Од хээрийн Г.Дарханбаатар уяач
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Галсандондовын Дарханбаатар уяач цөөн жилийн дотор одтой сайхан наадаж аймгийн алдарт уяач болжээ. Тосон нутгийн адуу сэргэх, Завхан аймагт энэ сумынхан одтой наадаж эхлэх, энэ хүний хурд хурах хоёр яг л давхцав уу гэлтэй.
Тэртээ 1995 онд Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин, сумын алдарт уяач, Улсын хошой тэргүүний анчин Санжаагий Буршаа гэж хадам ааваасаа морь шинжих, уях арга барилыг заалгаж морь уяж эхэлсэн. Үндсэндээ анхын багш нь гэж хэлж болно. Энэ хүн морь шинжих эрдэмд төгс сайн, шинжсэн адуу яг л хэлснээр нь давхидаг айхтар нүдтэй хүн байв. Г.Дарханбаатарын аавын дүү Идэр сумын Мануустай багийн харьяат Монгол улсын морин спортын мастер, уран уургач, аймгийн алдарт уяач Банзрагчийн Лхагважаргал (нутгийнхан Хавтага гэх) насаараа нэгдэл адуу малласан хүн юм. Энэ хүн улсын аваргын хошой мөнгөн медальтай, тусгай байранд гурван удаа орж байлаа. Аймгийн алдарт уяач Данаажавын Жамбалдорж гэж аавынх нь бас нэгэн дүү байх.
Г.Дарханбаатартай Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Атар Баянхангайгаар нутагтай "аархал" хэмээх Лхагвасүрэн танилцаж төрд орох нэг адуу олж өгнө хэмээжээ. Чингэхдээ улсын начин Г.Бат-Амгалантай хамт явсан хэмээдэг.
2015 оны шинэ жилийн дараахан юм. Улаанбаатарт нэг сайн адуу байна үзэж ав гэжээ. Улсын алдарт уяач, алтан унаганы эзэн Пүрэвийн Баяраагийн ах Баянмөнхөөс адуу авахаар болов. Нисэхэд хашаанд очиж үзэхэд, жижигхэн хээр унага, туранхай шүдлэн хүрэн байдас угтсан байна. Дотоо ихэд голж ийм хумсын чинээ жижиг, ийм эхтэй адуу хурдан ч гэж хэцүү юм даа гэж бодогдож. Төрд ордог ч дээ гэж санагдаж. Тэр үед Одуукагийн таван цагаан буюу Мөнх-Одын таван цагаан гэдэг морь Завхан чигт ид хурдалж, наадам бүхэнд айраг түрүү авч алдаршиж байсан цаг юм. Таван цагаан, багадаа Завханд хоёр түрүүлсэн Уулсын Галаагийн борлог морьд Г.Дарханбаатарын Тосонцэнгэл дэх хашаагаар нааш цааш ачигдаж уягдаж байсан цаг. Эдний адуучин Идэр сумын Мөнхбат тэд хуурай ахан дүүс. Бие биенээрээ орж гардаг, шинэ цагийн уяа, тэжээл, үржлийн талаар харамгүй санал бодол солилцдог. Том наадмын дов үзсэн хүний үг ч үнэтэй санагддаг байгаа биз.
Өнөөх хумсын чинээ хээр унагаа хараад байсан Таван цагаантай төстэй адуу юм даа гэсэн бодол зурсхийж. Ялангуяа дөрвөн мөч, хөл нь этгээд адил санагдав. Хэд тойрч харав. Хойноос нь урдаас нь шинжив. Удам угшил асуувал П.Баянмөнх эцэг эх аль аль талдаа сайн удамтай. Чи итгэхгүй бол М.Алтан-Очироос асуу. Цаадах чинь манайхан дээр байж байгаад долоо хоногийн өмнө Уулсын Галаагийн уяачаар явсан байгаа гэжээ. М.Алтан-Очироос асууж удам угшлыг нь цаасан дээр бичиж авлаа. Цаасан дээр буусан тэр бичгийн одоо сийрүүлвээс. Бяцхан хээр унаганы эцэг нь П.Баяраагийн унаган улс бүсийн уралдаанд долоо айрагдсан Х.Бат-Эрдэнийн Сарт хээр азарга юм. Харин эх нь Тойруулгын 99 цавьдар хэмээх азарганы үр гүү ажээ. Дээшээ Солонго цавьдар ордог бололтой.
