Домог, хууч яриа

Очирхуягийн хээр морь

Энэ морь бага дөрвөн насандаа Тосонцэнгэлд түрүүлж, нийлээд 1981-1985 онуудад завсаргүй таван жил дараалжээ.  Бага дөрөв болон хавчигтаа түрүүлээд Даржаагийн Дэмбэрэлдодовт зарагдсан. Энэ хээр морины төрсөн ах сайн улаан морь байсан. Хавчиг жил нь улаан морьтойгоо холбоотой орж бараг ах нь дийлжээ. Эзэн уяач хээрийгээ түрүүнд улааныгаа аман хүзүүнд барьсан. Их-Уулын нэгдлийн 30 жилийн ойд хээр морь аравт, улаан морь нь гуравт орсон. Айргаас бараг анх мултарсан нь энэ бололтой. Тосонгийн модны үйлдвэрийн 30 жилийн ойд нэг удаа дөрөвт орсон. Бусад наадамдаа дан түрүүлсэн. Ид хурдэн сайн байхад нь буюу 1986 оны намар хулгайд алдсан. Эдний 27 тооны адуу Төв аймгийн Баянцогт руу гарсан нь сүүлд тодорхой болсон юм. Унагатай гүү Тэлмэний Хүрэн шугуйд богшоож орхиод, Алдархааны Борхын шугуйгаас дөрвөн тооны адуу олсон.

1988 оны наадмын өмнө хурдан хээр унаган нутагтаа гүйж ирэхдээ анх уягдаж байсан Чулуутын гарам дээр иржээ. Адгуус гэгч ийм л ухаантай ажээ. Хурдан сайн морь гүйж ирсэн хэмээн дуулиантай үйл явдал болж нутгийн удирдлага очиж үзэж Чүлтэмийн Батжаргалд хэл дуулгажээ. Гүйж ирсэн жил нь наадам тулгуу Ч.Батжаргал уяж уралдаанч хүүхэд олдохгүй цэрэгт явах гэж байгаа Пүрэвцэрэнгээр наадамд унаж уралдуулан наймд хурдалсан байна. Үүнээс хойш Туваанжавын халзан гээч гоц хурдан морь тодорсон. Энэ хоёр аварга морь хамт уралдах боломж гараагүй гэдэг билээ.