Улсад уралдаанчаар айрагдуулаад хожим өөрөө айрагдуулсан уяачид
Улсын наадамд морь айрагдуулна хэмээгч ховор сайхан хувь зохиол. Бас морь унаж айрагдана гэдэг ч бас л нэг сайхан хувь. Ийм хоёр сайхан учралыг энэхэн насандаа зэрэг хүртсэн хүмүүс бас арав гаруй байдаг юм байна шүү. Өөрийн уншиж, дуулсан мэдсэн хүрээнд энэхүү бичвэрээ орууллаа. Өөр тохиолдол байх аваас уншигч та бид бүхэнд мэдээлээрэй.
1. Дамдингийн Цэндбаатар. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат манлай уяач Лханаажавын Дамдингийн хүү. Энэ хүн 1967 оны төрийн наадамд буурал их нас, хүрэн азаргаа унаж түрүүлж байсан сайн унаач юм. Харин энэ хүний хонгор халзан азарга 1981 оны түүхт ойд тавд хурдалж, хойтон жил нь хар шүдлэн нь аман хүзүүдсэн түүх бий.
2. Жамъяандоржийн Монхор. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн алдарт, мянгат малчин. 1961 онд төрийн наадамд цуут мөнх төрийн мөнгөн магнай азаргыг унаж түрүүлсэн. Ж.Монхорын хээр их нас наяад оны дундуур төрийн наадамд хоёр айрагдсан бол хонгор халзан үрээ бас айрагдсан. 2000, 2001 онд хурдан зээрд үрээ нь амгалан төрийн ажнай шаргын ард ирж хоёр айрагдсан.
3. Чойдогийн Батбадрах. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат манлай уяач Лувсанцэрэнгийн Чойдогийн хүү. Жар, далаад оны цуутай түмэн эх Л.Чойдогийн хар алаг морийг унаж улсын баяр наадамд айрагдаж түрүүлсэн. Нэгэн үе морь тайлбарлаж явсан энэ эрхэмийн ухаа халзан их нас 2011 оны ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойд айрагдсаныг бид бүхэн мэдэх билээ.
4. Даваахүүгийн Баянбат. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат тод манлай уяач Даваахүүгийн хүү. Улсын алдарт уяач. 1980 аад оны дунд үед тойруулгын морьд ид сайн байх үед аавынхаа морьдыг унаж төрийн наадамд түрүүлж айрагдаж байсан. Д.Баянбат алдарт уралдаанч байхдаа улсын наадамд түрүүлж үзээгүй юм гэнэлээ. Харин хорин жилийн хойной төрийн наадамд өөрөө азарга түрүүлгэх хувьтай байжээ.
5. Сундуйн Энхээхүү. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат манлай уяач Дорнойн Сундуйн хүү. 1975 онд төрийн наадамд аавынхаа хурдан хүрэн азаргыг унаж Айдас дээгүүр торойн гарч ирж түмний цэнгэлийн манлай болсон. 1996 оны улсын наадамд С.Энхээхүүгийн цавьдар даага тавд хурдалсан. Энэ даага өөрийнх нь унаж улсад түрүүлсэн хүрэн азарганы удам юм.
6. Ононгийн Батбилэг. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн хүү. Өдгөө Тод манлай уяач цолтой. 1989 онд Сэргэлэн сумын адуучин Дамбадаржаагийн Ононгийн зээрд халзан их нас төрийн наадамд айрагдаж их наадмын анхны айргаа ууж байв. Энэ айргийг том хүү Батбилэг нь авчирч байлаа. О.Батбилэгийн Янзага зээрдээс эхлээд олон түмэн эх төрийн наадамд сайн уралдаж байгааг бид бүхэн мэдэх билээ.
7. Ононгийн Батболд. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн хүү. Онон манлайн анхны айргийг том хүү нь авч өгсөн бол анхны азарганы айргийг бага хүү Батболд авч өгөв. 1994 онд 15 настай хөгшин саарал азаргыг өнөө жилийн их хурдын түрүү азарганы эзэн Ононгийн Батболд унаж улсад айрагдаж байжээ.
