Дотоод мэдээ

Манлай уяач Д.Гарамжав

Х.Лхамжавын бичсэнээс

Зуун дамнан домог мэт хүүрнэгдэх хурдан хүлэг, уяачийн тухай бичнэ гэдэг морин дэл дээр дарцаглан гийнгоо хадааж, хусуур хавчуулан дэл сүүл боож явсан нэгний, үгүй дээ л адууны тоосонд өссөн хүний хийх ажил байх. Миний хувьд жаахан хол сэдэв юм. Монгол хүн болж төрсөнийх, моринд хорхойтой даргатайгаа ганзага нийлэн наадамд ирсэн уяачдын галаар тойрч Данзаннямын Ажнай хүрэн, Маарын хээр, Ханддоржийн хонгор халзан морьдыг уяан дээр нь харж сэтгэлээ чөдөрлүүлсэн байх. Наадмын өмнөх өдрүүдэд адуу айраг хоёроор салхилсан Бөхөг Түргэний гол, Яармагийн дэнжээр хэсэх хорхой асч, их сунгаанд хамт явах хүн битүүхэн хайсан нэгэн болж хувирсан юмдаг. Даваахүүгийн Солонго цавьдар, Цолмон халтар, Гарамжавын Өсгий цагаан хар, Гоё хүрэн, Ононгийн зээрд халзан, Авaрга хээр, Сүрэнхорын хээр, Лхүндэвийн Чонон хонгор, Батчулууны Сарт, Сандуйжавын Идэр хээр, Дүү зээрд, Эрдэнэчулууны ах дүү шарга, Батхүүгийн Толин хул, Хөвсгөлийн Хишигбатын хонгор морь гээд олон олон алтан тууртыг уяа хэц дээрээ байхад нь, уралдаад ирчихсэн хөлслүүлж зогсоход нь харж, хааяа хондлой ташаанд нь хүрч, уяачид хурсан олны яриа хөөрөөг сонсож явж дээ.

Уугуул индиан омгуудын адууны бэлчээр, Рокийн их уулсын бэлд морь уяач хоёрын тухай бодол цалгиах болсон шалтгаан маань Гарамжав манлайн домогт Өсгий цагаан хар азaрга. МУСГЗ яруу найрагч Ц.Чимэддорж Монголын Aнхдугаар богд, их соён гэгээрүүлэгч Занабазарын мэлмий гийсний 360 жилд зориулсан даншиг наадмыг Өсгий цагаан хар азаргыг "Өндөр гэгээн таалсан даншиг" гэж нэрлэдэг байсан юм. Өөр хүн ингэж ярьж байхыг би сонсоогүй. Дэнвэрийнхээ "Цэцэн билэгт" шагайн клубын Зоригоо дүүтэй харвааных нь завсарлагаанаар ярилцаж суухдаа хурдан морь унаж өссөн, морь уяж явсан болохыг нь мэдээд ихэд олзуурхан хуучилав. Тэрээр манайх Хонхорынх, манай Хонхор Налайх чинь олон суутай хүлэг, олон ч алдартай уяaчтай нутаг. Уяач болгон янз янз даа. Моринд хүнддээд, хусуур хавчуулчих санаатай эв дүйгээ сайн олохгүй будилж яваа мань мэтийг зарим нь хий догиож хөөргөөд л байна, зарим нь том том уяачид яриад гишигчих гээд л нисээд байх. Харин Гарамжав гуайтай аз болж таарвал нэг юм хэлнэ дээ. Уяан дээр ирж ширүүлэх аястай ганц нэг үг хэлвэл нүдэнд нь тусч байгаа нь тэр дээ. Ер нь тэгээд Гарамжав гуайтай олон таарсан нь жоохон дөртэй болдог байсан даа. Өөрөө ч уяач болчихоор хүнээ таньж эргэж тойрдог байсан болов уу гэв. Бид хоёрын яриа наадмаас наадам дамжин уралдсаар Есөнзүйлийн их даншигт тулж ирэхэд Зоригоо Өсгий цагаан харыг Өндөр дов аваад хоцорсон даншигт чинь би Хонхорынхоо Адъяабазар уяачийн цуутай Буурал морийг унаж аравт хурдалсан юм. Өсгий цагаан хар азаргыг ойчлоо гэдгийг сонсоод түрүүлэх болов уу гэж итгэж явсандаа тэр байх тэнгэр харанхуйлах шиг л болсон доо гэв.

