Дотоод мэдээ

Манлай уяач Х.Сүрэнхор: Миний хээр азарга Өвгөн ноёны эрдэнийн хүлэг ч байсан юм билүү...

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын дөрөвдүгээр багийн Засаг дарга Монгол Улсын алдарт уяач, мянгат малчин Х.Сүрэнхорыг нийслэлд ирээд байхад нь манай сурвалжлагч уулзаж ярилцав. (2000 оны ярилцлага)

-Хотод ямар ажлаар ирэв дээ?

-Хувийн, албаны ажлыг аль алины нь хослуулж ирсэн. Багийн засаг даргын хувьд багийн төвтэй болох, залуу уяачдын сургууль байгуулах талаар Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Н.Түвшинтөгсөөр дамжуулан хөөцөлдөх ажил бий.

-Залуу уяачдын сургууль байгуулах ажил хэр урагштай байна аэ?

-Би дороо, таван жил залуу уяачдын сургуулийг байгуулъя гэж хөөцөлдөж байгаа. Одоо байшин нь баригдаж байна. Юуны наадмын комиссыг цэвэршүүлээд дараа нь миний яриад байдаг залуу уяачдын сургууль дэгийг байгуулчихвал Монголд хэрэгтэй л зүйл болно. Мэргэжлийн гэхээ больё гэхэд морь уях талаар уях талаар заалгасан шавь нар гараад ирвэл бие биенийхээ моринд халддаг асуудал гарахгүй байх. 1992 онд би залуу уяачдын гарын авлага гэдэг ном бичсэн. “Морь уях заавар” гэдэг жижиг ном гарах байсан боловч тэрхүү номоо сургалтын програм болгочихсон. Сургуулиа хурдан байгуулаад хүүхдүүдэд жаал жуул юм зааж өгөх хэрэгтэй байна. Урьд нь энэ сургалтыг зайнаас хийнэ гэж Зундуйн Доржтой ярьж байсан. Гэтэл уяачийн мэргэжлийг зайнаас эзэмших нь байтугай зай завсаргүй адуу дагаад ч сурахад бэрх эрдэм

-Уяач гэдэг ардын уламжлалт өвөрмөц мэргэжил гэж та хэлсэн санагдана. Мэргэжлээ үр хүүхэддээ өвлүүлэх талаар боддог уу?

-Залуу уяачдын гарын авлага номоороо сумын төвд долоохон хоног хуүхдүүдэд хичээл маягийн юм заасан. Суралцсан хүүхдүүдээс өнгөрсөн жил миний 19 настай хүү, хичээл заалгасан хэдэн хүүхэд Дэлгэрхаанд давамгайлж сүүлийн үеийн айраг түрүү бүгдийг авч байна. Хүү маань өнгөрсөн жил намайг Хархорин явсан хойгуур морио бие дааж уяад гурван түрүү, нэг айраг, нэг аман хүзүү авсан байсан. Тэгэхээр мэргэжлээ гайгүй л өвлүүлж байх шиг.

-Таны хээр азарганы үр төлөөс бий юу. Та ер нь олон азаргатай юу?

-Миний хээр азарга Орлой угшлийн эцэгтэй, Галшар адууны эхтэй. Орлой Галшар бараг нэг удмын адуунууд юм л даа. Хээрийн эхээс төрсөн нэг азарга, өөр гурван азаргатай. Би чинь бараг азаргагүй болж байсан хүн. Нэг жилд багтаад медальтай 16 азарга маань үхэж байсан. Дөрвөн азарга маань 3-4 удаа дөрвөн удаа түрүүлээд байна. Тэгэхээр хээр азарганы амжилтад хүрэх эсэхийг хараахан хэлж чадахгүй. Уралдааны адуу эргэхдээ 70-80 милльтэй явдаг. Газрын дунд 50-60 милльтэй явна. Миний хээр азарга барианаас гарсан цагаасаа л 60 милльтэй явсаар барианд ордог адуу байсан.

-Монголчууд эртнээс хурдны удмыг авч үлдэнэ гэдэг утгаараа хурдан азаргыг үхэхэд толгойг нь нутгийн овоонд тавьдаг заншилтай. Зарим нутагт гүү унагалдаг хонхор газар тавьдаг. Та хээр азаргаа хэрхэн онголсон бэ?

