Адуун сүргийн магтаал
Таван хошуу малынхаа хийморь болон дүүхэлзсэн
Таван тивийн хөрсөн дээр хомбон туурайгаар бөмбөрдөж
Төрийн албан сүлдэндээ эзэнтэйгээ заларсан
Тахь хулангийн сүргээсээ
Тасарч үржээд үлдсэн
Тал нутгийн Монголын унаа болоод дүүхэлзсэн
Адуун сүргээ ерөөе өө
Амгай хазаар зууж л авир ааш нь номхорсон
Арслан дөрөө дайвалзаж арилжаа самнан хатирсан
Алд алдын жороо минь усан тэлмэн бөмбөрсөн
Айраг сайхан ундаагаар ард түмнээ цэнгүүлсэн
Азарга азаргаар налайсан
Адуун сүрэг минь гэвэл ээ
Гучин гурван говийнхоо хулан тахьтай налайж
Гурван сайхан хангайнхаа гур зүртэй идээшилж буй
Өрнө дорно умрынхаа
Өргөн саруул талдаа чиг
Өсөж үржин багширсаар
Өөрийн түүхээ зузаатгаж буй
Арван хоёр жилийнхээ цээжин биенд давхиж буй
Ардын төрийн наадамдаа
Алтан жолоо өргүүлж буй
Айраг түрүү булаалдсаар
Асрын өмнө цоллуулж буй
Зээ, Эзэн баатар Чингисийн
Эр хоёр загалаас эхсүүлээд
Эрхэлж тоглосон шаргууд гээд
Эзэнт гүрэн байгуулсан
Эрэлхэг гавьяатай хөвгүүдийн унаа болоод дүүхэлзсэн
Монгол эр хүний чимэг
Морин эрдэнэ билээ
Молор сайхан толгойтой
Морин эрдэнэ дундаасаа
Буга нь шинж нь бүрдсэн
Булчин шөрмөс нь товойсон
Хурдан шинж нь бүрдсэн
Шавар хөлс нь шувтарсан
Усан хөлс нь урссан
Сувд нь хөлс нь бөнжгөнөсөн
Халхын сайхан хурдуудаас авч заримыг нь дурдвал аа
Алдар цуутай арвайхээр
Аварга хээр, эвлэг хээр
Идэр хээр, монгол хээр
Сулин хээр, суман хээр
Сүрэнхорын хээр, Сундуйжавын хээр
Олон хурдны эзэн Онон манлайн аварга хээр ээ
Буган халиун, гоё халиун
Буурал ноён Пүрэвжав гуайн
Бузгай хурдан хүлгүүд бий
Данзаннямын хүрэн, Даваахүүгийн цавьдар
Галын хүрэн, Гарамжавын хар, Ганбаатарын хүрэн халзан
Халх даяар алдартай Хамбадоржийн хүрэн халзан
Шигшмэл хурдны түрүү
Шийтэрийн зээрд гээд л
Хоёр зуунаа холбож хурдалсан
Нарлаг Монгол орныхоо
Наадмын дэнж дээр эрхэлсэн
Алтан төрийн ажнай
Алдарт шаргаас эхсүүлээд (эхлүүлээд)
Суунаг ногоон талдаа бол
Сумын зэв шиг хурдалсан
Сум, аймаг, улсынхаа наадамд
Суран жолоо өргүүлсэн
Халхын сайхан хурдууд аа
Зээ, Одоо тэгвэл
Уул хадандаа олддоггүй
Уртын замдаа эцээгүй
Усархаж өлөрхөж ядраагүй
Унаган эзнээ явгалаагүй
Унаа сайхан морьдоосоо
Аавын хүүгийн унаа
Агт сайхан хүлгүүдээсээ
Авч заримыг нь дурдвал аа
Амрагийн болзоо тасдаагүй
Ардын дууны Зандан шоо
Агсан болоо жороодоо
Ар хөвчийн унага шүү
Намрын шөнөдөө сойлготой
Нарийн сайхан хээрээ
Жаргалтай хосуудын учруулсан
Жаахан шаргын шогшоо
Эрдүү сайхан хатирсан
Эрдэнэ засгийн минь унага
Халхын талдаа сайварласан
Хардал бэйсийн унага
Хадтай газар гантай юм шиг
Харанхуй шөнө дэнлүүтэй юм шиг
Хайрт хоёрыг учруулсан
Хангал зээрд гээд л
Дуу хуурандаа мөнхөрсөн
Домог болон яригдсан
Сүүдэрхэн газрын ногоон дээр
Шүүдэр гишгээд тонгочсон
Сүүл дэл нь сагсалзаад
Сүрэг адуу нь янцгаасан
Айраг сайхан ундаагаар
Ард түмнээ цэнгүүлсэн
Адуун олон сүргээ
Алд алдынхаа цэнхэр хадган дээрээс
Айлтган барьж хүндэтгэн ерөөлөө
Айл бүхний хондгон дээр
Ажнай хүлэг нь унгалдаж
Босоо төрсөн унаганууд
Борви тэнийн хурдалж
Айраг сайхан ундаа минь
Агар дүүрэн цэлэлзэж
Адуун олон сүрэг минь
Алтан шаргал талдаа
Алдранхан налайж байхын
Ашидын билэгт ерөөлийг
Айлтган барьж хүндэтгэн ерөөе өө