Нөмрөг сумын уугуул Данаажавын Гунгаабазар уяач
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат хүн юм. Эхнэрийн төрсөн нутаг Төв аймгийн Өндөрширээтэд суурьшсан. 1967 оны үндэсний их баяр наадамд тун ч одтой сайхан наадаж хоёр айраг авсан. Хонгор даага нь хол түрүүлж ирээд сэтгүүлчдийн “сүргээс” үргэж тойрч ороод 9-д орж байсан уяач юм. Энд айрагдсан хонгор азаргыг махалж зарах гэж байсан адуунаас худалдаж авсан. Төв аймгийн Дэлгэрхаанаас хүн хулгайд авч маханд өгөх гэж байхад хязаалан үрээ амь хэлтрүүлж авсан, хожим жинхэнэ эзнээс нь “Энэ л миний саванд байх адуу” хэмээн мөн худалдан авчээ. Хонгор азаргыг улсын баярт айрагдахад, түүний төл түүдэг нэрт хээр үрээ нь аман хүзүүдсэн. Мөн нэг төл хонгор даага түрүүлж ирээд хэрхэн будилсан талаар дээр өгүүлсэн. Д.Гунгаабазар “Нэг өдөр төрийн их хишгийн гурван удаа хүртэх” арай хүнддэх биз гэж байжээ. 1973 оны улсын баяр наадамд Гунгаабазарын охин Ариунаа морь тавьдаг хээр алаг мориороо 9-д орж байсан. 1976 оны улсын баяр наадмын өмнө Чойжингийн Хурц сайдтай Д.Гунгаабазар Сүхбаатар аймаг руу явж шарга үрээ машинаар ачиж ирэн улсын баярт 215 түрүүлгэсэн. Энэ нь монголын түүхэнд анх удаа машинд адуу ачсан тохиол гэдэг. Эдний охин шарга үрээг унаж улсын баярт түрүүлж, монголын уралдаанч хүүхдийн дүрээр марканд мөнхөрч үлджээ. Д.Гунгаабазар уяачийн хүргэн нь улсын алдарт уяач Гүрбазарын Бат Эрдэнэ, нийслэлийн алдарт уяач Доржпаламын Дашпүрэв, зээ хүү нь нийслэлийн алдарт уяач Дашпүрэвийн Ариунбаяр, нийслэлийн алдарт уяач Бөхбаатарын Баярсайхан юм. Гунгаабазарын Болдбаатар, дүү Баярсайханы хамт Налайхын уурхайн 100 жилийн ойн баяр наадмаас таван айраг авч байсан түүхтэй юм.