Дотоод мэдээ

Түвдэнгийн Хилэн хар

ХИЛЭН ХАР АЗАРГА.
Bayaraa Bayaraa цахим хуудаснаас

Түвдэн гуайн хилэн хар азарга 1984 онд даагандаа айргийн тавд давхисан. 1985 оны улсын наадамын шүдлэн насны уралдаанд Партизаны Пүрвээ/Пүрэвсүрэн/ ахын бор үрээ түрүүлж, Мөнхөө ахын цавидар үрээ гуравт, Түвдэн гуайн хилэн хар азарган үрээ дөрөвт хурдлан давхисан байдаг.
1986 онд хилэн хар хязааландаа дахин айргийн дөрөвт хурдлахад Мөнхөө ахын цавидар үрээ гурав дээр давхиж яваад үзэгчидрүү даваад ордог даваан дээр хүүхэд нь уначихсан юм.
Дараа жил нь 1987 оны соёолонгийн уралдааныг маш сонирхон хүлээж байлаа.
Партизаны улсад айраг түрүүнд давхисан гурван үрээ соёолон болж улсад уяагдахад Данзанням гуай хээр соёолонгоо Долоон худагт уяасан.
Эдгээр үрээнүүдийн уралдаан болох нь тодорхой болж тэднийг хэрхэн уяаж сойх ажил нь сонирхол татаад байсан юм.
Данзанням гуай хээр соёолонгоо олон үрээдтэй нийлүүлэхгүй ганцааранд ажил хийхдээ том хээр морио хөнгөрүүлчихээд хээр соёолонгийн давхил дундуур нь замаас нь тосон араас нь дайрч хурд хуваан давхихад дээлийнх нь хормой чанх арагшаа хийсээд их ширүүн хөдөлж харагддаг.
Хөлсөлж, давхил өгснийх дараа хээр үрээг харахад туранхай ирэн дээр нь маш торгон ажил хийгээд л байсандаа.
Даваахүү ах нэг хээр соёолон үрээг сунгаа давхилд нийлүүлж харагддаг.
Мөнхөө ах Цавидар үрээгээ тарган ирэн дээр нь хөнгөхөн хөлс авч, хөнгөхөн давхил өгч зарим үед уяа тойруулан цогиулж халаах төдий ажил хийгээд тавьчихдаг.
Түвдэн гуай хар үрээндээ хөлс түлхүү авч хөнгөн тарлах маягтай дунд ирэн дээр нь тогтоож няхуур уяад л байдаг.
Харин Пүрвээ ах бор үрээгээ дунд хүчин дээр нь зургийн хуаршиг болгож догшин тар түлхүү өгч давхиж хариах нь үнэн ирэмгий болгоод л. Настай уяачид бор үрээ хуарлаад их л гоё болж байна гэж байлаа.
Энэ жилийн соёолонгийн уралдаан шимтэйхэн ширүүн уралдаан болох нь дээ гэж бодож байлаа.
Гэхдээ хээр, бор хоёр үрээний дунд уралдаан болно гэж бодож байсан.
Гэтэл улсын наадмын азарга гарахад Пүрвээ ах бор соёолонгоо азарганд морьдуулж харагдлаа. Соёолонд нь хийхгүй дээ гэсэн бодол надад төрж байв.
Тэгээд бор үрээ өнгөнд аваргуудтай үзэж тарж нэг хоёр зарлуулж байгаад зургаад давхилаа. Маргааш өдөр нь соёолон уралдахад Данзанням гуайн хээр соёолон түрүүлж, Түвдэн гуайн хилэн хар азарган үрээ аман хүзүүнд Мөнхөө ахын цавидар үрээ гуравт айрагдаж давхисан юм.
Соёолонгийн уралдааныг харсан Пүрвээ ах
-- Би айргаа алдчихлаа гэж хашгирч амаа бариад...
Уг нь айрагт ч баараггүй байсан даа.
Түвдэн гуайн хар азарганы эцэг Чойжамц гуайн саарал азарга улсад айрагдаж, өвөг эцэг бороохой Готов гуайн саарал азарга шүдлэн, хязааландаа түрүүлж, соёолон насандаа улсын наадамд айрагдсан бөгөөд Бөгөн хул азарганы төл азарга юм.
