Том чихт бор
Нутаг нутагт өөрийн гэсэн бахархал шүтээн болсон домогт хурдан хүлгүүд байдаг. Сүхбаатарынхан нийгмийн хонгороо, Ховдынхон чонон сааралаа, Сэлэнгийхэн Буган халиунаа, гэх мэт. Харин Баянхонгорын бахархал болсон домогт хүлэг юусан билээ. Эргэлдэх зүйлгүй Том чихт бор хэмээх хурдан буян юм.
Том чихт борын гайхамшигт түүхийг хангай хэдэн сумд л муухан гадарлана уу гэхээс говийн сумынхан тэр бүр мэдэхгүй. Дорноговийн нэгэнтээ морь ярьж байгаад танай аймгийн захын хүн Сулинхээр л гэх бий. Эсвэл Өвөрхангайн хэн нэгэнтэй ийм яриа өрнүүлбэл хэн ч Арвайхээр гэнэ. Харин хонгор нутгийнхан хэн нэгэнтэй ийм яриа өрнүүлбэл яах бол. Хонгор нутгийхаа домогт хүлэг Том чихтээ мэдэх болов уу? Үгүй л болов уу? Том чихт бор маань уугуул аймагтаа. Завхан нутагтаа Шарваа хээр нь, Дундговь нутагтаа шанхат хул нь домог болон алдаршсан шиг хонгор нутагтаа тэгтлээ алдаршиж чадсангүй.
Бахархал шүтээнтэй байх сайхан хонгорчуудаа Том чихт борыгоо Баянхонгорын бахархалт хүлэг болгон алдаршуулъя.
Яг Нийгмийн хонгор, Арвайхээр шиг Том чихт борын түүх бол биднээс хол үлгэр домог шиг зүйл биш л дээ. Том чихтийн уяач, унаж байсан хүүхэд, сайн мэдэх хүмүүс нь өнөө ч бидний дунд ажиллаж, амьдарч яваа.
Галуут нутгийн унага Том чихт борын дээд угшилыг хөөвөл бас л зүүн зүгийн адуу л даа. Зүүн зүгтэй бүр нэртэй хүний зүстэй хүү гэдэг шиг халхын их шүтээн Хардал жанжин бээс Пүрэвжаваас Чин сүжигт Номон хан гэгээнд бэлэглэсэн адууны удам юмаа.
Том чихт бор унага байхын л "юмтай" эдгээд байлаа. Гүүн зэл хад чулуутай хатуу ямарч газар байсан газрыг туурайгаараа онгичин, өөрийгөө далд ортол нь ухаад дотор нь ороод хэвтээд өгдөг байсан гэдэг. Насаараа төрсөн нутаг Галуутынхаа дошин дээр босоо уралдаж зэвэрсэн Том чихт бор аймгйинхаа наадамд ирж уралдсан түүх бас их сонин.
1977 онд Том чихтийг 18 настай байхад эзэн Цэндээ нь нэгдлйин адуу дутаасан хэрэгтээ аймгийн мөрдөнд байцаагдаж байсан үе нь наадмын урьдхан байж таарчээ.
Тэр үед цагдан сэргийлэх хэлтсийн дарга морь бөхд дуртай нэгэн байж. Тэр хүн за чи хурдан бор морио аймгийн наадамд авч ирж уралдуул хэрэв чиний тэр морь аймагт түрүүлбэл чамтай хэрэг хэлэлцэхгүй. Тэр нэгдлийн зөвлөлийн хурлаар хэргээ шийдвэрлүүл гээд 10-аад хоногийн өмнө чөлөө олгожээ.
Цэндээ яаран сандран нутагтаа очиж 18 настай хөгшин морио аймгийн наадамд уралдуулахад тасархай түрүүлсэн юм гэдэг. Том чихт бор аймгийнхаа наадамд ганцхан удаа л ирж уралдсан ээдрээтэй түүх энэ буюу.
Том чихт бор аймгийн хаа наадамд 20 уралдсан бол 20 түрүүлэх байлаа гэж.
