Айдасын давааг зүүдэлсэн хар азарга
Б.Бумхүү 1997 онд Өнөөдөр сонин
Сонгинын хар гэхээр Завханыхан болоод хил залгаа ойр хавийн аймаг сумынхан нэгэн жилийн сар хүрэхгүй хугацаанд хоёр аймгийн дөрвөн том наадмын түрүүг дараалан авч тодорсон Завхан аймгийн Сонгино сумын Намсрайхүүпгйн хар азарганы тухай яриа болохыг андахгүй.
Сүүлийн гурван жилд баруун хэдэн аймгийн уяачид морь сонирхогчдын анхаарлыг татах болсон энэ азарга Шар нуруу хэмээх их модот хөндлөн хөглөгөр нурууны ар тэлгүүн, шар дэнж дээр тэнцсэн унага. Д.Намсрайхүүгийн унаган адуу билээ.
Нэгдэл нийгмийн үед уяад байх морь ч ховор, цаг зав ч бага байсан болохоор Намсрайхүү хааяа ганц нэг морь уяна. Гавьтай ч давхиж байгаагүй Зарим жил алсын аян тууврын замд явчихдаг байсан аж. Өмч хувьчлалаар өөрийн товхийсэн малтай болж, бас ч цаг зав гарснаар том хар гүүнээсээ гарсан хар даагыг уях гэтэл ардаг аашийг нь дийлэлгүй ганц нэгхэн үсэргээд тавьжээ.
Хойтон жил нь сойж, цулбуурт орсон бол хязааландаа наймд иржээ. Жил жилээр ахисаар соёолондоо гурвалсан байна. Хязааланд нь засаж хөнгөлөх гэтэл ороолж хулжаад гүйцэгдсэнгүй, тэгээд ч хэрэгтэй байсан тул тэр чигт нь азарга тавьчихсан хэрэг.
Хавчиг зургаан насандаа азарганд сумандаа тасархай ирлээ. Түрүүлсэнд нь урамшсан эзэн нь давхар уяагаар хоёр зуу гаруй км зам туулан аймгийнхаа 70 жилийн ойд хөдөллөө. Газар газрын хурд цугласан аймгийн ойн азарганыуралдаан будилж, аз эз хоёр давхцан түрүүлж ирсэн хэдий ч хүүхдийн дугаар зөрсөн хэмээн хараахан нэр цууд гарч чадаагүй Сонгины хар азарга хасагджээ. Хасагдсан хэдий ч азарга, эзэн хоёр энэ наадмаас багцаагаа мэдэж буцсан. Хойтон жилийн наадам гэж бас бий.
1994 он Намсрайхүү, хар азарга хоёрын хувьд чухам наадмын аз шовойсон жил байлаа. Сумынхаа наадамд түрүүлсэн хар азарга баярын дараа болсон Баянтэс сумын 70 жилийн ойд очлоо. Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Увсын Зүүнхангай, Өндөрхангай, Баруунтуруун гээд чухам л жинхэнэ Тэсийн голын хурд цугласан наадам боллоо.
Энэ наадамд хар азарга нэг километр шахуу тасархай ирээд барианы хүмүүс рүү хадуураад орчихов. Араас нь нэхэж явсан Хөвсгөлийн Цэцэрлэгийн хээр азарга будилж байх хооронд нь дэргэдүүр нь өнгөрч, наадамчид хээр азарга түрүүллээ дээ гэж байтал морьтой хүмүүсээр шахуулж, уралдааны замд орсон хар азарга урьд нь барианд өөр азарга орж байгааг хараад сандарсан юм шиг хоёр гуравхан харайгаал зөв талын бөөрөнд нь наалдах тэр агшинд «Бариа». Энэ үйл явдал ердөө хэдхэн агшинд болоод өнгөрсөн тул гайхаж алмайрсан наадамчид гэнэт түрхрэн «Сонгинын хар» хэмээн шуугилдаж хар азаргыг даган бүчиж билээ. Энэ наадмаас Намсрайхүү, хар азарга хоёр гэртээ харьсангүй. Увсын Өндөрхангайд болох Луу жанжин гүний 140 жилийн ойн наадмыг зорилоо. Эзэн хүлэг хоёрт чухам уралдаж, түрүүлэхийн дон шүглэж гэмээр. Өндөрхангайд хар азарга мөн л хол тасархай ирж, «Сонгинын хар» хэмээх холбоо үг уяачид, наадамчдын ярьдаг гол сэдэв болов. Тэр л намраа Цэцэн-Уул сумын Нартын овооны хүн, хүлэг хоёр чамгүй цугласан том наадамд мөн л тасархай түрүүллээ.
1995 он. Монголын уяачдын холбоо баруун аймгуудын хурдан морины «Морин эрдэнэ бат оршил» наадмыг анх удаа Завханы Дөрвөлжин сумын нутаг Завхан голын хөвөө Сар хайрханд хийхээр товложээ.
