Дотоод мэдээ

Сайн гүүний шинж

Гүүний шинж

            Сайн гүүний бие ханхар, хөл их алцгар, сэрвээ өндөр, бүх бие бөөрөнхий, дөрвөн хөл тэгш, туурай нь зузаан мөртлөө, өвчүүний судас хуруу мэт бүдүүн, хоёр хүнхрээ хонхортой, их гэдэстэй, доод уруул их, урт буйлтай гүү эр унага гаргавал их сайн морь болно хэмээн морины шинжийн сударт өгүүлсэн байдаг.

Гүүний ороо

            Гүүний ороо нь унагалснаас хойш нэгээс хоёр долоо хоног болоод орох ба анхны орооны хугацаанд хээл аваагүй бол 5-7 хоноод хоёр дахь ороо орно. Гүүний ороо 5-7 хоног үргэлжлэх бөгөөд 2-14  өдрийн хэлбэлзэлтэй. Гүү хээлтүүлэг IV-VIII сарын дунд үе хүртэл үргэлжилдэг ба хамгийн ид үе нь V сарын сүүлчээс VII сарыг дуустал байдаг.

Гүүний ороо шинжих

            Зарим газар гүүний ороо орохыг бас гүүний хүй орох гэх ба гүүний  нас, жил, тарга, хүч нь адилгүйгээс нь ороо орох хугацаа нь ч өөр байдаг. Сувай гүү 14-18  өдөрт нэг удаа ороо ордог. Гүүний ороо орсон эсэхийг түүний зан араншин, гадна шинж байдлаас ажиглан мэдэж болдог. Ороо орсон гүү сүрэгтээ янцгааж үүрсэх нь ихэсч, өвс идэж ус уух нь багасч байнга шээнэ. Азарга хармагц янцгааж үүрсэн ойртож сүүлээ байнга хөдөлгөн, бага багаар шээнэ. Зан авир нь догширч явж хөдлөх нь түргэсэн хажуу хавиар нь адуу очвол хазаж өшиглөөд тогтвор муутай болдог. Бие нь бага зэрэг хавдаж үл мэдэг урвайж улайн салст шингэж гоожно. Энэ үед азарга гишгэвэл амархан хээлтэнэ. Гүү зөвхөн орооныхоо үед азаргыг ойртуулдаг. Зарим үед гуравдугаар сард унагалахаар тооцоолж хээлтүүлэгийг хийдэг.

Хээлтэй гүүний шинж

            Хээл тогтсон / хээлтсэн / гүү адуун сүрэгтээ ээнэгшин тогтож, тарга хүч авах нь хурдан бөгөөд гэдэс нь талбиу, сайтар ажиглавал цавин дахь эргүүлэгийн үс нь боссон байдаг аж.

            Ихэнх гүү 3-р сараас 7-р (Монгол нутгийн бэлчээрийн маллагааны нөхцөлд хаврын эцэс, зуны эхэн буюу 5, 6 сард хээлтэнэ) сарын аравдад азарганд хураагдаж  байдаг тул энэ үед сайтар ажиглавал хээлтсэн эсэхийг хялбар мэдэж болно. Мөн азарга гүүгээ тоохгүй байвал тухайн гүүнд хээл тогтсоны шинж.

            Хээлтэй гүүг эхний сард уналгад ашиглаж болно, арван зургаан долоо хоногийн дараа ч гүү хэвийн давхиж чадна. Унага эхийн хэвлийд атирч байрласан байна. Гүүний хээл сүүлийн дөрвөн сардаа хамгийн их томордог бол сүүлийн нэг сард унага урд хөл толгойгоороо хэвлээс гарахад бэлэн болж байрладаг ажээ.