Том чихт борын бас нэгэн гайхамшигт уралдааныг дурсвал 1985 онд 26 насандаа “ Давсан “талд намар Заг, Байдраг, Галуут сумдуудын шилмэл хурдан 100 гаруй морь 27 км-н замд уралдсан тэр уралдаанд Том чихт барианы газар шогшиж ирж түрүүлэхэд хурсан олон уйлах нь уйлж дуулах нь дуулж угтсан гэдэг.
26 насандаа уралдаанд түрүүлэх байтугай уралдах байх уу?
Том чихт бор ясны хурдан шөрмөстэй адуу байж. Угаасаа цаанаасаа төрсөн онцгой адуу л ийм байдаг байх.
Том чихт борыг тэр үед төрийн наадмын дэвжээнд аваачиж уралдуулж байсан бол төрийн наадмын түүх арай өөрөөр бичигдэх ч байсан юм билүү. Эсвэл халхын дэвжээ, улсын наадамд хонгор нутгийн хурдууд аз, эз нь дутаад байгаа одоо үед том чихт бор байсан ч болоосой.
Ай даа тэгвэл ч ............
Халхын дэвжээнд хонгор нутгийн нэр олонтоо цуурайтах байсан байхаа.
Том чихт бор адуу адуунаас өөр адайр зан, содон шинжүүд их байсан. Халхын их шинжээч Баянхонгорын Галуутын авъяас билэгт хүү А. Батболд “олон сайхан буян үзэж явлаа. гэхдээ том чихт шиг адуу харж явсангүй ээ” гэж дурссан нь бий.
Бас л сайхан дурсамж, сайхан үнэлэмж том чихтэд үүнээс илүү магтаал гэж юу байхав. Халхын их шинжээч халхын их хурдуудыг ингэж хэлээгүй байхад том чихт борд хурдан морины онцгой шинж болох 4 мөчний үе нь дээрээ 8 эргүүлэг байсан гэдэг.
Дөрвөн мөчин дээрээ эргүүлэгтэй адуу маш ховор төрдөг юм гэнэ лээ. Төрдөг нэг нь том чихт шиг домог болон мөнхөрдөг ажгуу.
Бас хойд 2 боривоо ороосон тод шөрмөс зэрэг адуу адуунаас ахиад содон шинжүүд их байсан гэдэг. Том чихт бор их адайр зантай адуу байв. Жирийн унагад их хэцүү, дэргэдээ хажиг адуунаас баригдахгүй, ширүүн ааштай булгина.
Ер нь их шийртэй адуу байж.
Уралдах хйигээд уралдахаар явах нь үнэн тамтай. Ер нь том чихт бор уралдахдаа багахан хэмжээний ший жүжиг үзүүлдэг байсан юм дагуу. Яадаг байсан гэхээр ширүүн ааштай булгидаг болохоор жаахан биетэй жижиг хүүхэд унана гэж байхгүй. Том биетэй хүүхэд унана. Гарааны зурхайд түрүүлж хөтөлж хүргэнэ. Тэр урд 2 хөлөө урагш нь жийгээд хойт 2 хөлөө нуглаад хярсан туулай шиг хэвтчихнэ. Бас болоогүй ээ дээрээс нь 2 хүн дарж байх. Морьд ч эргээд арилж өгнө том чихт борыг араас нь аажуухан босгоод хүүхдийг нь мордуулаад зөөлөн хөдөлгөнө. Ширүүн хөдөлгөвөл хүүхдээ булгиад шидчихнэ. Том чихт бор хэдхэн харайгаад л өмнөх олон хурдыг зогсоо юм шиг хаяна.
Уншигч таньд үнэмшилгүй үлгэр домог шиг худлаа санагдаж байна уу?
Үлгэр шиг үнэн л түүх дээ.
Манай нутагт, манай аймагт нэг ийм адуу байжээ байж.
Эрдэж бярдсан домог түүхтэй эрдэнэст хүлгийн тухай бичихэд миний ч гэсэн бяр амтагтаад байх юм. Аргагүй дээ бичүүлж буй нь том чихт бор юм чинь.
Ай даа бас хүлэг хаа нэг, хааяа нэг төрдөг ажээ.
