Ш.Даваахүү Монголын нууц товчооны даншиг наадамд дахин түрүүлж улсын хошой мэргэн боллоо л гэж байна. Зүүд шиг хурдан шүү. Галиндэвийн Хангай гэж манай Яруугийн хүнийг тэнд аман хүзүүдэхэд улсын мэргэн цол өгсөн түүхтэй юм.
-Дөчөөс дөч онож бас дээд амжилтыг тогтоосон доо?
-1993, 1995, 1999, 2003 онуудад түрүүлсэн. 1995 онд би хөдөөнөөс ирчихсэн зурхайн шүүгчээр ажиллаж байсан юм. Яг миний шүүж байсан зурхай дээр 40 онож түрүүлэн дээд амжилт тогтоож байлаа. Хүмүүс энэ Д.Санжаасүрэн “Шавиа нэмж тоолоод дөч болголоо ” гэж хүртэл ярьдаг л юм билээ.
Бүхний нүдэн дээр болж байгаа үйл явдал шүү дээ. Ш.Даваахүү өөрөө Анагаахын дунд төгссөн, жүдо сайн барилддаг, Тосонгийн циркт акробот хийж байсан гэдэг. Эндээс биеийн хөгжил, тэнцвэрийг их эрт авчихсан хүүхэд байсан. Өөрөө айхтар сийрэг л дээ.
-Өөр ер нь 40 сумнаас 40 оносон түүх бий юу?
-Л.Отгонбаяр Булган аймгийн наадамд 40 оносон гэж ярьдаг юм. Яг нүдээр үзээгүй. Отго харваанд харин 40 онож байхыг нь харсан. Х.Оюунчимэг мэргэн отго харваанд 40 онож байсан. Ийм л гурван тохиолдол бий.
-Сурын шавийн тоо хэд хүрсэн бэ?
-Яг надтай багш шавь, хамаатай, нэг багт харваж байсан хүмүүсээс 16 орчим улсын наадмын түрүү авсан байдаг юм. Ш.Даваахүү тав, Д.Эрдэнэтуяа хоёр, Д.Норжмаа хоёр, П.Бутваань, А.Хонгор бид нар нэг багт харваж байсан. Б.Ёндон хоёр түрүүлсэн. Хишигтийн Даваажаргалд ч бас зааж зөвлөж л байлаа. Мэргэн болоогүй ч айрагдсан харваач бол олон бий. 38 мастер бий.
-Д.Норжмаа мэргэн бас таны шавь хэрэг үү?
-Шонхор сургуульд ирээд удаагүй л байсан юм. Сургуулийн гадаа сууж байтал туранхай бор хүүхэн ирээд хажууд суулаа. Ярьж хөөрч суутал Д.Бумбаяр зааны дүү болж таарлаа. Юу оролдож ямар спортоор хичээллэдэг хүн бэ гэтэл “Сүрхий хичээллэдэг юм байхгүй ээ. Говь-Алтайн Анагаах төгссөн...” гэж байх юм. Ах нь улсын заан, дүү нь морь сүрхий уядаг гэдгийг ярианаас мэдлээ. Спортын мундаг л удамтай юм даа. Эрийн гурван наадмаас нэг нь л танайд дутуу байгаа юм байна ш дээ. Аав чинь наадмаар эрийн гурван наадам хардаг болчихвол гоё биш үү гэсэн нэг их тоосонгүй. Жил гаруй сур тоогоогүй. Тэгсэн харвахаар шийдтэл нум байхгүй гэж байна.
Д.Бумбаяртай уулзтал “Манай дүү сур харваж сурах нь уу” гэж асууж байна. Өө сурахгүй хүн гэж юу байхав. Дээр нь танайханд спортын нэг юм байна гэж хэллээ. Ганц нум сум аваад өгчих гэлээ. 600-700 мянга л биз, Дулаанханд Баатар гэж хүн бий.
Миний нэрийг хэлээд авчих, улсын цолтой хүн чамайг таних биз гэсэн өнөө Д.Бумбаяр чинь маргааш нь давхиж очоод нум сум аваад өгчихсөн байсан. Эхний жил наадмаар цөөхөн онолоо.
1997 онд мастер болоод, 2007 онд улсын мэргэн болоод 2018 онд даян мэргэн болсон. Даян мэргэний найр дээр хүмүүс “Манай Увс аймгийн эрийн гурван наадмын түрүүг гүйцээж өгсөн Санжаа багшдаа баярлалаа...” гэж хэлж байлаа даа.
-Сураар өөрөө спортын мастер болсон уу?
-1994 онд 33 онож спортын мастер болж байсан.
