Дотоод мэдээ

Адуу тамгалах ёс

Монголчууд намар унага тамгалах ёслол хийдэг уламжлалтай. Адууг хоёр, гурван настайд нь хавар намрын улиралд тамгална. Учир нь үс нь гуужихаас нь өмнө тамгалбал шинэ үс ургасан ч тамга нь тод илэрч, үс нь гуйжсан хойно тамгалбал балархай болдог. Олонх газар заншлаар бол хавар ханшийн үеэр адуугаа дэллээд тамгалдаг юм. Малын тамгыг эхэндээ хүрлээр цутгадаг байв. Төмөрлөгийн эринд орсноос хойш голдуу төмрөөр үйлддэг болжээ. Малын тамгыг хэрэглээд дууссаны дараа ерийн үед хөдөлгөдөггүй, гэрийн баруун талд буюу баруун хойд талаар эсхүл бурхан шүтээний баруун, зүүн талаар нандигнан хурааж хадгална. Одоо бол ихэнхдээ эсгий таарцагт хийж, гэрийн ханын толгойноос дүүжлэх буюу хадгаар ороож унинд хавчуулдаг. Мал таргалах үед тамгаа галд ариулан цагаан идээгээр мялааж, хадгаар ороогоод авч явдаг. Гэхдээ заавал гэрийн эзэн буюу бүстэй хүн морин дээрээ авч явдаг боловч ганзагалж болохгүй. Заавал бүсэндээ хавчуулж буюу үүрч явах заншилтай байжээ. Морио тамгалахдаа нэг л тамга хэрэглэдэг. Гэвч адуу үхэр өсөөд түмийн тоо хүрвэл “түм” тамга хэлхэж тамгалдаг ёстой. Их эртдээ адуу малаа хотгороор хэмжиж баримжаалдаг тоолж барамгүй малтай айлууд сүргийнхээ өнөр өтгөнийг бэлгэдэж “бум” тамга дардаг байжээ. Тамга үйлдэхдээ малын буян хишиг арвижих, элдэв хорлол хөнөөлөөс зайлуулж чадах бэлгэ дэмбэрэлтэй дүрс хэлбэрийг чухалчилахаар үл барам өөрийн угсаа үндэстнийхээ дарханаар хийлгэдэг гэнэ. Тамга үйлдүүлэхдээ үнэ хаялцахыг цээрлэж, дархандаа дээд бэлэг өндөр шан хүртээдэг байжээ. Тамгаа өлзий бэлгэтэй сайн өдөр сонгож гардан аваад гэртээ авчирдаг. Айдуу тамгалахад нэг дэх тамгыг заавал гэрийн эзэн өөрөө дарах буюу айл усандаа хүндтэй, адуу малд хайртай настныг урьж даруулдаг. Тамга дарахдаа тамганы бариулд хагас хадаг уядаг ёстой. Адуунд тамга дарахдаа тамгалах газрынх нь үсийг хайчлах буюу усаар норгосны дараа халуун тамгаа эв зүйтэй дардаг. Тамгыг аргал хөрзөнгийн галаар халааж, хэт улайсгахгүй байх хэрэгтэй. Тамгалахад хэт дарвал мах нь түлэгдэж , дутуу дарвал балархай гарах тул тааруулж дарахыг тун анхаардаг. Монголчууд морь малынхаа хаан дээр тамга дарахыг цээрлэж, ёс алдав, малынхаа булчин шөрмөсийг гэмтээв гэнэ. Адууны зөв талын гуян дээр тамгална. Тун онцгой байдал гарвал буруу талын гуян дээр нь тамгалах нь ч бий. Адууны гуя ташаанаас нь өөр газарт нь тамгалдаггүй. Учир нь адуу хийморьлог амьтан болохоор тэмээтэй адилхан хацар дээр нь тамгалвал үзэмж муутай болж сүр жавхаа нь дарагддаг. Монголчууд адууны зөв талд дарахыг эрхэмлэдэг нь нар зөв эргэх ёсыг дээдэлж, зөв талыг бэлгэтэй гэж үздэгтэй нь холбогдохоор үл барам хөдөлмөрийн заншилтай нь ч холбогдож мэднэ. Мөн адуу малыг зөв талаас нь очиж барьж тавих буюу унаж буудаг тул ихэнх адуу хүнийг буруу талдаа ойртуулдаггүй. Иймээс буруу талд нь гарч тамгалах гэвэл морь үргэж догшрох тул тамгалахад бэрхтэй болно. Бас тамгаа толгойн зүгт нь харуулан тэгш, төв дарах чухал ёс буй. Жишээлбэл, адуунд саран тамга дарахад түүний толгой тал болох сарын хоёр үзүүрийг чанх дээш хандуулж тэгш дардаг. Тамганы дээгүүр алхаж гарахыг онцгой цээрлэх бөгөөд мал тамгалах үедээ тамганы толгойг доош харуулж явах ч цээртэй. Ялангуяа малын тамгаар газар тамгалвал, мал хоргодно гэж үзэн онцгой цээрлэдэг. Худалдах адууны дэл хялгаснаас сугалан авч ишинд нь уяад малынхаа хишиг буяныг тамгандаа хурааж хадгалах заншил буй. Хамгийн сүүлчийн нэг адууг тамгалахдаа

“тамгалсан адуу минь тал бүрхэж

Тэмдэглэсэн адуу минь тэнгэрийн од шиг үржээрэй” гэж ерөөдөг. Адуугаа тамгалж дууссаны дараа оролцсон хүмүүсийг гэртээ урьж, идээ шүүс тавьж, айраг сархдаа сөгнөн цайлж дайлдаг.