Монгол улсын алдарт уяач, аймгийн арслан Г.Лааганжав
Монгол улсын алдарт уяач, аймгийн арслан Гүмбэнгийн Лааганжав
Алдархаан сумын харьяат, уул гарал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын хүн. Таван наснаасаа хурдан морь унаж, хүүхэд байхаасаа барилдсан түүнийг нутгийнхан “Гүмбэн зааны хүү юм дуулгана шүү” гэдэг байжээ. Гүмбэнгийн Гэндэн, Чойжин гээд ах дүүсээрээ бөх хүмүүс юм. Аваг ах Цэрэвсамба нь даншигийн үеийн сайн бөх. Г.Лааганжавын унаган үрээгээ сумын наадамд айрагдуулахад Гүмбэн заан “Чиний уяач болох өдий. Харин овооны наадамд ахтайгаа очиж хийморио сэргээ. Овоо хэдэн удаа боорцог түгээх биз” гэж байжээ. Хожим Г.Лааганжав алдартай бөх, алдарт уяач цолтой хүлэгч болон мандсан юм. 1961 онд 19 насандаа Завхан аймгийн баяр наадамд түрүүлж арслан цол авсаад, 1968 онд Говь-Алтай аймагт, 1973 онд Завхан аймгийнхаа 50 жилийн ойд тус тус түрүүлж, бүсийн таван аймгийн үндэсний бөхийн барилдаанд үзүүрт гурван удаа шалгарч, олон шөвгөрчээ. Алтайн уугуул, Алдархааны суугуул хэмээн дуудуулж олон жил барилдахдаа морь уяхын хорхой буураагүй хүн. 1980-аад оны сүүлээр Лааганжавын хундан гэж гоц хурдан морь тодорсон. 1988 онд зургаалж, 1989, 1990 онуудад аймгийнхаа баяр наадамд дараалан түрүүлээд, 1992 онд айрагдсан. Тэр жилээ Алдархаан сумын 70 жилийн ойд аман хүзүүдсэн. Ажнай хээр гээч хүлэг нь шүдлэн хязаалан аман хүзүүдэж, нийлээд дөрвөн удаа арав дотор давхижээ.
1995 оны Сар хайрханы даншиг наадмын үеэр түүний улсын алдарт уяач цолыг гардуулжээ.