ӨСГИЙ ЦАГААН ХАР АЗАРГА

Бидний хэдэн нөхөд 92 оны наадмын соёолонгийн уралдааныг үзэж тоосонд нь орж хийморь сэргээхээр тохирон, гэр бүлээрээ нилээн өнөр бас ч үгүй харуул хамгаалалтыг хаалгадаж байж Алдар толгойг морьд тойрч гарч ирдэг хошуун дээр байрласан юм. Алдар толгойг ороогоод ганцхан бараан соёолон тасарч гарч ирлээ. Хээр юм байна, хүрэн соёлон байна гэж таамаглаж байтал радиогоор Гарамжавын Өсгий цагаан хар соёолон, соёлон морьдыг хөтлөн Алдар толгойг тойрлоо гэснээ удалгүй гарааны зурхайд бүрэн хүрэлгүй дутуу эргэсэн болоод явчихав.Тэр жил бүртгүүлсэн бүх соёолонгуудыг зурхайд түрүүч нь хүрч байхад хэсэг хүүхэд гүүглэж эргээд 70 гаруй хувь нь дутуу эргэсэн гэж баригдаагүй юм. Гийнаагийн Бор халзан үрээнээс бусад тааварт байсан бүх соёолон дутуу эргэсэн байсан. Дутуу эргэсэн морьдоос Өсгий цагаан хар азарган соёлон хол тасархай түрүүсэн юмдаг. Ингэж би Өсгий цагаан хар азарганы магнайдаа тоосгүй хурдлахыг нь холоос харж билээ. 93 онд хавчиг соёлон азарганы уралдаанд дөрвөлж, 94 онд аман хүзүүдсэн, 95 онд азарга будилж дутуу эргэсэн. Санаатай будилуулсан гэдэг яриа их гарсан.Өсгий цагаан хар дутуу эргэсэн азарганд аман хүзүүнд ирсэн юм даг.

Би Өсгий цагаан хар азарганы сургийг ерэн оны Нууц товчооны 750 жилийн ойн дараа, СГЗ яруу найрагч Ц.Чимэддоржоос анх сонссон. Чимээ тэр ойг Дэрэнгийнхээ Аръяабазар гэдэг хүний Далай ламд бэлгэлсэн хар голтой халиун морийг унаж уяа галуудаар хэсч ёстой нэг наадсан шиг наадаж үзсэн гэдэг. Тэрээр ирэх он жилүүдийн наадмын зулайд урцалдах хоёр агуу амьтны хөлсийг магнайдаа хүргэлээ дээ. Нэг нь түрүүлсэн Хэнтийн Дэлгэрхааны Сүрэнхорын шагай шиг хээр азарга, нөгөө нь улсын наадамд түрүүлчихээд давхар уятай аман хүзүүдсэн Налайхын Гарамжавын Өсгий цагаан хар гэж зормол юм шиг азарган үрээ. Сайхан амьтад мөн ч олон жил хурсан олныг шуугиулна даа гэж суусан .Энэ хоёр хурдан буян ид ирэн дээрээ хоёулаа хальсан гэж бодохоор харамсал төрдөг юм.

Өсгий цагаан хар:

1.1990 онд 69 жилийн ойгоор шүдлэн улсад түрүүлсэн

2. Мөн 90 оны МНТ-ны 750 жил шүдлэн аман хүзүүдсэн

3.1991 онд Төв аймгийн 70 жил хязаалан түрүүлсэн

4.1992 онд 72 жилийн ойгоор соёолон дутуу эргэлтэнд түрүү

5.1993 онд 73 жийин ойгоор хавчиг соёлон азарга улсад дөрвөлсөн

6.1994 онд74 жилийн ойгоор азарга улсад аман хүзүүдсэн

7.1995 онд75 жилийн ойгоор азарга дутуу эргэж аман хүзүүдсэн

8.1995 оны 8 сар Есөнзүйлийн буюу анхны даншигт

Нутаг нутгийн 300 гаруй сор болсон хурдан азарга чуулсан наадам.

