Нөмрөг сумын Дарьсүрэнгийн халиун
1964 онд Нөмрөг сумын Баянзүрх бригадын уяач Дарьсүрэнгийн бага хүүгийн даахь мялаахад 50 төгрөг цуглажээ. Тэр мөнгөөрөө нэгдлийн адуунаас халиун даага авч хүүдээ өгсөн. Тэр халиун шүдлэн 6-д хурдлаад, хязаалан айрагдсан. Ж.Сандагсүрэн багшийн номд бичсэнээр 1971 онд есөн настай морь анх сумандаа түрүүлсэн. 1972 онд аман хүзүүдэж (Ж.Гүрраднаагийн цагаан түрүү), 1973 1974 онуудад дараалан түрүүлээд Түдэвтэн сумын Н.Тэрбишид зарагдсан. Зарагдсан дараагаа уяа нь эвлэж өгөхгүй, эргүүлж авчраад Дарьсүрэн уяж 1978 онд Нөмрөг суманд аман хүзүүдэж байсан гэдэг. Түдэвтэй суманд очоод Түдэвтэй, Нөмрөг, Цэцэн-Уул сумдын баярт нийт 10 удаа түрүүлж, 24 айрагдуулсан гэж түүний охин Дуламжав ярьжээ. Тэрбиш өөрөө албан хаагч зав зай муутай тул хамаатны Банзрагч гэж хүн уяа сойлго тааруулж байсан. Хамгийн сүүлд 1985 онд 23 настай морь Түдэвтэй сумын баяр наадамд Нарангийн Самдандэлгэр унаж айргийн таваар хурдалж зодог тайлжээ.