Дотоод мэдээ

Бөгөн хүрэн

БӨГӨН ХҮРЭН

(Уяачийн ном) номноос

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нэрийн хуудас болсон Шаравжамцын “Бөгөн хүрэн” гээч азарганы тухай цөөнгүй сонсогддог байлаа. Бөгөний үр төл олон хурдан хүрэн адуу гарсан гэж сонсож байлаа. Энэ удаа Монгол услын алдарт уяач Шаравжамцын хүү Сампилноровтой уулзлаа.

Манайх ер нь хүрэн азаргатай байсан юм гэснээр түүний яриа эхлэв.

Миний өвөө аав Осоржав Төв аймгийн Нялга, Баянжаргалангаар хамаатан садан олонтой хүн байлаа. Тэр шугамаараа Хэнтий аймгийн Галшар чигийн хүрэн азаргатай байсан.

Мичин жилийн зуд гэж айхавтар юм болжээ. Тэр хатуу жилийн дараа Төв аймгийн Баянцагаан сумын Галт, Данзанням нар “Танай адуунаас үлдсэн үрээ” гэж нэг хүрэн үрээ авчирч өгчээ. Тэднийхэн манайхантай садан сүлбээний хүмүүс юм.

Түүгээрээ азарга тавьж дахиад адуужсан болов уу. Аав олон жил адуу хариулсан адуучин хүн байсан. Өртөө адуу хариулахаас эхлэн адуунд явж байжээ. Тэр үед адуучид оторт явахад айлууд адуугаа өгч явуулаад хөлсөнд нь гүү, байдас өгдөг байлаа. Тэгж адуужаад хүрэн үрээгээрээ азарга тавьжээ. Түүний төл юм болов уу, “Их хүрэн” гэж хурдан азарга байлаа.

Тэр азарга даагандаа Дундговь аймагт баян ходоодонд давхиад Төв аймгийн наадамд түрүүлсэн байдаг. Их хүрэн азарга уртавтар азарга байсан санагдана. Түүний үр их зээрд, бөгөн хүрэн азарганууд гарлаа. Их зээрд азарга дээгүүр толгойтой, дэл сүүл шингэвтэр, их том биерхүү, бүх л бие нь их хүчирхэг азарга байв. Адуунд тавьсаар амархан тарга хүч авч их таргалдаг тул эрт барьж уяна. Зээрд азаргыг Дундговь аймгийн Баянжаргалан сумын гуншаа Сандаг гэж баян хүн Улаан ЯВА /мотоцикл/-ын үнээр авъя гэж байсан юм.

Зээрд азаргыг нас нийлээд ид хурдалж байхад Бөгөн хүрэн хязаалан үрээ байсан юм. Бөгөн нас нийлээд их зээрдээ дийлдэггүй байлаа. Их зээрд очоогүй наадамд бөгөн түрүүлнэ. Манай хүргэн ах Сосорын хүрэн гэж зээрд азарганы дүү хар хүрэн азарга байлаа. Сосорын хүрэн их зээрд, Бөгөн хүрний дараа олон удаа ирж байсан юм.

Сосор сайн адуутай байсан. Төв аймгийн Баянжаргалан сумын Даваанэрэнгийн алдарт хүрэн халзан азаргатай уралдана гэж хоёр азарга хөтлөөд зорьж очиж уралдаж байсан үе бий. Тэр үед Их зээрд залуухан дөнгөж нас нийлж байсан болов уу. Халзан азарга харималдуу, Бөгөн хүрэн хязаалан үрээ байсан. Сосор ах надад нэг гүү бэлгэнд өгсөн юм. Тэр гүүнээс бөгөн хүрэн гарсан юм даа. Том зээрд азарга аймаг, сумдын наадамд олон түрүүлсэн. Бөгөн хүрэн арай цөөн аймгийн наадамд хоёр түрүүлж, хэдэн удаа айрагдсан. Суманд зээрдээсээ арай цөөн түрүүлсэн юм. 1970 онд би цэрэгт шинэ цэргийн лагерьт гараад байлаа.

Аав Улсын наадамд их зээрд, бөгөн хүрэн азаргануудаа уяад ирсэн байв. Наадмын өдөр Их зээрдийн уяа буруу байна явуулах хэрэггүй гэж хүн хэлжээ. Гэсэн ч аав явуулсан байгаа юм.

Тэр хоёрыг биесээ хэмхчинэ гээд хамт ажил хийдэггүй хааяа нийлүүлж таралдаг байв. Улсын наадамд бөгөн хүрэн ганцхан уралдсан нь тэр юм. Тэр наадамд миний дүү Эрдэнэбулаг таван настай Бөгөнийгөө унаж уралджээ. Айдасын даваан дээр ганцаараа гарч ирээд хаашаа явахаа мэдэхгүй зогсож байтал нэг цэрэг гүйж ирэн замд оруулсан юм билээ. Тэгээд л түрүүлээд ирсэн байгаа юм.

Би шинэ цэргийн карентин дээр жагсаалын цэрэг алхаж явлаа. Тэгсэн цагаан хоолойгоор Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Шаравжамцын хүрэн азарга түрүүллээ гэхэд болдогсон бол гараад гүйчихмээр байж билээ. Их зээрд тэр наадамд хорин таваар давхиад түүнээс хойш тэр азарганы уяа буруудсан юм.