Мөнхөө ахын гуравт давхисан цавидар үрээ ихэд нийлээд нэг айрагдсан юм, манай цавидар азарганы төл, эцэг нэгтэй хонгор үрээ улсад түрүүлсэн бөгөөд Шийтэрийн зээрд азарганы удмын адуу юм.
Ийм л агуу удамтай үрээдийн уралдаан болсон юм даа.
Түвдэн гуай хилэн хар азаргаа, азарга насанд нь айрагдуулчих санаатай янз бүрээр үзсэн дээ.
1990 оны зун уяачид наадмын хурдан морь уяацгаалаа.
Тэр үед бага насандаа ч, азарганд нийлээд ч улсын наадмаар Айдасын даваагаар түрүүнд манлайлан зарлуулан давж Алдар толгой хүртэл өнгөлж давхисаар, барианд орохдоо хэдэн жил зургаад давхиж байсан Баяртсайханы хүрэн гэж айрагдаагүй ч цууд гарсан азарга байлаа.
Тэр зун Түвдэн гуай тэдний хоёр айл бууж морьдоо уяацгаасан.
Тар хийх үеэр нь очиж хоёр азарганы хөдлөхийг харлаа.
Хоёр азарга эргэхэд л хүрэн азарга тасраад давхиж, хар азарга хүрэн азаргыг хол алдлаа.
Хар азаргыг хөлсөөр нь түлхүү ажил хийж, хүрэн азаргатай нийлүүлж хамт тар давхил хийж байгаад, нэг давхил дээр хар азарга хүрэн азаргыг барьж авсан юм.
Баярсайхан ах Партизаны наадамд хүрэн азаргаа морьдуулахад хол түрүүлж ирээд үзэгчдийн араар давхиад ороход нь эргүүлэн оруулахад аман хүзүүнд давхихад Даржаа гуайн саарал азарга түрүүлсэн юм.
Дараахан их сунгааны өдөр Түвдэн гуай намайг олж ирээд
- Чи азарга эргүүлчих ахын нь хар азарга сайн байгаа гэхэд нь би азарга эргүүлээд ирхэд уяачид хар азарга сайн байна гэж байлаа.
Наадмын өдөр ч болж азарга ирэх үеэр эвтэйхэн газар олоод зогсчих санаатай давхиж явтал Түвдэн гуайтай таарлаа.
-- Хоёулаа тэр доор очиж зогсоё гээд үзэгчдийн адагт очиж зогслоо. Радиогоор Баярсайханы хүрэн азарга Айдасын даваагаар давлаа гэж зарлаж байлаа.
Азарганы уралдааныг сонсоод хүлээж байтал даваан дээгүүр эхний азарга гарч ирлээ.
- Таны азарга гурав дээр байна гэлээ.
Хар азарга яг бид хоёрын чанх харалдаа гурав дээр ирэх үест Түвдэн гуай унаж яваа морио эргүүлэн их дуугаар хашгиран давхиан дундаа малгайгаа авч чулуудчихаад давхичихлаа.
Хар азарга барианы шугам руу дөхөх тусам дөрөв болоод тав болж, тавын морины ташааг дэрлэн зургаа дээр барианы шугам давлаа.
Эргээд давхиж явтал Түвдэн гуай урдаас гараад ирлээ.
-- Юу болчихвоо гэхэд нь
Таныг давхиж байх хооронд ухарсаар зургаалчихлаа гэж дээрхи болсон уралдааныг ярьтал мань эр толгой сэгсрэн шогширч байлаа.
Бага дөрвөн насандаа айрагдсанаас хойш дахин айрагдуулчих гэж их үзсэн дээ.
1991 онд Сүрэнхор гуайн хээр азарга хол түрүүлэхэд зургаад давхисан юм.
Ямар шинж нь хар азаргыг хурдлуулав гэж их шинжээд учирыг нь олоогүй тэгээд эцэст нь дээд удам татаж, уяачийн эрдмээр хурдалж байна гэж ойлголтод хүрсэн.