Хүн бүгдийн хараа таамаг хоёр Улсын наадмын дутуу эргэлтэнд түрүүлсэн Баруунхараагийн Хорлоодойн Мягмардоржийн хар, аман хүзүүдсэн Гарамжавын Өсгий цагаан хар хоёр дээр л төвлөрч байв. Бараан зүсмийн азарга түрүүлнэ гэсэн таамаг их байсан.Түрүү морьдыг ер нь л баримжаатай тааварладаг гэж уяачид морьны хорхойтнуудад үнэлэгдсэн Дундговийн Эрдэндалайн хар хэмээх уяач Содном гуайг бүх галуудаар тойруулж уяач, морьдынх нь давхил түүх, нэрийг нь хэлэлгүйгээр азаргануудыг шинжүүлсэн гэдэг. Содном гуай Сэлэнгээс ирсэн хар азарга, хаанаас ирсэн нь мэдэхгүй өсгий цагаан хар азарга хоёр л нүдэнд туслаа. Өнгөтэй нь түрүүлдэг юм бол Өсгий цагаан хар нь түрүүлнэ, бяртай нь түрүүлдэг юм бол Сэлэнгийн хар нь түрүүлнэ гэсэн гэдэг. Голтой л хэлсэн байсан Сэлэнгийн хар буюу өнөөх Хорлоодойн Мягмардоржийн хар азаргыг яг барианы зурхай дээр Бямбашижээгийн хүрэн азарга буруу талаар нь шургаж хошуу өлгөн орж түрүүлсэн юм даг.

МУСГЗ яруу найрагч Ц.Чимэддорж

Зүүн хойд хөлөө Номхон далайд дүрж

Зүг зүгийг зангидаж наран эргүүлэг олжээ

Галтай майхны салхин дээр хийморийн дарцаг шиг хийсч

Гандан-сангийн утааг Туул гол гэж залгилжээ

Хэц гэж, уул уулын бэл

Хээр соргүй ээ, харын хар хилэн

Матаастай хавирга нь арагны мод

"Маршалын од" туурай нь ад

Тэнгэрийн хаяанаас ургаж гарсан адуу

Тэлмэн хуурнаас тэвхдэж алдуурсан дууль

Өөрийгөө өөрөөрөө хаасан гарлагын үүд

Өндөр гэгээн Занабазар таалсан

Ганц адуу

Гарамжавын хар хэмээн шүлэглэж байв.

НАЛАЙХЫН ГАРАМЖАВ МАНЛАЙ

Дамдинсүрэнгийн Гарамжав манлай уг нь Төв аймгийн Баянзүрх сумын уугуул юм билээ. Сумыг нь тараан Сэргэлэн, Эрдэнэ сумуудтай нэгтгэх хүртэл уяач Гарамжавых гэж өнөр өтгөн айл сумандаа амьдарч өөрөө нэгдэлдээ болон морин тойруулгад ажиллаж байж. З.Даваанэрэн, Д.Гал, М.Тожил, Ж.Шийтэр зэрэг алдартай уяачид, залган гарч ирж буй уяачидыг нэрлэхдээ бүгд л Гарамжав гуайг дурьдсан байдаг. Гарамжав гуай өөрөө Баянзүрх сумынхаа Ц.Лувсанчойндон гэдэг өвгөн уяачийг дагаж морь таних, уях эрдэмд суралцсан гэж ярьдаг байж. Энэ Лувсанчойндон гэдэг хүн МСУХ-г үүсгэн байгуулсан Пунцагбалжир агсаны өвөө том Лувсанчойндон гэдэг уяач мөн болов уу.

