Дотоод мэдээ

Хэнмэдэхийн хар морь

Монгол улсын Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн алдарт хар морь. 

1995 онд болсон Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ой төвийн бүсийн даншиг наадмын хязаалангий аман хүзүү

1996 он буюу АХ-ын 75 жилийн ойн их баяр наадмын түрүү

2002 он буюу АХ-ын 81 жилийн Үндэсний их баяр наадамд айргийн дөрөв

2003 оны “Говь шанхын хурд – II” бүсийн наадмын айргийн гурав

2008 оны ”Алтан-Овоо” бүсийн наадмын аман хүзүү

1996 оны төрийн их баяр наадмын соёолонгийн уралдаанд магнайдаа тоосгүй хурдалсан бөгөөд хар морь Ц.Хэнмэдэхийн хязааландаа Баянцагааны наадамд түрүүлж азарга болсон хойноо улсын наадамд нэг аман хүзүүлж хоёр айрагдсан өвгөн цавьдар азарганы төлийн төл. Эх нь төрийн их баяр наадамд нэг түрүүлж зургаа айрагдсан О.Маарын хээр азарганы төрсөн эгч гүү байжээ. 2002 онд Ардын хувьсгалын 81 жилийн ой Үндэсний их баяр наадамд айргийн дөрөвт хурдалж, 2003 онд "Говь шанхын хурд - II" говийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж, 2008 онд Алтан овооны төрийн тахилгийн зүүн бүсийн уралдаанд 17 настайдаа аман хүзүүдэж байсан аварга хүлэг билээ. 20 настайдаа шигшмэл морьдын ИХ ХУРД -5 уралдаанд тухайн цагийн цуут хурдан хүлгүүдтэй хурд хувааж 17-д хурдалсан нь гайхалтай. Ер нь Маарын хээр, түүний дээд удам З.Даваанэрэнгийн халзан аль аль нь олон жил өндөр амжилттай хурдалсан. Энэ генийг ч хар морь гарцаагүй өвлөсөн адуу юм.

....Хэзээ яаж түрүүлэхийг нь

Хэн ч мэдэхгүй

Хэнмэдэх л мэдэх

Дөрөөн дээрээ босоо баяны

Дөчин мянган малын нэгэн

Дөчин хомтой тэмээ сөглөлөө ч

Хазаарын солионд явахгүй адуу

Цэцээ гүний сэтэрт

Их азарганы наран тал

Цэнхэр далай цалгиваас

Хясаа цуулах хар салхи

Ц.Чимэддоржийн шүлгээс