Уул хангайн Буган хүрэн
Тод манлай уяач Д.Чулуунбатын Уул хангайн Буган хүрэн азарга 25 уралдаж улс, бүсийн уралдааны дөрвөн аман хүзүү, таван айраг, аймаг аймгийн бүсийн 12 түрүү, нэг аман хүзүү, улсын баяр наадам болон бүсэд гурван удаа найм, есөөр хурдалсан алтан туурт билээ. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Дамба гэдэг хүний Хэнтийгээс авсан хээлтэй гүүнээс буган хүрэний эцэг хээр азарга гарсан. Даагандаа Сэлэнгэ Дарханы ойд айрагдаж, шүдлэндээ Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумдад түрүүлээд байхад нь Д.Чулуунбат авсан. Хязаалан дээрх хоёр том наадамд түрүүлээд Архангайн ойд аман хүзүүдэхэд нь нутгийнхан уламжлалын дагуу төрийн цол олгохдоо “Уул хангайн буган хүрэн” хэмээх эрхэм сайхан цолыг өгчээ. Энэ нэрээрээ том наадамд дөрөв аман хүзүүдэж эзэндээ тод манлай уяачийн эрхэм алдрыг авчирсан. 2004 оны хавар Буган хүрэн соёолон гойд хурдан байв. Тухайн үед Дүнжингаравын хурд зөвхөн азарга их нас уралддаг соёолон нас ангилалд ороогүй байлаа. Д.Чулуунбат сар шинийн битүүнд болсон бооцоот уралдаанд буган хүрэнгээ уралдуулав. Түмэн эх гоё халиун түрүүлж, буган хүрэн аман хүзүүдэв. Шинийн найманд машины байтай гурван насны морьдын уралдаан боллоо. Өлзийт хороололд Л.Цандэлэг манлайн хашаанд бууж уралдаж байсан бөгөөд. Азарга их насны түрүүг Л.Цандэлэг авч, соёолонг Д.Чулуунбатын буган түрүүлэв. Энэ хоёр манлай Цагаанхайрханы уугуул хүмүүс билээ. Дараа нь Төв аймагт түрүүлж, Булганы хаврын уралдаанд мөн хол түрүүлж, зун нь улсын наадамд наймд хурдалсан. Хойтон жил нь хавчиг азарга хавар дөрөв сайн түрүүлээд, улсад есөөр орсон. Ер нь хаврын уралдаан арай олдоод байна хэмээн бодож 2006 онд хавар ганцхан уралдаж Орхондоо түрүүлжээ. Тэр жилийн зун харин гурван том наадамд айрагдаж онцгой сайхан уралдав. Тамир, Эрдэнэтийн ой, Хөдөө аралд цоллуулсан. Түүний хойтон Орхон аймагтаа түрүүлж, Дүжингаравт аман хүзүүдсэн. Түүний хойтон Булган аймгийн ойд айрагдаж, Очирвааньд дахин айрагдсан. Энэ хурдан хүлэг Архангай, Орхон, Хэнтий, Төв, Булган, Завхан гээд зургаан аймгийн нутаг дэвсгэр дээр уралдаж улсын бүсийн уралдааны айраг авсан гайхамшигт амжилтыг гаргасан юм.