Гарамжав гуай морь танихдаа гаргууд байсан юм билээ. Бүр усан хээл таньдаг гэсэн яриа ч гарч байсан гэдэг. Ямартаа нэгдэл тарсан 78 он гэхэд улсын наадмаас 4 түрүү, 4 айраг хүртэн 2 шинэ амжилтын эзэн уяач болчихсон байж. Үүний нэг нь 1960 оны улсын наадмын түрүү саарал даага.Нэгдлийнхээ адууг шилж байж энэ даагыг сонгон уяж. Наадамд мордох гэж байхад нь нэгдлийн дарга нь хүн явуулж нэгдлийн адуу хурдалж байхыг сонсоогүй юм байна аягүй бол баян ходоод болж сум нэгдэлийн нэр гарна уралдуулахаа боль гэж хэлүүлж. Гарамжав уяач нэгдлийн адуу хурдлах нь байтугай түрүүлж болдгийг үзэх болно гэж тэр даргадаа очиж хэл гээд, сүү өргөхөөр зогсож байсан гэргийдээ радиогоо сайн сонсож байгаарай улс орон даяар л нэг юм болох байх гээд шууд мордсон гэдэг. Ингэж АХ-ын 39 жилийн ойгоор улсын наадамд анх нэгдэлийн адуу түрүүлсэн шинэ хуудас бичигдэж, Гарамжав уяач эхний түрүүгээ авсан юм билээ. Өөрийнх нь ногоон даага дөрвөөр ирж, хээр шүдлэн нь түрүүлж, Лувсанчойндон багшийнх нь хонгор азарга, 2 үрээ нь аман хүзүүдэж нэг сум,нэг уяанаас 6 адуу түрүүлж айрагдан сайхан наадсан байдаг. Нөгөө нэг амжилт нь 1977 оны АХ-ын 56 жилийн ойгоор Гарамжав гуайн уясан Их салхин азарга түрүүлсэн. Энэ нь төрийн наадамд анх удаа улсын байгууллагын адуу буюу морин тойруулгын азарга түрүүлж байгаа нь энэ.Тайван зээрд хязаалан нь аман хүзүүдсэн байдаг. Гарамжав гуайг уяачид морьны хорхойтнууд их амны билэгтэй, адуу шигээ соргог эртэч хүн гэж хүндэлдэг байв. Ер нь түрүүлнэ гэж хэлсэн адуу нь түрүүлэх тохиолдол олон байсан юм билээ. Гарамжав гуайн уяж байсан Мягмар гэдэг хүний хээр үрээ наадмын урд өдөр давхил хийж байхдаа эвгүй гишгэсэн юм байх. Санаа нь зовон Гал гуайд үзүүлвэл хэд илж үзсэнээ зүгээр зүгээр мордуулчих гэж. Хязаалан зурхай руу хөдлөх гэж байхад морины эзэн Мягмар давхин ирж их олон уяачдын дэргэд дээрээ шүдтэй үхэр минь наадах чинь яаж уралдддаг юм тавь гэж уурлахад нь Гарамжав гуай үхэр мөн биш хоёроо таньд харуулнаа гээд унаач хүүдээ нэгийг захиад мордуулж. Нөгөө Мягмартаа өнөөдөр таны хээр үрээ түрүүлнээ, халх хүн байсан бол би таньд нэг юм хэлмээр байна. Дөрвөд ёсыг даанч мэдэхгүй юм. Юутай ч хойшоо хараад хормойгоо дэвсэн залбираад сууж бай гэчихээд мордож. Хээр хязаалан хол тасархай түрүүлэв. Гарамжав гуайг очиход Мягмар нь хөлсийг нь хусах гэж байж өшиглүүлээд өөрөө доголчихсон их л хөөрсөн хүн тоссон гэдэг. Хэлсэн шиг хэлж таасан шиг тааж явсан үе Гарамжав гуайд олон байж. 74 онд Хэрлэнбаян-Улаанд газар газрын олон адуу оторлон өвөлжиж. Цагаан сарын дараа нийлж хаврын уралдаан зохиож бооцоотой таавар явуулсан юмуу даа. Гарамжав гуай тэр хүрэн морь түрүүлэх юм байна, миний зээрд морь дөрвөөр ирэх болов уу нэг их зөрөхгүй байхаа шагналаа одоо авчихая гэсэн гэдэг. Хүрэн морь түрүүлж, өөрийнх нь зээрд морь дөрвөөр ирж олон уяач адуучидыг шуугиулж байж. Миний даагыг та нар нохойтойгоо өртөөлж уралдаад ч гүйцэхгүй гэж ам гараад түрүүлж байсан тохиолдол ч байдаг юм билээ.