-Азаргаа үхүүлээд цогцсыг нь тээгээд л нутгаа зорьсон. Нутагтаа очоод Оорцогийн хонхор гэдэг газар хүний ёсоор оршуулсан. Туурай, толгой нь надад бий. Гэрт байлгаад байхаар мөргөнө шүтнэ гээд л олон хүн ирдэг байсан. Тэгэхээр нь ууланд аваачиж онголсон. Одоохондоо энэ нууцыг хэнд ч хэлдэггүй. Сургуулиа байгууоаад түүнмйг авчирна гэж боддог. Ер нь хурдан морины толгойг өндөр уулын оройд тавибал алсад очиж төрдөг, өөрийн ижил сүрэгтээ эргэж төрдөггүй. Хотгор буюу хонхор газар тавибал төрсөн нутаг ижил сүрэгтээ төрдөг гэсэн домог яриа байдаг. Хүн өөрийн ойлголтоороо зарим нь өндөр уулын оройд, зарим нь хотго газар тавьж нутаг ижил сүрэгтээ төрүүлнэ гэдэг байх.

-Өвөл морь уралдуулах боллоо.  Энэ ер нь зөв үү? Энэ талаар та ямар бодолтой яадаг вэ?

-Энэ асуудлыг дөнгөж энэ жил ярьж байгаа хэрэг биш. Үүнийг олон жил ярьж байна. Миний хувьд уралдуулж болох морьдыг өвөл уралдуулж байх хэрэгтэй гэж боддог. Болох морь гэдэг маань махбодийн хувьд ялгаатай хэлж байгаа юм. Гал махбодитой адууг өвөл уралдуулдаг, усан мах бодитойг зун уралдуулдаг. Гэхдээ өвөл олон уралдуулахад адуунд тийм ч зохимжтой биш санагддаг. Бэлчээрийн маллагаатай адуу олон уралдаад байвал эр бяр нь дутаж магадгүй. Сүүлийн үед өвлийн уралдаанд голдуу тэжээлийн морьд уралдаж байгаа. Тэжээлийн морьд өвсний морьдтой адилгүй. Тэжээл гэдэг чинь халуун чанарын эд шүү дээ.

- Энэ жилийн уралдах морьдыг 500, уралдах хүүхдийг 150 мянгаар даатгуулах тухай ярьж байгаа?

-Зах зээлийн өнөөгийн нөхцөлд хохиролгүйгээр наадах гэсэн санаа юм болов уу гэж би ойлгож байгаа. Энэ утгаараа болох асуудал юм даа. Цаад утгаараа монгол хүн морь уралдуулахдаа тэгнэ ингэнэ гэж муу юм боддоггүй. Даатгуулахгүй уралддаг байсан нь монгол үндэсний уламжлал. Гэтэл морьдоо даатгуулна гэдэг нь адуу үнэд орсон явдалтай холбоотой юм болов уу.  Суулийн үед Улаанбаатарын чадалтай уяачид энд тэндээс шилдэг морьдыг үнэ цохиж худалдаж авчихаад юмыг яаж мэдэх вэ юу ч болох юм билээ гэсэн санаа өвөрлөж арга сүвэгчилж байгаа юм болов уу.

-Улсын наадамд холоос ирсэн уяачдыг гадуурхаж, дарамтлах явдал гардаг гэсэн. Энэ талаар та юу хэлэхсэн бол

- Ийм яриа бий. Үүнийг үгүйсгээд ч хэрэггүй байх. Энэ бол наадмын комистой холбоотой асуудал. Наадмын комиссын даргыг дээрээс томилдог. Харин гишүүдийг томилохдоо аймгуудаас уяачдыг хариуцаж ирсэн даа нарыг оролцуулах хэрэгтэй. Тэгэх юм бол хэдэн биедээ хяналт тавиад, бүх морьд эзэнтэй уралдана. Янз бүрийн гомдол, тэмцэл гарахгүй.

Пунцагбапжир талийгч байхад аймгаас уяачдыг ахалж ирсэн хүмүүсийг наадмын комисст оруулъя гэж тохирсон. Хойтон жил нь би Хэнтий аймгаас хэдэн уяачидтай ирсэн Комисст оруулах хүнээ нэг хоногийн өмнө хотод ирүүлсэн. Харамсалтай нь биднийг ирэхэд нөгөө хомисс нь Улаанбаатараас гарчихсан байсан. Улаанбаатараас наадмын комисс гарчихаар Улаанбаатарын морьд эзэнтэй, хөдөөгийн морьд эзэнгүй уралдаад байдаг юм. Аймаг болгоноос ирсэн хүмүүс энэ хомисст орчихвол аймаг болгоны морь эзэнтэй болно.

