Баяндэлгэрийн Доржийн Зээрд
Хүүхдийн халтарын хамгийн хурдан төлүүдийн нэг нь бол яах аргагүй Доржийн цавьдар азарга. Цавьдар азарга сумынхаа наадамд 4 түрүүлж, 5 айрагдсан хурдан хүлэг юм. Цавьдар азарга 13 настайдаа Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд очиж айргийн дөрөвт хурдалсныг Баяндэлгэрээс анхны даншиг наадмыг зорьж очсон бид бүгдээрээ харж, нутгийн азаргаараа бахархаж байлаа. Тэгэхэд улсын наадамд адуу айрагдуулж байсан Цэрэндорж гуай цавьдар азаргыг очиж шинжээд “Их том наадам юм даа. Олон шилдэг азарга цугларсан байгаа. Хэцүү л байх. Гэхдээ цавьдар азарга тун хурдан байна. Багтчихгүй байгаа даа” гэж байжээ. Харин бусад олон уяачид мултарсан байна гэж байсан юм. Үнэхээр ч өвгөн уяачийн шинжсэнээр цавьдар азарга Сүрэнхорын хээр, Үүлэн бор азаргануудын дараа орж, дөрвөлсөн билээ. Энэ наадамд М.Данзаннямын хүрэн тэргүүтэй тухайн үеийн бүх л шилдэг азарганууд ирсэн гэдэг. Цавьдар азарганы төлүүдээс Дорж ахын өөрийнх нь мөлүү цавьдар азарга сумын наадамд 3 айрагдсан бол Насаагийн цавьдар азарга 2 айрагдсан. Харамсалтай нь Насаагийн цавьдар ид залуудаа хөлгүй болсон юм. Дорж ахын цавьдарын төлүүдээс хамгийн хурдан нь Энхбаярын зээрд халзан азарга. Зээрд халзан азарга даагандаа Дорж ахынхаас гарч хэд хэдэн хүний гар дамжаад Лонжидын Нэргүйд очсон юм. Нэргүй агсан бол Ононгийн халзан морины эзэн Лонжид гэдэг хүний хүүхэд юм. Нэргүй ах халзан азаргаа сайн уяж байсан боловч айрагдаж хараахан чадахгүй, 10 дотор л ордог байв. Тухайлбал, сумын 70 жилийн ойд 8, 1995 онд Багахангайд болсон өвлийн анхны бүсийн наадамд 6, 1996 онд Дэлгэрхаанд болсон бүсийн наадамд 9-д тус тус хурдлаад байв. Харин Энхбаяр ах аваад 2 жил дараалан сумандаа түрүүлгэсэн юм. Мөн энэ үеээр Г.Пунцагбалжир агсны нэрэмжит өвлийн бүсийн уралдаанд 2 удаа айргийн 3-т хурдлуулсан билээ. Халзан азарга орон нутагтаа дархалж, Баяндэлгэр, Багануурт 4 түрүүлж, олон айрагдсан юм. Хамгийн сүүлд 17 настайдаа түрүүлж байлаа.
Доржийн цавьдарын төл нэгэн цавьдар азаргыг миний ах Г.Батбаяр авч, 1-2 жил уяж, бас хэдэн төл авсан юм. Дараа нь манай найз Н.Загдрагчаа Г.Батбаяр ахаас авсан юм. Увс аймгийн уугуул, “Монгол-Чех” ХХК-ийн захирал Б.Далай энэ азарганы төл хонгор үрээг Загдаагаас худалдаж авч, 2006 онд Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн наадмын соёолон насанд түрүүлгэсэн билээ.
Г.Дашзэвэгийн бичсэнээс