Манлайтай дотно явсан нэг дарханы хүү адуунд хорхойсон хүнээс асууж байгаад хөөрхөн хонгор даагаа өөрөө уяж, Гарамжав гуай тэднийд буухдаа уяаг нь тойрч хүүд за уяач болох нь энэ үү, уг нь алх дөшинд ойрхон явсан бол гэсээр гэрт нь орж. Хүү ээж аав хоёр руугаа дохиж, дохиж гараад хонгор даагаа хөдөлгөж байтал, аавтай нь хамт ирээд отрын адуу ирэхэд танай нэг нүд нь нуухтчихсан бөгтөр халиун даага ирсэн дээ гэж. Хүү ч эгчийнхээ хүүгийн үсний мялаалганд бэлэглэснээ хэлж. Гарамжав гуай уралдах гэж байгаа юм бол тэр халиун даагаа авчирч уя, наадамд гоёх гэж байгаа юм бол энэ хонгортойгоо л ноцолдоод байж дээ би хэд хоногоос нэг ирэмз гээд мордож. Халиун даага хөөрхөн хонгортой харьцуулашгүй бөгтийж унжийсан муухай даага болохыг аавдаа хэлэхэд хүнээс асуусан юм бол хэлснийг нь хий, чам байтугай нь Гарамжаваар хурдаа шинжүүлдэг юм гэж загнаж. Тэрээр сүүлд нь олонд танигдсан уяач болсон хойноо Гарамжав гуайнхаа ачаар бөгөн халиуныхаа хурдаар анх Бөөрөлжүүт, Архустай хоёроос айраг амсаж хусуур хавчуулах эрхтэй болж Дархан тэрний хүү гэдэг нэрнээсээ салж өөрийнхөө нэрээр дуудуулах болсондоо гэж хуучилсан байдаг. Эдгээр тохиолдолуудынх нь тухай манлайгаас асуухаар, залуу байхад сагсуурч наргих юм байлгүй яахав гээд нэг их ярьдаггүй байж.

Баянзүрх сумаа тарахад Гарамжав гуай хүүхдүүдийнхээ хичээл сургууль алс ирээдүйг тооцон тэр үеийн хот хөдөөтэй том суурин байсан Налайхыг сонгон Баянгийн бүрд, Ах дүү гурван хайрхан хавиар нутаглан Налайхын Гарамжав гэж нэрлэгдэх болж. Гарамжав манлайн улсын наадмаас авч байсан айраг түрүүг тоочвол:

