Домог, хууч яриа

Андагадайн хар даага

Андагадайн Мөнхбаярын хар дааганы эцэг хар азарга Шар нурууны Баянжаргал инжээгийн Түдэвтэйгээс авсан халтар азарганы төл юм. Баянжаргал инжээгийн адуу товир биетэй шөрмөлөг унахад сайн адуу байлаа.

1980 онд Г.Тогноон ХААДСургуульд явах гээд л, долдугаар сарын эхээр уяачид морьдоо сойж эхэлж байсан үе. Инжээ нас өндөр болж бага адуу, үрээнүүд нь эмнэг голдуу байдаг. Хүргэн ах Инжээгийн Тогноон үрээнүүдийг номхруулж сургаж өгч байжээ.

Тогноон халиун үрээг хэд хоног унаж байгаад сумын төв ороод буцаж явтал булгиж унагахаар нь 20 гаран километр хурдаар нь давхиад очиход эцэж цуцсан шинжгүй байхаар нь маргааш нь ижилд нь тавья гэж санаад адуунд яваад ирсэн нэг их унууштай байхаар нь наадам ч дөхсөн байсан тул үсэргээд үзсэн түрүүлж байх юм гэнэ. Хэдэн өдөр үсэргээд баярт тавьсан аман хүзүүнд давхисан бөгөөд түүнээс хойш уяагүй энэ л адууны угсаа эх нь Тариатын Лхагважавын адууны хээр гүүг Б.Самдан маамаа авч, хээр гүүний охин хүрэн даагыг өөрийнхөө зээ Бүдийн Баасанжавт өгчээ. Хээр гүүний үр төл Самдан маамаагийн шарга 1978-1979 онд даага, шүдлэндээ айрагдаж байсан байна.

Хүрэн гүү нь 1994 онд 8 дугаар сард унагалж хэнз эр хар унага гарахад нь чи аваарай гээд өгчихөж. Хойтон хавар нь Мөнхөө даагаа зургаан сард авах гээд очсон эхтэй нь аваад яв. Ээжийг нь хөхүүлж байгаад исгэлтэй даагаа наадамд сойгоорой гэж гэнэ. Даагаа авч ирээд сургахад цайруухан сойход бие жижигтэй ч багийн өдөрлөгт түрүүлж мөн сумын наадамд түрүүлсэн байна.

1995 онд баруун бүсэд даншиг наадам анх зохиогдож Сар хайрханы Морин эрдэнэ Бат-Оршил-95 наадам өргөн дэлгэр болж манай Сонгино сумын уяачид зохион байгуулалтгай олуулаа очсон юм. Энэ наадамд Т.Намсрайхүүгийн хар азаргыг түрүүлнэ гэж хүүхэд хөгшидгүй л гэж ярьж, харж байсан үе л дээ. Хар азарганы уяа мултарч түрүүлж чадаагүй тул Сонгиночууд урам муутай, сэтгэлээ барин өөр хоорондоо эцгийн алдааг хүүгээр нь зална гэж наргиан даргиан болцгоож байсан үе билээ.

Тус наадамд газар газрын хурдан 200 гаран даага мордож А.Мөнхбаярын хар даага хол тасархай түрүүлж эзнийхээ нутгийнхаа алдар нэрийг Монгол даяар цуурайтуулан Даншиг наадамд Сонгиноос хамгийн анх түрүүлэн түмний эх болсон юм.

1996 онд сумынхаа 70 жилийн ойд айрагдан торгон жолоо өргүүлсэн билээ. Сар хайрханы наадам дээр түүхийн ухааны докгор А.Баярмагнай хар даагыг үзээд түрүүлэх даага энэ байна. Шөнө хоёр цагаас илүү идүүлэх хэрэггүй гээд түүний эх хүрэн гүүг шохоорхож байсан билээ.

Ч.Пүрэвхүү