Тэс адуу
ТЭС ҮҮЛДЭР
Тэс омгийн адууг 2019 оны 11-р сард ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар шинэ үүлдрээр баталж энэхүү адуу нь олон улсын генийн санд орсон.
Тэс адуу шинэ үүлдрээр НҮБ-ын ХХАА-н байгууллага ФАО–д бүртгэгдэж түүний хамгаалалт хяналтад байхаар болжээ. Үүлдрийн зохион бүтээгчээр Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн, ХАА-н ухааны доктор Л.Чой-Иш, Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц нарыг баталж, энэхүү үүлдрийн адууг бий болгоход олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан гурван аймгийн малчид, мэргэжилтэн, удирдах ажилтан 31 хүнийг Тэс адууны үүлдрийн идэвхтэй дэмжигчээр баталсан байна.
Увс, Завхан, Хөвсгөл аймагт өсгөн үржүүлж байгаа Тэс удмын адуун сүрэг дээр Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц, хөдөө аж ахуйн ухааны доктор Л.Чой-Иш, Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн нар хамтран ажиллажээ.
Тэс адуунд бий болсон удам бүлийг баталгаажуулахаар, адууны цусны дээжүүдээс ген буюу геномийн ДНХ-г Олон улсын нийгэмлэгийн лабораторийн стандартын дагуу ялган анализ хийж, дэлхийн бусад үүлдрүүдтэй жишиж үзэхэд бие даасан (популяци) буюу үүлдэр болохыг ийнхүү 2019 онд баталсан. Тэсийн голын 568 км уртын дагуу, гурван аймгийн байгаль, экологи онцлогоор нь гурван удам, зургаан бүл бүхий 100-аад мянган цөм сүргийн адуу ийнхүү дэлхийд данстай “Тэс” үүлдрээр батлагдсан билээ.
Тархалт:
Монгол орны баруун хойт хэсэг Тэсийн голын сав газраар буюу Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Завхан аймгийн Баянтэс сумдад Тэс үүлдрийн адууны цөм сүргийг үржүүлж Увс, Хөвсгөл, Ховд аймгийн хил залгаа сумдад сайжруулагчаар ашиглаж байна.
Тэс үүлдрийн адууны онцлог:
Тэс адуу нь Тэсийн голын сав газрын байгаль орчны нөхцөлд тухайлбал өвөл цас их унадаг, -50 хэм хүртэл хүйтэрдэг, зун нь халуун, элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт сайн зохицсон бие томтой, том далбагар туурайтай. Тэс адуу нь уналга-мах, мах-уналгын хэвшилтэй. Үндсэн зүс нь улаан хээр, хээр, бор, хул, зээрд юм.
Биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт:
Азарга, Биеийн хэмжээ, см
Намрын амьдын жин, кг: 360-450
Сэрвээний өндөр: 130-135
Цээжний бүслүүр: 163-170
Биеийн ташуу урт: 138-140
Шилбэний бүслүүр: 18-20
Гүү, Биеийн хэмжээ, см
Намрын амьдын жин, кг: 320-360
Сэрвээний өндөр: 128-133
Цээжний бүслүүр: 160-168
Биеийн ташуу урт: 133-138
Шилбэний бүслүүр: 16-18
Хоногийн саам, л: 3.2-4.0