Хээр унагатай хүрэн байдсаа худалдаад авчихлаа. Дүнжингаравт уралдаад буцна гэсэн бодолтой байтал Завханаас ярьж "Г.Дарханбаатар та аймгийн алдарт уяачийн болзол хангасан тул нутагтаа ирж гардана уу..." гэсэн байна. Ингээд унагатай байдсаа ачаад Дүнжингаравт ч уралдалгүй шууд нутаг буцжээ. Хээр унагаа эхтэй нь тэжээгээд хавар гэхэд сайхан болгоод авчээ. Жижиг юм гээд хайрлангуй байлаа. Их-Уулд овооны баярт аман хүзүүдүүлээд, Тосонцэнгэлд дахин нэг овооны наадамд аман хүзүүдүүлээд сайныг нь мэдээд хадгалаад авч. Бие жижигтэй юм, хөл цээжиндээ орж магадгүй гэж хаширлаад дахин уралдсангүй. Од хээр хэмээх нэрийг хайрлав. Үнэхээр ч дараагийн арванд од мэт гялалзаж эзнийгээ Завхан даяар нэрд гаргасан билээ.
Од хээр шүдлэн үрээ Завхан аймгийн наадамд хөтөлж уралдаад унжиж аравт давхисан. Идэр суманд болсон хоёр гэгээний наадамд хөтөлж ирээд үзэгчид руу ханарч зургаалжээ. Хязааландаа онцгой сайн байлаа. Г.Дарханбаатар уяач аймгийнхаа баяр наадамд л сайн уралдъя гэж бодож байлаа. Хариугүй жижиг ч биетэй адуу. Долоон настай хүүхэд унуулаад явуултал, хасагдаад машинтай улс хөөгөөд ирж гэнэ. 11-р ангийн туслах хүүхдээ хоёр бакалийг нь тайлуулаад зайдан мордуулаад дахиж төхөөрөмж дээр аваачиж уралдуултал 9-д оржээ. Морины комиссынхон ирээд таны хээр үрээ есөд хурдалсан байна. Бай мөрийний 40 мянган төгрөгөө аваарай гэж байна гэнэ. Шар ч хөдлөх шиг, ийм сайн хурдан байгаа адуугаа ингэж уралдуулах гэж дээ гэж бодогдож байлаа. Гайгүй шиг тэнхрүүлж амрааж байгаад шөнийн 12:00 цагт харсан аятайхан уралдаж болохоор санагдаж гэнэ. Маргааш нь шууд сонгомолд мордуулахаар шийдэв. Гэтэл дахиад морины комисс монгол гээд хасна гэж гэнэ. Дархаа уяач ч "Та нар чинь монголд моруулахаар сонгомол гэж хасаад, сонгомолд мордуулахаар монгол гээд ямар учиртай улс вэ. Хаана уралдуулахаа би мэдье..." гэсэн байна. Уралдаанчдаа "Өчигдөр хүнд ажил хийсэн, сайхан бүтэн хөлрөөд ирэхээр нь шахаарай..." захижээ. Газрын тал хүртэл нэлээд дүнсгэрхэн цогиод байв. Сайхан дүүрэн хөлрөөд ирэхээр нь шахуултал хойноос нэхсээр таваар давхиж аргагүй нэг сайн адуу гэдгээ баталсан юм. Аймгийн баярт хоёр өдөр дараалан уралдаад сонгомолд нь айрагдана гэдэг аргагүй л улсын довны адуу гэдгийн нотолгоо биз ээ.
2018 онд эртхэн уралдана гэсэн тооцоотой уяв. Мөнөөх Баянталд шөнө уралдаж будилдаг жил юм. Бибишийн Болдбаатарын хар гэж Завханд шүдлэн айрагдаж, хязаалан түрүүлсэн хурдан хар үрээтэй хамт тэжээгээд уяж байлаа. Б.Болдбаатар эдний хүргэн юм. Уулсын Галаагийн уяач Мөнхбат ах руугаа байнгын холбоотой мэдээлэлтэй уяж байлаа. Хоёр хүүхэд бэлдэж байгаарай, хоёр үрээтэй очно шүү гээд байж. Азарган морин хоёр үрээ тун ч сайхан байгаа. Гэтэл Мөнхбат уяач "Энд бүтэлтэй юм болохгүй юм шиг байна. Ирж уралдаад дэмий хүч хөдөлмөр биз..." гэжээ. Үнэхээр ч тэр уралдаан Шөнөжингарав нэрээр алдаршиж билээ. Ингээд хоёр соёолонгоо Их Уулд уралдуулж хар нь түрүүлж, од хээр аман хүзүүдэв. Тосонцэнгэлийн бүсийн уралдаанд Хөвсгөлийн нэг үрээнд үзүүр дээрээ дайруулж од хээр дахин аман хүзүүджээ.