1.1960 он АХ-н 39 жил

Саарал даага түрүүлсэн

Хээр шүдлэн түрүүлсэн

Ногоон даага дөрвөлсөн

2.1961 он АХ-н 40 жил

Хээр хязаалан түрүүлсэн

3.1970 он АХ-ын 49 жил

Хээр даага тавалсан

4.1977 он АХ-ын 56 жил

Их салхин азарга түрүүлсэн

Тайван зээрд хязаалан аман хүзүүдсэн

5.1982 он АХ-ын 61жил

Солонго цавьдар хязаалан аман хүзүүдсэн

Шуурхай хонгор хязаалан дөрвөлсөн

6.1983 он АХ-ын 62 жил

Тогоруу халтар азрага түрүүлсэн

Солонгоцавьдар соёолон дөрвөлсөн

7.1989 он АХ-ын 68 жил

Тогоруу азарга дөрвөлсөн

8.1990 он АХ-ын 69 жил

Өсгий цагаан хар шүдлэн түрүүлсэн

9.1990 он МНТ-ны 750н жил

Өсгий цагаан хар шүдлэн аман хүзүүдсэн

10.1992 он АХ-ын 71 жил

Гоё хүрэн хязаалан түрүүлсэн

Хар шүдлэн дөрвөлсөн

11.1993 он АХ-ын72 жил

Өсгий цагаан хар азарга дөрвөлсөн

12.1994 он АХ-ын 73 жил

Өсгий цагаан хар азарга аман хүзүүдсэн

Бага тогоруу шүдлэн түрүүлсэн

Гарамжав манлай монгол хурдан адууны түүхэнд тодоор бичигдсэн "Тогоруу адуу"-г бий болгосон гавъяатан. Хурдан азарга байгаад тэр болгон хурд гарахгүй. Гүү азарганы тохироо бүрдэж байж л сайн хурд гарна гэдэг зарчим барьж, гүүний сонголтонд их анхаардаг хүн байж. Амгалан төрийн ажнай шарга, Идэр хээр, Дүү зээрд, Хурдан халиун, Баянжаргалын халтар гээд Тогоруу угшилын хурдан азаргануудын үр төл монгол орон даяар тархан хурдалж байна."Тогоруу адуу"-г Гарамжав манлай Будённы үүлдрийн Өвгөн тогоруу азарганд амьны хэдэн гүүгээ хураалгаж гарсан төлөөс нь азарга тавьж угшил сайтай гүүнүүд хураалган олон жил уйгагүй хөдөлмөрлөж байж буй болгосон үүлдэр юм. Гарамжав манлайн буй болгосон хурдан адууны удам угшил ганц "Тогоруу адуу"-гаар зогсохгүй дээ. Өсгий цагаан хар азарга л гэхэд "Тогоруу адуу" биш. Гарамжав манлайн нэрлэгдээгүй олон үүлдрийнх нь нэг. Хэнтийн Галшарын их уяач Донойн Цэгмэдийн унаган адуунаас авч тавьсан хээр азаргандаа Жаргалант морин заводын угшилтай халтар гүүг хураалгаж байж Өсгий цагаан хар азаргаа гардаж авсан гэдэг. Гарамжав манлайтай ойрхон нутаглаж байсан нэгэн 87, 88 оны л хавар байх гүү унагалж байсан цаг. Гарамжав гуайн адуунд олон гүү унагалж байсан ч ганц халтар гүүгээ л байн байн бэлчээрт нь очиж эргэж тойроод л эсвэл тасалж гэрийнхээ ойрхон авчирч хүүхдүүдээрээ харуулаад л үгүй ер нь манах нь холгүй юм л болоод байх юм гэнэ. Нэг таарч та яагаад энэ халтар гүүгээ эмнэлэгт төрүүлэх нь холгүй сахиад байх болов оо гэвэл үгүй одоо тохироо гээч юм нь байдаг байгаад би алдаагүй бол нисэх нь холгүй л амьтан төрөх ёстой доо, чоно нохой ямар нэг юм болчих вий гээд байгаа ухаантай гэж. Нэг өдөр дурандаж суутал нөгөө халтар гүү гэрээс нь холгүй унагалж, Гарамжав гуай очиж явна гэнэ шүү. Яаран мордоод хүрч очвол чөөчөгнөсөн хар унага тэвэрчихсэн, эр юм байна гээд хавийг цочтол хашигран, нүдэнд нь нулимс цийлэгнэн зогсож байсан. Би Гарамжав гуайг наадамд түрүүлчихээд тэгж баярлаж байхыг нь ч хараагүй дээ гэсэн байдаг. Өсгий цагаан хар азарга эзнээ ингэж баярлуулж төрсөн байх нь. Өсгий цагаан хар ч Гарамжав манлайн хайрыг даасан шиг даасан даа. Төрийн наадамд түрүүлж, аман хүзүүдэж, айрагт хурдалж, төрсөн нутаг Төв аймгийх нь 70 жилээр түрүүлж, анхны их даншиг МНТ-ны 750 жилээр аман хүзүүдсэн.