Өмнө жилд дөрвөн наадмын түрүү авсан Намсрайхүүд Уяачдын холбоо тусгай шагнал гардуулсан байлаа.
Урьд жилийн олон түрүү, уяачдын холбооны шагнал хоёрт урамшсан Намсрайхүүгийн сэтгэлд Сар хайрханы наадам чухам нэг багтаж байв. Сумын наадмын өмнөх үсэргээ сунгаанд хар азарга өөрийн зиндаагаа голж их насны морьдтой хүч үзнэ. Ойрхон зуурын үсэргээнд тэдэнд гүйцэгдэлгүй, хол сунгаанд сумандаа дархлагдаад байсан Цэдэн- Ишийн бор моринд л барианы газар нөмрүүлдэг байв. Сумынхаа наадамд тасархай түрүүлсэн ч хар азарга нэлээн шувтарсан шинжтэй харагдана. Баярын дараа давхар уяагаар Их Монголы элс туулан 200 гаруй км хол Сар хайрханыг зорилоо. Хүрэх газрынхаа хаяанд дөхөж явах замд нь Завханмандал сумаас төрсөн бизнесменүүд нутагтаа баяр хийж байхтай таарч цуг яваа зарим уяачид хорьсоор байтал энэ наадамд хар азаргаа явуулж, хар азарга ч нэг их юм болсон шинжгүй километр орчим тасархай иржээ. Завханмандалын баячуудын мөрийний даагыг хөтөлсөндөө эрэмшсэн эзэн Сар хайрхан орох замдаа зүгээр ч үгүй зам гудас найрласаар хүрчээ. Баярын урьд өдрөөс хар азарга усан чацга алдаж эхлэхэд эзэн сая л сэхээ орсон ч нэгэнт оройтсон байлаа. Азарганы уяа мултарч, дээр нь хангай газрын энэ адгуус нар элс хоёр төөнөсөн говийн нүцгэн хөрснөөс элс шороо хамахаас өөрийг олж идэж чадахгүй, худгийн хужиртай ус мөн нэрмэж гэдэс нь зайлагдсан байв. Нутгийн таних танихгүй олонд зэмлүүлсээр Намсрайхүү дэмий толгой гудайн сууна.
«Уралдах ёстой наадам чинь Завханмандалын даага байсан юм уу» хэмээн загнуулна «Намсрайхүү хар азаргаа хөтөлж ирсэн юм уу, хар азарга нь Намсрайхүүгээ хөтөлж ирээ юу» хэмээн зарим нь тохуурхана. Яалтай ч билээ. Нэгэнт зорьж ирсэн юм болохоор гаргаад үзэхээс гэсэн шүү юм бодож мордууллаа. Тэр жилийн улсын наадмынхаас олон азарга барианаас гарахад Сонгинын хар цээжинд өнгөлсөөр явлаа. Газрын тал дөхөж ирэхэд сууж эхэллээ.
Гэнэт УАЗ-тай хүмүүс хэрэн давхиж «Алах гээгүй юм бол наад азаргаа тат» хэмээн загнаснаар хар азарга замаас гарлаа. «Улаанбаатараас ирсэн уяач Д.Даваахүү судлаач А.Баярмагнай хоёр хар азаргыг татуулсан» хэмээн наадамчид ярьж байлаа. Нутгийнхан нь хүүхэд хөгшидгүй Намсрайхүүг загнах нь загнав. Арга ч үгүй юм. Өнгөрсөи жилийн Баянтэс, Өндөрхангайн баярт хар азарганы хаана нь ч үгүй хоцорч байсан Баянтэсийн хээр азарга энэ наадамд түрүүлж, Зүүнхангайн хээр азарга удаалж, хэдхэн хоногийн өмнөх Завханмандалын баярт километр шахам, хоцорч аман хүзүүдэж байсан Цэцэн-Уулын хээр азарга гурвалсан болохоор ингэж шувтарчихаагүйсэн бол хар азарганы хаана ирэх нь даанч тодорхой байсан хэрэг. Гэхдээ Намсрайхүү энэ наадмаас адгуусны эр чаддаас гадна хүний ур ухаан хэрэгтэй гэдгийг ойлгож буцлаа. Том наадам уяач хүнийг сургаад өгдөг нь тэр аж. Сар хайрханд тэр жил Тэсийн голын унага тэр чигээрээ, Ховдын алдарт мянгадын саарал, Хөх морьтын хөх морьдын удам гээд алдарт Хишигбатын өндөр хонгорыг урдаа гишгүүлж үзээгүй Хөвсгөлийн Цэцэрлэгийн хулгар хээр хүртэл Монголын баруун хэсгийн чухам хурдны манлай цугласан байлаа. Энэ наадмын зургаан насны айргийн тавд Тэсийн голын болоод тэр зүгийн нутгийн морьд ирсэн бөгөөд ганц Говь-Алтайн хүрэн халзан (Хэнтий унаган) азарга айрагдсан билээ. Тэсийн голын унага хурдаараа төдийгүй жороогоороо гайхуулж, цуутай торгуудын жороог урдаа гишгүүлээгүй юм.
