Домог, хууч яриа

Маарын хээрийн тухай хоёр яриа

Хурдан морины нэрт сэтгүүлч Шарын Ганхуяг 1997 онд ингэж сайхан бичиж байлаа. Морийг бичнэ, урлана гэдэг энэ.

Өвөл болж нэгдлийн адуу оторт гарахад малчинд адуучинд амины хэдээ дайж захин явуулж хатуу цаг өнгөрөхөөр адуугаа авдагсан. Эр хүн адуун дээрээ очиход хийморь сэргэнэ. Тэр тусмаа эр унага гарсан байвал тун ч их бэлэгшээн шинжиж хардагдаа. Тэр жил Сэргэлэн сумын уяач Очирын Маар өвөл адуугаа ханан Төмөрбаатарын суурьт тавьж хавар авлаа. Тэхэд Мишгийн адууны Дорнод гаралтай гэх том бор хээр гүүнээс эр хээр унага гарсан байв. (Хээр гүүний өвөг эцэг нь паргиа Гомбосүрэнгийн хээр гэж том хээр азарга майн баяраар их настай уралдуулахад айрагдаад ирдэг байжээ) Хээр унаганы эцэг нь Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы төл цавьдар халзан азарга байсан юм. Маар энэ хоёрын дундаас яавч зүгээр адуу гарахгүй гэж бодов. Зун гүүгээ барьчихаад байтал адуучин баяраа буугаад мордохдоо "Маар гуай таны хээр гүүний хээр унага босоо төрсөн юм шүү. Нэг өдөр шуурга тавимаар болоод байхаар нь адуугаа хумьж дээш нь шахаж байлаа. Танай хэдийг Уртын ам өгсүүлээд тууж явтал хээр гүү унагалах гээд ус нь гарчихсан байв. Хээр гүү ч явдал дундаа унагалав. Унага эхээсээ унжин эхлээд урд хоёр хөлөөрөө газар тултал төдхөн бөгс гарж дөрвөн хөл дээрээ босоо төрсөн юм даа" гэж хэлэв. Маар энэ тухай хүнд ярьсангүй. Хойтон жил нь 1977 онд хээр даагийг шонх Чогдон уяж улсын наадамд аман хүзүүдүүлэв. Соёолондоо их хурдан байлаа. Тэгэхэд Сэргэлэнгийн Одын хонгор, ээрүү Жамъянгийн хонгор, Хэнмэдэхийн саарал соёолонгууд их хурдан байлаа. Гэвч Маарын хээр энэ гурвыг давхил бүрдээ өнгөлсөөр байж. Наадмын өмнөхөн нэлээд халамцсан Маар ердөө чөдөрлөж үзээгүй соёолон азаргаа чөдөрлөж орхисон байв. Маргааш нь болоход гурван хөл нь пэмбийтэл хавдсан байсан учир тэр жилээ давхиулсангүй. Тэр наадамд нөгөө гурван соёолон нь айрагдсан гэдэг.

Маар хээр азаргаа 69 жилийн ойгоор түрүүлгэж улмаар зургаа айрагдуулсан юм. Маарынх ганц гэрээр голдуу байна. Хээр азаргандаа ганцааранд нь давхил өгч сунгаанаар голдуу морьтой нийлүүлнэ. 1983 онд аймгийн 60 жилийн ой болох гэж байв. Тэр жил долооны сунгаанаар Сэргэлэн сум наадмаа хийж Дундговь аймгийн морьд ирж өргөн наадам болов. Наадмаар сунайсан урт улаан хээр адуу салхи шиг орж ирэхэд хүмүүс "Давхил нь адуу адуунаас ондоон юм. Их томорч харагдахаас гадна их хол сунаж харайдаг юм байна." гэж ярьж байв. Тэр өглөө нутгийн Цэдэв гэдэг хүн Маарынд буухдаа "Чи азаргаа явуулаад нэмэргүй. Ийм тарган азарга няцарна" гэлээ. Азарга мордоход хээр азарга ч мордож Цэдэв машинтай дагажээ. Азарга гарааны зурхайгаас эргэхэд хээр азарга сүүл хэрд гарж газрын дунд ороход дундаас дээш гарж байна гэнэ. Тэгээд л гараад явчихаж. Цэдэв хээр азаргийг түрүүлэн түрүүлтэл дагаад Маар дээр очиж "Чиний энэ ёстой бузар амьтан юмдаа" гээд толгой сэгсэрч байв.
Маар хээр азарганыхаа хоолыг ер хасдаггүй тарган туранхай аль ч ирэн дээр нь онгойлгож уядаг. Тэрбээр хээр азаргаа 16 настайд нь 1993 онд Төв аймгийн 70 жилийн ойд уяж түрүүлгэсэн боловч азарга будилсан гээд хасагджээ. 1994 онд 17 настайдаа улсын их баяр наадамд бүдчин орж ирж айрагдан зодог тайлсан юм. Энэ хээр азарга босоодуу ястай, чихний үзүүр нарын болоод урт, толгойны хэв гоёмсог түүшүү өргөн, хоёр хаандаа нэвт төө илүү эргүүлэгтэй сүвээний орчмоо олом татсан юм шиг урт нэвт эргүүлэгтэй адуу. Хээр азарганы төлөөс Сэрэглэнгийн Чунаг, Баян-Өнжүүлийн Жүгдэр нар азарга тависан байна. 1996 оны улсын наадамд соёлонд түрүүлсэн Хэнмэдэхийн хар үрээ хээр азарганы төрсөн дүүгээс нь гарчээ. Маарын хээр азарга суултгүй ардаасаа гүйцэгдэх дургүй ер эцсээ хүртэл урагшаа тэмүүлдэг