- Бөхтэй хэрхэн холбогдов?
-Спорт хорооны дарга болчихоод Маамын Лхагваа гуайг улсын аварга болгох гэж их хөөцөлдсөн. Болзол бол хангасан юм шиг л санагддаг. Монголын үндэсний бөхийн холбооноос хариу ирж байсан. Тухайн үеийн болзол хангасан хүмүүсийн амжилтыг ухраах уу гэж.
Нээрээ ч бас боддог бодол шүү. С.Шагж гэж бас мундаг бөх байсныг жаахан судаллаа. Ц.Бат-Очир гуайн номыг үзэж байгаад Завхан аргагүй бөхтэй газар болж таараад байдаг. Намайг спорт хорооны дарга болохоос өмнө Я.Дорж манайд очиж самбо жүдогоор хэсэг багшилсан юм билээ. Зайлуул мөрийтэй тоглодог барьдаг гээд удалгүй буцсан. Түүний бэлдсэн хүүхдүүд нэг жил их сайн барилдаж дөрвөн медаль хүртэж байсан. Тэр үед хуучны луугарууд бас амьд сэрүүн байсан үе.
1976 онд Алдархааны Д.Батбаяр улсын начин цол хүртсэн цагаас хойш намайг дарга болтол нэг ч хүн цол аваагүй юм билээ. 1990 онд Тэрбишийн Нармандах начин болж их баяр хөөр болж билээ.
Б.Цэнгэлсүрэн начин боллоо. Дараа жил нь Ю.Алтансүх, М.Дармаабазар, Ц.Бэгзсүрэн гээд үргэлжилсэн. Тэгээд цол авангуут нутагтаа урьж авчраад өөрийнх нь төрсөн сумд руу унаа тэргийг нь гарган барилдуулж бөх сурталчлах маягийн юм хийж үзэж байлаа. Тэгээд бас гайгүй бөх эргэж сэргэх шиг санагдсан шүү. Ц.Цэрэнпунцаг бол жилдээ ирж нэг нутгаараа тойрдог байсан шүү. Нэг жил Т.Нармандах, Ц.Цэрэнпунцаг, Б.Бат-Эрдэнэ гурав манай спорт хороон дээр хүрээд ирлээ. Аваргын бие тэр жил мундаггүй байсан. Үзүүлж харуулж явсан юм болов уу даа. Ц.Цэрэнпунцагийн том багш нутагт нь байсан.
Нутгаараа тойроод буцаж. Замдаа Ганцын даваан дээр гарахад манай Отгон хайрхан харагддаг юм. Аварга даваан дээр буугаад зодог шуудгаа өмсөөд овоо тойроод залбирч мөргөсөн гэдэг. Цөөхөн ч болтугай бөх барилдуулмаар байна. Б.Бат-Эрдэнэ аварга өөрөө барилдана гэж байна.
Тэр жил Завхан жигтэйхэн их гантай байсан. Бөх гарахын өмнөхөн тэнгэр дуугараад учиргүй бороо ордог юм байна. Завхан нутаг аргагүй хишгээ өглөө гэж хэллээ. Аварга ч барилдаад төдөлгүй л түрүүллээ. Тэгээд тэр жил улсад ч түрүүлсэн дээ.
-Наян бөхийн намтар гэж бөхийн нэлээд судалгаатай сайн ном гаргасан даа?
-1994 онд Ц.Цэрэнпунцаг заан болж Я.Дорлиг гуайгаас хойш 56 жилийн дараа заантай болж байлаа. Ер нь л спорт хорооны дарга байх үеэс мундаг бөхчүүдийг алдаршуулъя гэж бодож төлөвлөх болсон. 1987 оноос 1990 он хүртэл ажлын хажуугаар судалж явсан. 1993 онд Завхан аймгийн 70 жилийн ойгоор гаргаж байсан юм. Нэг хүнтэй уулзахаар нэг юм ярьдаг, номонд орно гэхээр зөрүү ярих тохиолдол ч байна.
Ургамалын уран гараат Г.Баттогтох гуай Түргэний голд уулзаж байлаа. Улсын начин Ж.Жигмэддорж гуай Үйлдвэрчний зөвлөлийн баазад байхад нь нэлээд хөөцөлдөж уулзсан.
Цагаанхайрханы улсын начин А.Жамъяан нийтийн аж ахуйн үйлчилгээний жолооч байсан юм. Гэрт нь очиж мэдээлэл юмнууд тэмдэглэж авсан. Я.Дорлиг гуайнх Цагаанхуаранд байсан.