Монгол уячдын их ярьдаг "Адуу эзнээ олж хурдалдаг" гэдэг үг Гарамжав манлай, Өсгий цагаан хар азарга хоёрын хувьд дэндүү жулдана. Энэ зүгээр л хэн нэгэнд зарагдаад юмуу шилжиж очоод хурдалсан буянд хэрэглэх үг байх. Юу ч гэмээр юм бэ дээ. Хэрлэн их мөрний урд төрсөн азарга, хатан Туулын ард төрсөн гүүтэй нийлж байж, Хан уулын ар, өвөрт магнайдаа тоосгүй хурдлах унага төрнө гэдгийг олж мэдэрсэн монгол уяачийн ухаан эрдэм хоёрын цогц юм. Өндөр гэгээний даншиг өсгий цагаан харыг ойчиж гэж дуулсан хүүхдүүд, шавь нар нь гал дээрээ цуглан Гарамжав гуайг халган хүлээн суухад нь манлай уяан дээрээ бууж тэрээр газар газрын хурд, хүч хоёр чуулчихсан, түмэн наадаж байхад яачихсан улс вэ та нар чинь нэг адуу ойчоо л биз, хүнээ алдчихсан улс уу та нар, наадамлаж баярлах гэж ирсэн юм бол явж наадмаа үзэцгээ гэж явуулаад өөрөө уяаныхаа дэргэд очин хоёр мөрөө чичрүүлэн удаан суусан гэдэг. Дотогшоо нуран мэлмэрч байж дээ. Надад заримдаа хэрвээ чаддаг байсан бол Гарамжав манлайг хурдан азаргтай болох гэж Хэнтийн Галшараас Жаргалантын морин заводын адууны удамтай айлууд хүртэл ухаан гүйлгэж байгаагаас нь эхлээд, Өсгий цагаан хараа төрөхийг хүлээгээд нойргүй хонох шахуу байсныг нь, эр унага гарахад нь баярлан уулс цочтол хашгиран нулимсаа нэрж зогссоныг нь, адуу эзэн хоёрын айраг түрүүтэй хурдалж байсан жилүүд, тэгээд энэ хүлэг нь эзгүй уяан дээрээ мэгшиж суугааг нь хүртэл бодитоор нь буулгасан баримтат кино хийсэн бол монгол адууны соёл, уламжлал, угшилын хуудсанд монгол уяач, монгол адуу хоёрын он удаан жилийн түүхэнд байхгүй баримтыг үлдээх байсандаа. Даварч бодоход "Амьтадын ертөнц" нэвтрүүлэгийн амьтан хүн хоёрын нөхөрлөлийн тухай өгүүлсэн "Найзууд" баримтат киноны уралдааны дээд шагналын эзэн байх байж дээ гэж боддогддог л юм. Бодолд ямар хязгаар байх биш дээ. Өсгий цагаан хар азарганы үр төл нилээд тарсан байх аа. Энэ бол манлайн бий болгосон нэг л угшил.Тэдний унаган адуу Даваанэрэн начингийн хүрэн халзан, дулаан Дамдинжавын хонгор, Лувсанчойндонгийн хонгор зэрэг хурдан азаргануудын удамтай адуу гэдэг. Энэ адуун дээрээ Гарамжав манлай Дундговийн Цагаан -Овоогийн Содномпилын хүрэн, Хэнтийн Галшарын Донойн Цэгмидийн хээр, Сүхбаатарын Баянмөнхийн Хундагын Чүлтэмийн хээр, Төв аймгийн Баянцагааны Дамдинсүрэнгийн хар азаргануудыг авч, Хэнтийн Галшар, Баянхутаг, Сүхбаатарын Уулбаян, Мөнххаан, Халзан,Төв аймгийн Жаргалант, Сэргэлэн, Баянжаргалан, Дорноговь, Дундговиос угшил сайтай олон гүү авч нийлүүлсэн юм билээ. Ингэж тавь шахам жил уйгагүй хөдөлмөрлөн сэтгэл зүтгэл, итгэлээ шингээсний үрээр 20-р зууны төгсгөлд монгол адууны түүхэнд "Гарамжав адуу" хэмээх хурдан удмын сүрэг бий болсон аж. Гарамжав манлайнх дөрвөн хүү, таван охинтой өнөр айл.Том хүү Г.Сандуйжав нь МУГМ, Тод малай уяач. АХ-ын 78 жилийн ойн улсын наадмын түрүү Идэр хээр азарга, Боржигон хурд, Говь-Шанхын их хурд,Тамирын хурдын түрүү Дүү зээрд гээд л Сандуйжав гавъяатын айраг түрүүг тоочно гэвэл нилээд цаг зав шаардагдах байх. Азарга будилан Өсгий цагаан хар азарга аман хүзүүдсэн 95 оны наадмаар Гарамжав манлайн хүү Сандуйжавын хээр соёлон дөрвөлсөн юм даг. Энэ хээр соёолон 99 онд түрүүлсэн Идэр хээр азрага нь мөн болов уу. Өсгий цагаан хар азаргыг ойчдог даншигт хүү Сандуйжавынх нь халиун шүдлэн дөрвөлсөн. Дараа жил нь улсын наадамд халиун хязаалан түрүүлж байсан. Улсын начин хүү Ганхүү нь МУАУ. Үст хүрэн гэдэг цуутай азарга нь улсын наадамд 2000 онд дөрвөлж, 2002 онд гурвалж байсан. 2002 онд л лав давхар айрагтай сайхан наадсан юмдаг. Хүү Ганбат нь МУАУ. Гоё хүрэн морь, Тогоруу халтар, Билгүүн хээр азарганууд нь улсын наадамд түрүүлж, аман хүзүүдэж, айрагдаж байв. Хүү Ганболдынх нь Өсгий цагаан хээр азарга өвлийн бүсийн уралдаануудад дараалан айрагдаж, Архангай аймгийн 80 жилд аман хүзүүдэж байсан. Энэ бүгдийг тоочих шалтгаан нь хөвгүүд нь аавынхаа монгол хурдан адууны түүхэнд буй болгосон "Гарамжав адуу" хэмээх унаган адуугаараа наадаж байгаад оршном. Хурдан морь гээч уяачийн эрдэм ухаанаар уяагдан, унах хүүхдийн авхаалж самбаагаар уралддаг байсан цагийн аварга хүлэг, агуу уяач хоёрын тухай их бүдүүн зүрх зориг гарган үзэглэв.