Том жижиг наадмуудаас нийтдээ 43 түрүү 8 айраг авч, 10 гаран удаа хүүхдээ унагаж домог бүтээж явсан том чихт бор бас л домгийн ёсоор хальсан гэдэг. 29 насандаа Ямбат хайрханы оройд гарч урд 2 хөлөө урагш нь жийгээд толгойгоо урд 2 хөлийнхээ дээгүүр сунгаад хаяа босоо хэвтрээр мөнхөрсөн гэдэг.
Домогт хүлэг том чихт борын домог шиг мөнхөрсөн энэ буюу.
Том чихт борыг хүмүүс мэддэггүй нэг эргэлзээтэй түүх байдаг нь том чихтын эзэн Түмэндэмбэрэл гуай: “1960 оны унага юмаа. Нэгдэлд ирсэн нэг ягаан бор гүү огт унагаладаггүй хэдэн жил болсон. 1959 онд хаваржин, зунжин шахуу манай аймагт манай ах Шаравын аймагт 2 айрагдсан, суманд олон айрагдсан гүү хураадаг бор морьтой хаваржин зуссан юм. Хойтон хавар нь адуу адуунаас том чихтэй хар бор унага гарсан. Манай хүүхэд Цэндээ эхийг нь унаад унагыг нь дагуулаад явж байхад айлын адуу мал үргээд байх юм илжиг гэж боддог юм байлгүй гэдэг байв. Би бодохдоо сайн морь нэг сайн унагатай байдаг гэж хөгшчүүл ярьдаг байсан тэр нь үнэн болж энэ Том чихтыг төрлөө гэж боддог юм даа “ хуучилсан байдаг.
Үүнийг тэрлэгч миний аав адууны заяа шүтэж сонин ховор зүйл их сонсож, цуглуулж явсан нэгэн. Аав маань хонгор нутгийнхаа домогт хүлэг болох Том чихт борын тухай “ сайн морь нэг унагатай” гэсэн найруулал бичиж байлаа. Одоо харин би том чихтын тухай ийн бичиж байна. Би том чихтыг сайн мэдэх хангай нутгийн хүү биш л дээ. Говь нутгийн хүн. Гэсэн ч би хангай нутгийн унага хонгор нутгийн унага, хонгор нутгийн бахархал болсон Том чихтийгээ дурсахгүй байж чадсангүй ээ.
Том чихт бор нь хонгор нутгийн хурдны түүхэнд домог болон мөнхрөх гэж, үнэн худлын орчлонд үлгэр домгыг амилуулж төрсөн түүхт нэгэн эрдэний хүлэг буюу.
Бусад нутгийн домог болж мөнхөрсөн. Эгэл төрж эгэл амьдарсан хүлгүүдээс арай л өөр л дөө. халхын домогт олон хүлгүүдийн дотор Том чихт бор шиг гарааны зурхайд даруулж хэвтэж байгаад өмнөх олон хурдуудыг нэвтхэн туулаад уралддаг шөрмөстэй, цаанаасаа тусгай төрсөн адуу байгаа болов уу? Мэдэхгүй юм даа онгирч гайхуулж байгаа юм биш.
Үгүйсгэж болохгүй үнэн түүх тэгээд ч том чихт бор бол өдгөө бидний цаг үед ойрхон амьдарч байсан хүлэг 70, 80 жил магадгүй 100 жилийн өмнөх түүх бол худлаа гэхсэн дээ.
Ай даа эрдэж, бярдаж дийлж явсан чиний түүх сайхан түүхээ Том чихт бор минь.
Том чихт бор
Эрдэж, бярдаж дийлж явсан эрэмгий хүлэг
Омогшуулж, бахархуулж, гайхуулж явсан омоглон хүлэг
Домог болон мөнхөрсөн босоо хүлэг
Галшар нутгийн удам
Галуут нутгийн унага даа
Халх даяар алдартай
Хонгор нутгийн унага даа
Хардал жанжин бээсээс заяатай хүлгэн
Чин сүжигт Номон ханд заяасан хүлгэн
Эрдэнийн шинж нь бүрдсэн хүлгэн
Ямбат хайрхан даа мөнхөрсөн хүлгэн
Халх даяар алдартай
Хонгор нутгийн унага а