Сар хайрханы баярын дараа «Энэ хар азарганы наадам дуусав бололтой. Лав гэм суусан байх» хэмээн ярьцгаах болж «Хойтон сумынхаа 70 жилд нэг үзэх юм даа» гэлцэнэ.
1996 оны хөх ногооны униар хөвхөлзсөн зуны эхэн сараар хар азарга өнгө засч, өнгөрсөн жилийн Сар хайрханы баярын дараахан хавар цагийн говийн туранхай зээр шиг харагдаж байсантай нь зүйрлэх аргагүй авдар шиг дөрвөлжин амьтан адуугаа хураан тэвхэлзэж байлаа..
Улсын баяр дөхөж байсан ч сумын нь 70 жил баяраас хойно болох байсан тул Намсрайхүү хар азаргаа барих гэж яарсангүй. Улсын баяраас гурав хоногийн өмнө барьж уяад зэргэлдээ Түдэвтэй сумын наадамд хөтөлжээ. Түдэвтэйн баярт хар азарга тэдний шинэ гарч ирсэн хээр азаргыг барсангүй. Наадамчид ч урьд өмнөх оношоо баталсандаа харин ч сэтгэл хангалуун байгаа бололтой.
Намсрайхүү өөрийг бодсоор буцлаа. Хашир хүн гэж, хаширсан хүнийг хэлнэ. Сонгино сумын 70 жилийн ой долдугаар сарын сүүлчээр болж, ойр хавийн хурдчуул бүгд энд ирцгээжээ. Азарга гарахад наадамчид хар азаргыг мартсан мэт байв. Харин эзэн нь дотроо нэгийг бодож сумынхан нь цаанаа битүүхэн горьдоцгоож байлаа. Эргэх газраа хүрэхэд хар азарганы хүүхэд бие засах гээд буутал азарга эргэчихэж. Мунгинасаар байж нэг юм мордож араас нь нэхлээ. Газрын талд орж ирэхэд хар азарга арван азарганы ард явлаа. Барианы газар харагдаж эхэлдэг Хүйтэн толгойн шилээр цээжинд гарч ирж, барианы зүг уруудах тэрхэн хооронд өмнөх таван азаргыг нэг дор гүйцэн тасарлаа. Хөлсөндөө халтартан зүс нь бүдгэрч тасархай ирж яваа хар азаргыг хаанахын хээр азарга болохыг ам уралдан тааж байсан наадамчид сурсан зангаараа унасан хүүхдэдээ дийлдэлгүй хүмүүсийн ар хударгаар хадуурч ороход нь «Сонгинын хар» хэмээн дуу алдацгаалаа. Морьтой цагдаа замд нь оруултал хэдхэн харайгаад л тугны хажуу талын хүмүүс рүү давхиад орчихов. Нэгэн морьтон хөтөлж гаргаж, тугны хоорондуур шогшсоор барианд ороход дараачийн азарга эгнэсэн наадамчдын өмнүүр дөнгөж орж ирж байлаа. «Сонгинын хар» өнгөрсөн жилийн уяанаас гэм суугаагүй гэдгээ батапж, Зүүнхангайн өндөр хээр азарганы эзэн «Энэ хартай л үзэх гэж ирсэн юмсан, дийлдэхгүй хурдан адгуус юм» гэсээр инээж байж билээ. «Сонгинын хард» аймгийн бэлтэй баячууд хоёр саяыг амлаад ч Намсрайхүү халгаагаагүй гэдэг. Харин өнгөрсөн өвөл уулзахад «Улсын наадамд уралдахсан гэж л бодох юм. Даанч санаа байгаад сачий хүрэхгүй юм. Богд уулын наадамд уячих тэр зүгийн уяач ирээд хоёр саяыг амлавал ч би өгчихнө шүү. Аймгийнхан бол яахав дээ. Хар азарга бид хоёрын дуусгачихсан наадамд л тавина биз дээ. Мөнгө яахав. Нэр нь л байна» хэмээн Намсрайхүү ярьж байсан.
Наадмын морьдын төвөргөө, хүүхдийн гийнгоо анирдсан зуны эхэн сарын энэ л өдрүүдэд арван насны ааг, хурд хоёроо багтааж ядсан энэ хурдан азарга хөх ногооны униар татсан хангайн сайхан царманд хөхөөн дуунд уясан алс холын Айдасын давааг зүүдлэн, соотон хоёр чихээ солбин солбин зогсоо.