.

ЯАЖ МАРТАХ ЮМ БЭ

Намрын эхэн сарыг

Өвлийн адагтай нь хамт бодсон

Наадамд уралдах морьдоо

Өөрийнхөө ухааныг чивчилж уясан

Нас насны түрүү

Уяан дээр нь үүрссэн

Налайхын Гарамжав манлайг

Наадмын хийморьтой Монгол мартахгүй ээ

Хишиг хурайлсан Айдасын даваа

Өсгий цагаан харыг нь саравчлаад өндөлзөж байхад

Хийморь далласан Алдар толгой

Өнгөлж тойрдог давхилыг нь санаад хотолзож байхад

Хурд сорьсон Цагаан хөтөл

Эвхэж туулдаг харайлтыг нь үгүйлээд атирч байхад

Хурсан олонтой Буянт -Ухаа

Эвлэж гуруйлдаг анираа сонсох гээд исгэрч байхад

Мандах нарны туяаг уяан дээрээ тосоход нь

Малгайн оройнх нь ажнай эвшээж байдаг эрс

Манлайн дээд манлай Гарамжав манлайгаа

Мартаж яахан чадах билээ

Хандгай хийцтэй Тогоруу адуу нь

Харь угшилтай урцалдаж байхад

Хан сунгаа Наадмын толгойд нь

Халхын хурдууд чуулж байхад

Өсгий цагаан харынх нь удам

Арван зүгт хурдалж байхад

Өвлөж үлдсэн хөвгүүдийнх нь хурд

Айраг түрүүтэй уралдаж байхад

Нарны тоостой саарал бүрх духдуулчихаад

Нас насны хурдаа цоллуулан зогссон

Налайхын Гарамжав манлайг

Наадамтай Монгол яаж мартах юм бэ.

Эрхэм таныг 17-р жарны шороон гахай жилд монгол адууны хийморь дагаж яваг. Гарамжав манлайн уяа, хаяа нийлж явсан найз уяачид болон шавь нартаа хэлэх дуртай байсан;

Уяач болох хүнээс үгээ битгий харамла өсөхөд нь хэрэгтэй

Угшил сайтай гүүнээс үнэ битгий харамла өөрт тань хэрэгтэй.

гэдэг үгээр бичвэрээ цэглэе. Алдаа байх аваас хүлцэл өчмүү.

Дэнвэр Колорадо

Шороон нохой жилийн өвлийн адаг сар.