Аймагтаа явж уралдана гэхээр өнгөрсөн жил хасаад төвөг удсан, шууд Булганы 80 жил улсын бүсийн уралдаанд зорьж уралдана гэж боджээ. Бас нэг сайн шүдлэн үрээтэй. Гэрээсээ гараад Их-Уулд иртэл тус сумын 95 жилийн ой таарав. Маргааш нь шүдлэн, соёолон хоёр уралдах байлаа. Өдөртөө цоллочихвол ажил жаахан дутуу адуунд сайхан таарна цаашаа яваад Давааны өвөрт хоноод болчихно гэж тооцов. Од хээр ч соёолонд сайхан түрүүллээ. Гэтэл баяр наадам гурван өдөр үргэлжилж, морьдоо хамгийн сүүлийн өдөр цоллох боллоо. Морь түрүүлсэн байдаг, шууд орхиод явчихаж болдоггүй, хүлээхээс аргагүйдэв. Ингээд улсын бүсийн уралдаанд хоёр хоног тулчихлаа. Солонготын давааны өврөөс буцав. Хоёр дахиа том наадмыг зорих гээд болсонгүй...
Хавчиг жил нь 2019 онд Сонорын наадамд Улаагчны хар нуурт болов. Энд уралдах гэж очтол, аймаг, сумын айраг түрүүтэй идэрхэн 15 азарга хасагдахад дотор нь Од хээр орчихлоо. Нам улс төрийн ч юм орчихов уу гэж санагдаж. Эндээсээ Завхан Тэсийн 60 жилийн ойд гуравт хурдлав. Аймгийнхаа шигшмэл хурдад сайхан түрүүллээ. Завхан аймагт түрүүлсэн Алдархааны Бямбасүрэнгийн хүрэн аман хүзүүдэв. Пэрэнлэйн Бямбасүрэн "Ахаа хоёулаа Яруугийн баярт нэг хайнаа хагалж уралдъя" гээд байж гэнэ. Б.Болдбаатарын харыг уяж байсан Яруугийн Ганболд мөн миний нэр дээр Ярууд уралдуулж өгөөч гэсэн байна. Ингээд хоёр хүний хүсэлтээр шөнөө ачиж маргааш нь Яруугийн баярт уралдав. П.Бямбасүрэнгийн хүрэн, Од хээр хоёр өрөө барааны барианд оров. Зурхай дээр түрүүлж гишгэж байгаа ч зураг байдаг гэнэ. Ингээд хүрэн түрүүлж, од хээр аман хүзүүдэв.
Долоон настай азарга Тэлмэний сургуулийн ойд аман хүзүүдэж, аймгийнхаа баярт хамт уягдсан Манжилжавын Болдын шар хээрийн ард аман хүзүүдсэн юм. Мөн нэг гал уяаны М.Болдын хонгор их нас түрүүллээ. Тосонгоос гурван азарга айрагт багтаж, ер нь дээд гурван насны түрүүг авахаар сайн байцгаасан гэдэг. Энэ баярт Г.Дарханбаатарын төрсөн ах Төрмөнхийн хүү Лхагварагчаагийн нэрээр цуваанд үлдсэн байгаа. М.Болд тэд хэдэн жил хамт морь уясан. Сайн ч наадацгаасан.
2021 онд улсын наадамд зорьж уралдах бодолтой байв. Уулсын Галаа тодтой холбоо барьж хэзээ очих, морьдын багцаа, яаж уралдах гээд нэлээд ярилцаж байала. Нэг уяаны М.Болд арай эрт улсын наадамд хөдлөв. Гэтэл долдугаар сарын 2-нд төрөөс наадмыг хорьж орхив. Нөүнаадам гээч ч нэлээд наадамгүй өнжихөд нэлээд ташуур өгөв. Ингээд азаргаа ч тавьчихлаа. Галаа тод ярьж "Азаргаа тавилгүй уяж байхгүй, дараагийн наадам гарч магадгүй..." гэж байсан юм. Од хээрийн адууг азаргаар нь алдаад долдугаар сарын 22-нд олоод нэг ажил хийгээд шууд Ховдыг зорив. Улсын бүсэд цалгардуу уяатай мордож 33-т оржээ. Гурван удаа ингэж том наадмыг зорих гээд элдэв саад тотгор гараад болоогүй юм. Харин тэр жил Отгон хайрханыг тайж Эрдэнэхайрханы Хүрэн хөндийд болсон наадамд түрүүлжээ.