Очирын Маар (А.Баярмагнай)

Миний сургуулийн найз энэ уяач тун ч амны хишигтэй хүн. Даваанэрэн начингийн Хүрэн халзангийн үр Хонгор халзан азарга бол үнэндээ Маар бидэн шиг улсад ахадсан догшин азарга байсан. Харин түүний үр Хээр азарга жинхэнэ Маарт л заяасан буян байлаа. Түүнийг дааганд нь Лүндээ гуайн Болдоо сургаж, жаал Чогдон уясан билээ. Даагандаа аман хүзүүлээд, соёолондоо тун сайн байхад нь жаахан бүтэлгүйтээд уралдуулж чадаагүй. Нас нийлсэн хойноо улсын наадамд 1 түрүүлж, 5 айрагдсан юм. Маарын хээрийн эх нь паргиа Гомбосүрэн гуайн хээр азарганы төл хээр гүү юм. 1960-аад онд манай Сэргэлэн сумынхан алс хол Эрээнцав руу адуу туужээ. “Гураан” Сундуй гуай, Мишиг барга гуай нар ахлаад, “мөөлөн” Пунцаг, Гончигдорж нарын зэрэг залуус оролцон нэг баг болж явсан байна. Адуугаа тушаагаад буцахын цагт Мишиг барга гуай түр үлдэн Гурванзагал, Хөлөнбуйрын барга ах дүүсээрээ айлчлаад бүтэн сарын дараа нутагтаа иржээ. Тэгэхдээ цэвэр үүлдрийн өндөр сайхан хээр гүүг даагатай нь хамт хөтөлж ирсэн билээ. Тэр хээр Мишигийн хээр гэдэг цуутай сайхан азарга болоод манай нутгийнхан үрээдээр нь азарга тавьцгаасан юм. Түүний төл паргиа Гомбосүрэнгийн Хээр азарга улсын наадамд хоёр удаа долоо, наймаар орж, Өлзийхутагийн Зээрд үрээндээ айрагдаж, Агалжийгийн Хээр сунгаануудад өнгөлж байсансан. Доржсүрэнгийн Зээрд гэдэг морь нэг жил Даваахүүгийн уясан Тойруулгын том морьдтой эн тэнцүү уралдсаар яваад аравт орж байсан. Маарын хээрийн эх нь Гомбосүрэнгийн Хээрийн төл гүү гэдгийг дээр дурдсан. Тэгэхээр нэгэн үе улс даяар нэрд гарч явсан агуу их Маарын хээр азарга бол 4 дэх үеийн сайжруулсан монгол адуу байсан нь тодорхой. Үүнийг манай нутгийнхан бүгд мэддэг боловч нэг их дэлгэрэнгүй яриад байдаггүй юм. О.Маар Хээр азарганаасаа гадна Дорноговийн Иххэтийн Нарангэрэл гуайн унаган Саарал морийг аймгийн наадамд түрүүлгэж байлаа. Ер нь “Сайн адуу уясан хүн сайн уяач болдог” гэдэг үнэн бололтой.