Тэр нэг жил манайх сумын наадмаас дөрвөн түрүү, найман айраг аваад Баянжаргалан сумын наадмаас мөн дөрвөн түрүү, найман айраг авахад эхний дөрвөн даага цувж оров. Аав жаахан халамцуухан байлаа.

Баян хундагын шаазан гэж арван хоёр литр ордог шаазангаар аавд айраг хийж өгөв. Аав сайхан улаан одончуу дээлтэй явлаа. Намайг дуудаж өвөртөх түрүүвч, дуран зэрэг юмаа өгөөд, дөрвөн түрүүнийхээ айргийг өвөртөө хийж хүүдийлээд уяа руугаа давхичихав. Аав уяан дээрээ буугаад нэг тал руугаа хазайн өрөөсөн ханцуйгаараа айргаа гоожуулан уяагаа тойрч явлаа. Тэгээд баян Сандагт их зээрд азаргаа өгье гэсэнд нутгийн өвгөд ундууцсан учир түрүүлсэн даагаа бэлэг болгон өгсөн юм.

Тэдгээр бага наснууд их зээрд, бөгөн хүрэн азарганы үр төлүүд байлаа. Дэрэн сумын хурдан морьт Довууч бөгөн хүрэнтэй нэг жилийн төл зээрд хязаалан үрээ авч азарга тавиад Довуучийн “Аварга зээрд” гэдэг азарга гарсан юм.

Бөгөн хүрэн Улсын наадамд түрүүлснийхээ хойтон жил Дэрэн сумын наадамд түрүүлсэн. Гэсэн ч хүмүүс аварга зээрдийг бөгөн хүрнээсээ илүү гэдэг байлаа. Манай хүрэн зээрд азаргануудын үр төлөөс нийтдээ наяад азарга төрж гарсан байдаг.

Их зээрд оломны цанхтай булгих гээд байдаг байв. Аав битгий булгиулаарай гэнэ. Түүнийг нилээд хөдөлгөж байгаад зөөлөн мордож гийнгоолж байгаад л аясаар нь биеий нь тавируулна даа.

Бөгөн хүрэн азарга сайхан илгэн хүрэн зүстэй, биеэр жижгэвтэр, дэл сүүл шингэн, нарийн уртавтар хоншоортой, ясан толгойтой, номхон дөлгөөн зантай, элдэв зангүй, усан дээр очоод гараараа бариад авдаг адуу байлаа. Давхихдаа толгой доогуур духайн бөгтөрч давхидаг учир “Бөгөн хүрэн” нэртэй болсон юм. Бөгөн орооныхоо үед морьдоо хасна бусад үед гайгүй байдаг. Монгол улсын Алдарт уяач Жунайн Түвдэн нэгэн шарга гүү бөгөнд хураалгаад эр шарга унага гарав. Тэр Говь-Угтаалд олон түрүүлж, Чойрт болсон анхны Боржигон наадамд түрүүлсэн. Шарга азарганаас олон шарга адуу гарч хурдлав. Бөгөний сүүлхэн үеийн төлөөс Д.Цэлхээ хүрэн үрээ авч азарга тавьсан. Түүний төл Годгой хүрэн гэж хурдан азарга төрөв.

Сүүлийн жилүүдэд Улс, бүсийн наадамдуудад түрүүл, аман хүзүүнд сайхан хурдалж байгаа Цэлхээгийн Бямбасүрэнгийн хүрэн азарганы удам годгой хүрэн азаргатайгаа холбоотой болов уу гэж боддог юм.

Довуучийн аав, манай өвөө Осоржавын их хүрэн азарганы удмын адуутай айл байлаа. Манай адуу зөөлөн ойрын уяатай, хөлс цөөтэй, голдуу тараар онгойдог тул уяа морьдоо ойрхон сарын дотор уяаг нь хангана. Бөгөн хүрэн азарга цөөн хөлстэй мордоно. Түүний хөлс элбэг ойрхон болохоор одончуу, орны нимгэн бүтээлэг энэ тэрээр нэмнээд хөлслөнө. Далан, шилтэй тарган талдаа уралдаж байсныг бодоход 7-8 хөлстэй мордож байсан болов уу гэж боддог.

Аав олон жил адуу хариулсан тул адууны дэргэд өслөө. Малахын тал, Их тал, урагшаа Өндөр-Шил гээд л гардаг байв. Өвлийн цагаан талд арваад адуучин давхилдан, бараалсан их адуу цуглуулаад мань мэтийн хүүхдүүд дундуур нь давхилдаж азарга азаргаар нь болгоно. Адуучид цуглаад тамхи татан хүүрнэлдэж суухад нь тамхины утааны дор ороод суухад дулаацах шиг болдогсон.

Адуугаа зогсоож байгаад шөнө орой тавина. Тарган морь сэлгэж унаад шөнө дөлөөр хотондоо цан хүүрэг татуулсан нэлээд ундаасаад орж ирэхэд сайхан байдагсан. Манай хүрэн азаргануудын үр төл Цагаандэлгэр сумын тахиа Жамцын хүрэн, Говь-Угтаалын Төмөр-Очирын буурал духт зээрд гээд олон хурдан адуу гарав. Айраг түрүү хүртсэн бүгдийг хэлэх аргагүй юм даа.