Дотоод мэдээ

Нэгэн зурагны түүх

1995 оны Сар хайрханы даншиг чөлөөт харилцаанд шилжээд удаагүй байсан үеийн хамгийн том наадмуудын нэг. Дөрвөлжин сумын компанийн захирал хөдөлмөрийн баатар Борнойн Доржсамбуу тус наадмыг улсын хэмжээний болгон зохион байгуулж алдаршиж байлаа. Баруун монголын алдарт хүлгүүд нэгэн дэнжид уралдаж, хурдан хурцаа үзэж, цаашдаа ийм төрлийн уралдаан наадам хийж болохыг батлан харуулсан юм. Монгол газрын хаа ч төрсөн унага, үржүүлэг хийж байгаа хүн улсын довонд уралдах боломжтой, адууны төлөө хөдөлмөрлөж сэтгэл зүтгэл гаргаж байгаа бүхэн улсын цол зэрэг авахад дөхөм болсныг илтгэв. 

 Сар хайрхан, Өндөр гэгээний даншиг их наадмын түрүү морьдыг тусгайлан зургийг дарж түүхэнд үлдээсэн юм. 1996 оны календарийг хийж айл бүрийн хойморт заларч байдаг байлаа. Энэхүү Андагадайн Мөнхбаярын хар дааганы зураг ч тус календарьт тавигдсан юм. Харин уралдаанч хүү нь Завхан аймгийн Сонгино сумын харьяат аймгийн арслан Баатарпүрэвийн Ганбаатар юм. Арслан бол тус наадамд морь унаж уралдаагүй бөгөөд, мориноос хасагдсан үе гэнэ. Хар даагыг унаж түрүүлсэн хүүхэд яг зурагчид ирэх үед байгаагүй тул Б.Ганбаатар хүү унаж тус зургийг даруулан түүхэнд мөнхөрч үлджээ. Б.Ганбаатар "Сар хайрханы даншиг маш том наадам болсон санагддаг. Андагатай айдаагийн хар даага түрүүлж тэрүүгээр гүйж яваад л зурагт даруулсан юмдаг. Манай сумын Бизьяа гуайн хээр үрээ бас айрагдсан даа. Би үсэргээн сунгаан дээр унадаг, догшин дийлдэхгүйг унадаг л болсон нас юм даа. Манай аавын нэг саарал даага түүнээс арай өмнө Сонгины нэг баярт сайн уралдаж байсан удаа бий шүү. Сар хайрханы бөхийн барилдаан их сонирхолтой болсон доо. Би өсвөрт ч барилдаагүй зүгээр л үзсэн. Д.Бумбаяр заан түрүүлж, Ч.Бямбадорж заан үзүүрлэсэн санагдаж байна...." гэж ярив.