Домог, хууч яриа

Шувуухай хүрэн

Монгол улсын тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа хүрэн адууны үүдтэй, богинохон хугацаанд одтой ч наадсан уяачтай. Удам нь ер нь хүрэн адууны сахиустай айл гэж ярьсан байдаг. Үнэн ч байх. Их насны сайхан хүрэн морь улсын наадамд айрагдаад бүсэд ч айрагдуулсан, шувуухай хүрэн гэж жигүүртэн байлаа. Сонгомолын сайн хүрэн азарга ч байв.

Шувуухай хүрэн

Дайдийхүүгийн Баяраа тод манлайн улсын наадмын анхны айргийг тэртээ 2011 онд авч өгсөн хүлэг. Дараа жил нь улсад дахин айрагдсан. Тамирын хурдад түрүүлсэн. Улс бүсийн уралдааны хоёр түрүү хоёр айргийг эзэндээ уулгав. Тэгэхдээ бүр дээд насны түрүүг ч авч өгөв. Бие жижиг ч бэлэн давхилтай, тод манлай уяач Д.Одгэрэлийн сүүт гүүний унага. Даага гурван жижиг наадамд түрүүлээд улсын баяр наадамд тавьтай даагануудтай уралдаж есөд орсон. Бие бага ч бэлчээр томтой хүлэг дээ. Ёстой л нэрэндээ таарсан дөрвөн хөлтний биш жигүүртний төрлийн хүлэг байж мэднэ. Учир юунд гэвэл 2012 оны Есөнзүйлийн даншигт Цэлхээгийн Бямбасүрэнгийн алдарт хүрэн азаргыг хязаалан үрээ очиж уралдаад дийлж түрүүлсэн. Бямбасүрэнгийн хүрэн тухайн үед улсад дараалан айрагдаж, Дундговьд болсон улсын бүсэд хүүхэдгүй түрүүлээд энд очсон юм. Улс их хурдын айрагтай Сугарын хул ч ард нь байсан.