Өсгий цагаан хар
Монгол улсын Манлай уяач Д.Гарамжав агсан Морин тойруулгад уяачаар ажиллаж байхдаа үржил селекцийн ажилд ихээхэн ач холбогдол өгч байжээ. Тэрээр тойруулгын эрлийз азаргануудад шилдэг удамтай монгол гүү хураалган одоо яригдаад байгаа шинэ монгол адууг 30-д жилийн өмнө гарган авч байсан шилдэг бридер байлаа.
Д.Гаравжав нь эртний хурдан удамт адууны өлгий нутаг Галшараас, тэр дундаа их хүлэгч Д.Цэвэгмидээс сайн гүүнүүд шилж сонгон авч тойруулганд азарганд хураалган хурдан адуу гарган авч байв. Тэгэхээр Тойруулгаас төрөн гарсан зарим хурдан хүлгүүдэд алдарт Бөгөн хулын цус шингэсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.
Д.Цэвэгмид гуай хожим нь Д.Гаравжав гуайд Бөгөний угшильтай хээр үрээг азарга тавиарай гэж бэлэглэсэн гэдэг. Энэ хээр азарганы үр нь Жаргалант гүүний төл алдарт Өсгийн цагаан хар азарга. Өсгийн цагаан хар азарганы хурд нь багаасаа л тодорч шүдлэндээ улсын наадамд түрүүлсэн байна. Улмаар МНТ-ны 750 жилийн ой буюу анхны даншигт аман хүзүүджээ. Тэгэхэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нэрт уяач Ишийн зээрд халзан үрээ түрүүлж байв. Энэ халзан азарганы үр төлүүд орон нутагтаа одоо ч хурдалсаар байгаа билээ.
Өсгий цагаан хар азарга хавчиг, долоо, найман насандаа 1993, 1994, 1995 онуудад улсын наадамд дараалан айрагдаж тэр үеийн тэргүүн хурдан азарганы нэг байв. Ер нь 90-д оны дунд үед Цолмон халтар, Өсгийн цагаан хар, Хорлоодойн хар азарганууд л төрийн наадмын азарганы өнгийг тодорхойлж байсан гэхэд хилсдэхгүй биз.
Тэр үед Д.Гаравжав гуай Өсгийн цагаан хар азаргаа мордуулаад явж байхад нь Д.Даваахүү гуай таарч “Ах юунд яараа вэ? Манайхаар орж цай уу” гэхэд нь “Улсын наадамд азарга түрүүлгэх гээд яарч явна” гэсэн гэдэг.
Бөгөний угшильтай Өсгийн цагаан хар азарга улсын наадамд 1 түрүүлж, 3 айрагдсан хурдан хүлэг байв. Харамсалтай нь энэ азарга 1995 онд болсон Өндөр гэгээний даншиг наадамд уралдаж ирээд эндсэн юм.
Өсгийн цагаан харын төл Г.Ганболдын Өсгийн цагаан хээр азарга 2003 онд Архангай аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдэж байв.