Дотоод мэдээ

Их хурдын айраг Ганбаатарын улаан

Анхны Их хурд уралдаанд айрагдсан Хоохдойн Ганбаатарын Их улаан бол баруун монгол даяар нэрд гарсан хурдан морь юм. Х.Ганбаатарын нөгөө улаан морь нь 1995 оны Сар хайрханы даншиг их наадамд айрагдсан. 

Ганбаатар, Сүхбаатар, Хатуубаатар нар төрсөн ах дүү улс юм. 1988 онд том хүү нь гурван нас хүрч даахиа үргээлгэхэд ах Хатуубаатар нь сумандаа түрүүлсэн улаан даагаа зүсэлж өгчээ. Тэрхүү улаан дааганы эцэг нь Сан адууны ижилтэй, Ханхөхийн угшилтай адуу бол эх нь Тэс удмын адуу.

Их хурдын ирээдүйн түмэн эх улаан морийг шүдлэнд нь Баруунтуруун, Өндөрхангайн нэгдлийн ойд тус тус түрүүлгэв. Хязаалан үрээ Баруунтуруун, Хяргас сумдын наадамд түрүүлээд, 1991 онд соёолон морь сумынхаа наадамд түрүүлж, аймгийн 60 жилийн ойд мөн л магнайдаа тоосгүй өнгөлөв.

Аравтай морь Зүүнговийн наадамд айрагдаад, Баруунтурууны сургуулийн ойд түрүүлж, 1998 онд анхны Их хурд уралдаанд алс нутгаас зорьж ирээд айргийн дөрөвт оржээ. Хөлөөр нь хөтөлж ирээд ийм гайхамшигт амжилт гаргасан. 

10-тайдаа морь Зүүнговь сумын наадамд гуравлаад, Баруунтурууны сургуулийн ойд түрүүлж, дараа жил нь /1998 онд/ 11 настай морь шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд очиж айргийн дөрвөөр хурдалжээ.