Дараа жил нь аймагтаа дахин аман хүзүүдсэн. Т.Галбадрах тодын унаган хоёр азарганы ард ирж, нэг нь хасагдаад од хээр аман хүзүүнд баригджээ. 2023 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ойд айрагдаж, Тосонцэнгэлийнхээ ойд зургаалсан. Завхан аймгийн 100 жил улсын бүсийн уралдаанд хорь гаргаж давхижээ. Өнгөрсөн намар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул руу адуугаа оторт гаргаж, үргэлжилсэн их цас унаж боож зам харгуй хаагдаад, дөрөвдүгээр сард арай хийж хээр азаргаа авчирч тэжээсэн. Зун гайгүй юм шиг санагдахаар уяж Баянтэсийн ойд арав гаргаж давхиад, Ярууд хойноос зүтгээд 9-д давхижээ. Хэдий энэ хоёр сумын ойд мултарсан ч түүний шийрийг хатаах хурдан адуу тодорч хоёуланд айрагдсаныг хойно өгүүлэх болно. Од хээр 2019, 2022, 2023 онуудын Завхан аймгийн шилдэг азаргаар тодорчээ.
Од хээр их бага наадмын 56 айраг түрүүтэй. Аймаг, аймгийн бүсийн том наадмын 5 түрүү 11 айрагтай хүлэг. Айхтар их хаттай, зориг ихтэй, зоо чангатай. Ажлаар дарж л байвал хөнгөрнө. Сайхан хөнгөрүүлээд авахад хоолны алдаа гарах нь бага. Толгойдоо хориг, хажиг, эзнээсээ өөр хүн ойртуулах дургүй. Уяа сайхан зөвөрч ирэхээрээ номхон дөлгөөн зантай болдог. Соёолон азарга дөрвөн бүдүүн гүү өгөөд нэг хар даага нь тун яваач адуу гарч Тэсийн Галиндэвт очиж азарга болжээ. Төрсөн ахын хүү Лхагварагчаа, Бямбарагчаа нарын гүүнээс гарсан бага наадамд айрагдсан адуу хэд бий.
2015 онд Од хээрийг худалдаж авахад хожмын тод манлай уяач М.Алтан-Очир "Таны аз гийвэл энэ хүрэн байдас цэвэр азарганд орсон байж магадгүй. Туранхай шүдлэн байдас хээл авсан эсэхийг бол мэдэхгүй. Очоод унагалвал тун хэрэгтэй адуу гарна шүү..." хэмээжээ. Ирэх жил нь охин хүрэн унага гарсан. Од хээртэй эх нэгтэй, эцэг өөр адуу. Энэ хүрэн гүү өдгөөгийн Тосонцэнгэл сумын засаг дарга Төрмөнхийн Бямбарагчаагийн нэрний адуу. Бямбарагчаагийн хүрэн гүүг А.Отгонбаярын хилэн харын төл хар азарганд өгч их түргэн хар адуу гарсан. Хүрэн гүүг Манжилжавын Болдын бүлтэн хүрэн гэж Б.Билэгдэмбэрэл манлайн унаган азарганд өгч ембүү хүрэн гэдэг үрээ гарсан. Ембүү даагандаа Тэлмэнд хол түрүүлж, 2024 онд Завхан аймгийн Баянтэс сумын 100 жилийн ойд тавлаж, Завхан аймгийн Яруу сумын 100 жилийн ойд аман хүзүүдээд байгаа юм. Баянтэст Бямбарагчаагийн аав Төрмөнхийн нэрээр мордсон түүхтэй юм.
2010 онд Дорнодоос зэгэл азарга авчирч Завхан аймгийн хоёр бүсэд аман хүзүүдэж, араас нь Од хээр 16 айраг түрүү авч, дөрвөн тодын баярын үеэр Д.Дагвадорж шарга үрээ өгч, азарга болоод аймгийн хоёр бүсэд айрагдсан юм. Этүгэний С.Нямзагдын унаган унаган сүлд хүрэн халзан азарга 2023 оны Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 100 жилд айрагдаад, Тосонгийн 100 жилд аман хүзүүдээд, хавчиг азарга Завханы зүүн бүсэд түрүүлээд, төвийн бүсэд таваар давхисан. Ийм дөрвөн азаргаар 100 гаруй айраг түрүү авч хоёр хүн аймгийн алдартын болзол хангасан гэдэг билээ.
Төрмөнхийн Лхагварагчаа, Дарханбаатарын Даваарагчаа хоёр аймгийн алдарт уяач болж, Дарханбаатарын Даваа-Очир өнөө жил аймгийн алдартын болзол хангажээ.
Од хээр азарга
Од хээр азарга
Удамт хүлэг Ембүү хүрэн
Сүлд халзан азарга
Дорнод унаган зэгэл, Д.Дагвадоржийн унаган шарга азарга