8. Одын Баяраа. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат манлай уяач Навааны Одын хүү. 1964 оны улсын баяр наадамд аавынхаа хүрэн их насыг унаж түрүүлсэн. Энэ шавилхан уяач 1981 онд хонгор соёолон, 1991 онд саарал соёолон айрагдуулж байсан түмний эхийн түүхэн цуваанд тодоос тод бичигдэн үлджээ.
9. Үржинбадамын Атарсайхан. Улаанбаатар хотын Гачуурт хорооны уяач. Өвөг эцэг Ядмаагийн халиун үрээг унаж зургаалсан ч 1988 онд Гачууртын Мягмардоржийн бор хээр даагыг унаж улсын баярт аман хүзүүджээ. 2012 оны улсын баяр наадамд Асгатын Дуламрагчаагийн унаган хул их нас нь айрагдаж энэ жагсаалтад оров.
10. Энхтайваны Золбаяр. 1987 онд улсад аман хүзүүдсэн дааган Ганаагийн цавьдар халзан даагыг Э.Золбаяр унаж хурдлуулсан түүхтэй. Харин 2001 оны ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойд цавьдар шүдлэн нь тавд хурдалсан юм. Энэ цавьдар тод манлай Д.Онон дааган Ганаад өгсөн буурал азарганы үр
11. Алтангэрэлийн Гэрэлт-Од. Гачууртын энэ уяач эрхэт төрийн идэр жигүүр Дармаагийн Болдбаатарын халтар үрээг унаж дааганд нь улсад айрагдуулсан бол 1992 онд хүрэн халзан шүдлэн нь гуравт хурдлав.
12. Сүрэнхорын Оосордагва. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат манлай уяач Хөхийн Сүрэнхорын хүү. 1991 оны ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойн баяр наадамд хурдан хээр азаргаа унаж түрүүлж байсан. Яг арван жилийн дараа буюу 2001 оны төрийн наадамд ногоон азаргаа зургаад хурдлуулсан ч хэдхэн хоногийн ард Их хурд уралдаанд айрагдуулж морины түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэв.
13. Лхамсүрэнгийн Очирбат. 1962 оны төрийн наадамд Гүргэмжавын бор их насыг унаж түрүүлсэн. Энэ уяачийн саарал даага 1977 онд төрийн наадамд түрүүлсэн юм.
14. Лхагвасүрэнгийн Занданбат. Сэлэнгийн Баянгол сумын улсын сайн малчин Батын Лхагвасүрэнгийн хүү. 1994 оны улсын баяр наадамд улсын алдарт уяач Дамбын Болдын унаган хурандаа хээр азаргаа унаж айрагдуулсан. Харин 2006 онд хээр халзан морио уяж улсын наадамд айрагдуулжээ. Энэ хүлэг төрсөн ах Өлзийсайханы нэрээр цуваанд бичигдэж үлдсэн юм.
15. Ганбатын Даваадалай. Монгол улсын залуухан энэ алдарт Л.Цандэлэгийн хүрэн үрээг унаж улсын баярт айрагдсан. Улсын бүсийн уралдаанд нэг дор азарга их морь ч түрүүлгэж байсан. Харин энэ цагт Б.Отгонсэлэнгийн саарал морийг хоёр жил дараалан төрийн наадамд түрүүлгээд байгааг бид мэднэ.
16. Монгол улсын алдарт уяач Т.Тогтохжаргал 2004 оны Их хурд уралдаанд азарга их нас унаж түрүүлэн гайхалтай амжилт гаргасан. Улсын баяр наадамд Гөлөгсайханы хээр даагыг 2023 онд уяж айрагдуулсан билээ.
17. Төв аймгийн Бүрэн сумын харьяат Дашпүрэвийн Ариунбаяр 2001 оны улсын баяр наадамд Г.Батхүүгийн хонгор морь, хул даагыг унаж айрагдсан. 2018 оны улсын баяр наадамд хонгор халзан шүдлэн нь тавд хурдалсан.
Харин манлай уяач Түвдэнгийн Батцоож 1991 онд хурдан хар азаргаа унаж зургаад хурдлан арай айрагдаж чадаагүй юм гэдэг.