-Зүүн аймгийн адууг Монголын хурдны эх гэлцэх нь бий. Сандагдоржийн хар азарга, Дугарсүрэнгийн саарал үрээ улсад хэдэн удаа түрүүллээ. Таны хээр азаргыг гүйцэхээр морьд танай нутагт байна уу?

-Одоогоор яг барианд орохдоо 60 милийн хурдтай адуу одоохондоо гараагүй болов уу гэж боддог. Дээд тал нь 55 милийн хурдтай орж ирж байгаа.

-Таны хээр азаргыг тас хар шүдтэй, сугандаа гуурстай байсан гэж хүмүүс ярьдаг. Танд ажиглагдсан зүйл бий юу.

-Миний хээр азарга барианд орохдоо зүгээр л гүүглүүлэлгүй, гуядуулалгүй 60 миллийн хурдтай орж ирдэг байсан. Тэрний би адууныхаа хурдан байна уу, аль эсвэл эрхтэндээ байна уу гэдгийг үзээгүй. Хайртай адуугаа үхүүлчихээд гуурсыг нь үзнэ гээд хутга бариад очих зүрх надад үгүй. Ямар ч байсан хээр азарга маань бусад адуутай ижил байгаагүй. Уяхаар бүх шүд нь тас хар болчихдог. Зөв талын ташаан дээр нь том гэгч цагаан мэнгэ гарчихдаг тавихаар алга болчихдог байсан. Энэ мэт зүйл ажиглагддаг байсныг бодоход жирийн морь байгаагүй байж ч болох Магадгүй Өвгөн ноёны номон дээр бичсэн эрдэнийн хүлэг ч байсан юм бил үү

-Хурдан удмын морьд үнэ хүрэх болсон бололтой ер нь морь худалддаг уу? Худалдаж авдаг уу?

-Би ер нь хүнээс морь авдаггүй. Үржлийн аргаар хурдан адуу гаргах талаар л ажиллаж яадаг хүн. Азарга тавих адуу, сайн гүүг шилж сонгох чухал.

Уяач хүн азарга, гүү хоёрыг тохируулж харах ёстой. Түүнээс биш аз таараад хүнээс сайн морийг үнэ цохиж худалдаж аваад л айрагдуулж байгаагаараа уяач болчихож байгаа юм биш.

-Ямар ч уяач олон морь сойдог, харин ганцхан нь эзнээ өөд нь татдаг гэдэг үг ямар учиртай юм бол?

-Уяач хүнд чинь нэг л сайн адуу заяавал тэр хүнийг өөд нь татчихдаг. Тухайлбал Лхүндэв Лхүндэв гээд л байгаа, гэтэл түүнд ганц л хонгор морь байгаа биз дээ. Хэнтийн Дугарсүрэн уяач олон сайхан адүүтай, элбэг хээрийн удмын адуутай хүн л дээ. Гэтэл саарал үрээ нь түүний нэрийг гаргаж байна. Уг нь Сүрэнхор гуай олон адуутай хүн байж ганц морьтой юм шиг гэж хүмүүс хэлнэ шүү.

-Гадаад олон оронд адууны удам, угшлыг тодорхойлж ургийн бичиг хөтөлдөг гэнэ билээ. Та адууныхаа удам угшлыг бичиж тэмдэглэдэг үү?

-Адуугаа үнэхээр сайжруулья гэсэн хүн маш нягт нямбай судалгаа хийж,  төрсөн унаганы эцэг эхээс авахуулаад бүх зүйлийг тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ энэ асуудал манайхны хувьд сайн дурын асуудал болчихоод байгаа. Уг нь ингэж хөтөлж байж л сайн адуу гаргадаг. Миний хувьд адуугаа гурав дөрвөн үеэр нь мэддэг болохоор нэг их бичиж тэмдэглэхгүй юм даа. Ийм зүйл байх хэрэгтэй.

Н.НАРАНБИЛЭГ

Ш.БОЛОРМАА