Дотоод мэдээ

Дарви хээрийн домог 

 Өөлдийн Шар баатар гэгч халх нутгаа халдаж ирсэн дайснаас хамгаалахаар монгол орныхоо баруун хойноос зүүн өмнийг хүртэл тулалдаж эх нутгаасаа эзэрхэг дайсныг хөөн тулалдсан юм гэнэ. Тэр баатар атаатныг дарахад ялалттай ирдэг, авд унахад ганзагатай явдаг, жолоо юугий нь татахад жороолонхон бөмбөлздөг, цулбуур юугий нь татахад цулгуйхан хатирдаг давирсхийгээд хөдлөхөд давхийгээд цойлдог Дарви хээр нэртэй даамай сайхан ажнай хүлэгтэй юмсанжээ.

Гэтэл манжийн хааны Хар баатар гэгч харагдаж үзэгдсэн бүхнээ хурмын төдийд хиаруулж устгадаг далдын ид шидтэй, тун ч олон цэрэгтэйгээ довтлон ирэхэд нь Дарви хээр нэртэй даамай хурдан хүлэг морио эмээллэн унасан Өөлдийн шар баатар одтой шөнө ч тулалдана, нартай өдөрч дайтна хэмээн домогт Хүйсийн говийн захад дайчин нөхдийнхөө хамт амдан тосож байлджээ. Тэрсэлдэгч хоёр баатар эр чадал, эрхий мэргэнээ сорилцон, эрэгчин эмэгчнээ үзэн эрслэн тулалдахад холын хоёр уул нийлэн, хонхор газар овойж, тэнгэр огторгуй нэг харанхуйлж нэг онгойж, ус нэг үерлэн нэг татарч, үй олон түмэн үймэн шуугиж байсан гэнэ. Өөлдийн Шар баатар дарвидаг хээр морьтойгоо сайн өртөө газар сайварлуулан хулжиж очоод мэхийдэггүй мэргэн нумаа мэхийлгэн татаж, мэнчийдэггүй эрхий хуруугаа мэнчийтэл хантайрч манжийн Хар баатрын өр зүрхэнд нь онилон харваж, ор сураггүй болтол нь намнахад нар нэг мандаж, навч цэцэг нэг дэлгэрч, сар нэг гарч, сайхан бүхэн цогцолж гэнээ.

Ингээд Өөлдийн Шар баатар үлдсэн дайсныг дарахаар урд зүгийг чиглэх болсонд унасан морь нь сульдсан учир (ахин нэгийг юүлэхдээ арвай хээрийг барьж эх нутгаа чөлөөлөхөд эрхэм түүхийг бүтээж явсан хань болсон хайрт хүлэгтээ зориулан овоо босгож үлдээгээд тэр газраа Дэл цахир гэж нэрлэсэн гэнэ. Учир нь Дарви хээр нь цахир дэлтэй морь байжээ. Уул овоог босгоход баатрын тушаалаар цэрэг бүр нэг чулуу тавьж босгосон гэх тул тэр баатрын хичнээн цэрэгтэй явсныг мэдье гэвэл Дарвийн нурууны "Алаг нянгар" гэдэг уулан дээрх овооны чулууг тоолбол мэдэх юм гэлцдэг. Сульдаж хоцорсон Дарви хээр тэнхэрч хожим нь овоо тахилгын наадамд олон удаа түрүүлж ихэд алдаршжээ. Уг морины нэрээр түүний идээшиж тэнхэрсэн их нурууг Дарвийн нуруу гэж нэрлэх болсон байна.

Өөлдийн баатар монгол нутгаа гурван сайхан хээр мориор туулахдаа морьдынхоо сульдаж хоцорсон газар нутгийг нэрээр нь нэрлэн үлдээдэг байснаас Дарви хээр, Арвайхээр, Сулин хээр гэдэг гурван морины хоцорсон газар одоо ч түүгээрээ нэрлэгдсээр байдаг гэсэн нутгийн ардын домог бий.