Морин тэрэгтэй багашаархан хөх өвгөн байлаа. Нэлээд юм яриулж авсан. Тэгж л бүтсэн юм даа. Хянагч Ц.Бавуудорж гэж байгаа биз дээ. Энэ Болор цомын эзэн Ц.Бавуудорж шүү дээ. Тэр үед цэргээс ирчихсэн залуу Завханы хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан юм.
-Завханы бөхийн номыг тийм түүхтэй бичиж. Морины номонд нь бас оролцсон гэдэг бил үү?
-Би спорт хорооны дарга байхдаа Завханы хурдан морьдын талаар материал цуглуулж байгаад хот шилжихдээ Оросоод үлдээсэн юм. Сүүлд миний нэрэмжит тэмцээн Завхан аймагт боллоо. Нутаг орон маань ч сайхан хүлээж авлаа. Тэмцээн ч сайхан болов. Тэр үед Завханд сайн воллейбол тоглож байсан гурван хүнд Монголын воллейболын холбооноос хүндэт тэмдэг аваачиж өгсөн юм. Дөрвөлжин сумын Цэрэн (сая гавьяат агрономич болсон), Тосоцэнгэлийн Мондоон, Алдархааны Оросоо гуравт хүндэт тэмдэг гардуулах боллоо. Гардуулах гэтэл Оросоо байдаггүй.
Яг явах гэж байтал орж ирлээ. Багш сайн явж байна уу гээд ороод ирж байна. Нөгөө тэмдгийг нь өглөө. Оросоо машин дээрээ дуудаж байна. Нөгөө таны үлдээсэн материалыг нэгтгэж баяжуулаад гаргасан нь энэ шүү дээ гээд том ногоон ном дурсгасан. Миний спорт хороонд байхдаа цуглуулж бүртгэж байсан материалыг нэмж баяжуулж хийсэн гэж байсан даа.
-Завханы эрийн гурван наадамтай холбогдож дээ?
-Хоёр номыг нь бэлдэж, сурчдыг нь бэлдэж байсан гэхээр одоо тийм л болох нь дээ
-Бөхийн сургуулиудтай хэрхэн холбогдов?
-1994 онд ажлаа өгчихсөн. Увсын Зүүнхангайд төрсөн болохоор Увсынх ч гэж зарим нь боддог байсан байх. Дарга хийхээс ч бас жаахан халшрах маягтай болчихсон. Тэр үед намайг боловсролын салбарыг мэднэ гэж бодсон юмуу, эсвэл шавь нар улс хотын тэмцээнд сайн оролцож байсныг тооцсон юмуу Гонгорын Лхагвасүрэн багш намайг дуудсан юм. Хүүхдүүд ч сургууль төгсөөд хот бараадсан. Бөхийн дээд сургуульд Воллейболын багш байсан юм. 1996 оноос Г.Лхагвасүрэн багш, Х.Баянмөнх хоёр сургуулиа хувааж салсан юм.
Нэг нь Шонхор, нөгөө нь Үндэсний биеийн тамирын дээд сургууль гээд. Г.Лхагвасүрэн багш дуудаад “Бид сургуулиа хувааж байгаа. Оюутнуудаа ч бас. Чамайг хаашаа явахыг бид шийдээгүй байна. Аварга та эхлээд сонго” гэдэг юм байна.
Х.Баянмөнх тэгтэл “Би багш нар авахгүй ээ ганцхан Д.Санжаасүрэнг л авъя” гэдэг байгаа. Ингээд л Шонхор луу авчихсан хэрэг. Шонхор сургуульд 2012 он хүртэл орлогч захирлаар Шонхор сургуулийн төмөр хашаанаас Боловсролын яам хүртэлх бүх л ажлыг амжуулж байлаа даа.
-Шавь нар сураар, тэшүүрээр, воллейболоор шавь нар улсын том тэмцээнээс медаль хүртжээ. Эчнээ ч шавь нар байна. Үүнээс бага амжилтаар ч цол зэрэг авсан хүмүүс байдаг даа...
-Шонхорт байх үед гавьяат багшид тодорхойлолт аваад Биеийн тамир спортын газар, холбогдох яамаар ерөнхийдөө яваад байсан. Сүүлдээ миний нэрээр өөр хүн гавьяат авсан болж таарсан. Би ч нэг их хэл ам болоогүй. Яагаад хөөцөлдсөнгүй вэ гэж шавь нар асууж л байдаг юм. Ер нь ч тэгээд авах ёстой юм өөрөө л хүрээд ирнэ. Авахгүй юм бол яагаад ч хэрэггүй гэж боддог юм.