Завхан 27 дахь цолтон Ганбатын Даваадалай
Бага насандаа монголын алдарт хурдан хүлгүүдийн нуруун дээр дарцаглаж явсан Ганбатын Даваадалай энэ цагийн алдарт хүлгүүдийг уяж улсын том цолд хүрчээ. Тэр Завхан аймгийн хэмээн дуудуулж улсын цол авсан 27 дахь хүн юм. Анхны манлай Л.Дамдин, Ц.Доржсүрэн, Б.Төрбадрах Ж.Нямдорж гээд уугуул мундагууд орвол энэ тоо бүр ч олон болно. Үүнийг нуршилгүй наадмын одтой энэ залуугийн талаар өгүүлбэл.
2007 оноос тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаярын гал уяан дээр ирж хурдан хүлгийг нь унах болсон. Тэр цагаас өдгөө ч багш шавийн барилдлагатай явна. Ер нь ч багшийгаа залгамжлан цаашид улсын 9 шилдэг уяач руу ороод ирэх болов уу гэж таамагладаг. Түүний багш Т.Ихбаяр Ононгийн Батбилэгийг зай өгөхгүй, завсаргүй өнгөлж байхад дундуур нь улсын шилдгийн шилдэг болж байсан уяач юм.
Г.Даваадалай 2007 оны үндэсний их баяр наадамд ажнай шаргатай эцэг нэгтэй Л.Цандэлэгийн хүрэн үрээг унаж айрагдсан. Тэр жил яагаад тэгсэн юм уяачдын цолыг улсын баяр наадмаар гардуулж, цол гардах агшинд хүрэн үрээ нь айрагдаж манлай уяачийн болзол хангалаа гэж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэр айргийг ирээдүйн алдарт авч өгч байжээ.
Их хурд-IV уралдаанд алдарт соёмбо хүрэнг унаж төхөөрөмж дээр унаж, цэргээр барьж мордуулан айрагдаад, Хотгойдын даншигт түрүүлгэсэн юм. 2008 оны үндэсний их баяр наадамд Ц.Амарсайханы хүрэн морийг унаж гуравт хурдлаад, хэдхэн хоногийн ард Төв аймгийн Заамарт болсон улсын бүсийн том уралдаанд алдарт гуулин зээрд азарга, Ц.Амарсайханы хүрэн их насыг унаж хоёуланг нь түрүүлгэж байсан алтан хараацай ажээ. Ер нь уралдаанч байх цагтаа том наадмын арав гаруй айраг түрүү авсан хэмээдэг.
Бүдийн Отгонсэлэнгийн хээр, саарал гэж гоц хурдан хоёр хүлгийг энэ залуухан уяач гардан уяж байгаа. Хөвсгөл нутгийн хүү Бүдийн Отгонсэлэнгэ 2018 оноос улсын наадамд ирж уралджээ. 2020 оноос Г.Даваадалайгаар морио уяулах болсон байна. Тэр жил Б.Шагдаржавын алдарт хабарын төл Б.Отгонсэлэнгийн хээр даага сунгаанд хурдан байсан ч улсын наадмаар хүүхэд жаахан бүтэл алдаж төхөөрөмжинд үлдээд аравт хурдалсан байна. Үүний дараа Булганы Жадамбын Бат-Эрдэнийн бага насандаа онцгой хурдан байсан бор азаргыг худалдан авчээ. Энэ хүлэг даага улсын баярт айрагдаж, Багануурт болсон улсын бүс, шүдлэн Булганы ой, 2019 оны Говь Шанхад түрүүлсэн босоо хурдан байсан адуу. Нэг гал уяаны алдарт Богд хээртэй уралдуулна хэмээж чамгүй үнэтэй авсан ч Сэлэнгийн бүсэд очоод хөл тийм сайнгүй байгаа нь Г.Даваадалай алдартад анзаарагдав. Нөүнаадам гээч болж улсын баяр наадам өнжиж монголын уяачид гурав хуваагдаж нааддаг жил...
Энэ үед Г.Даваадалай Б.Отгонсэлэнгэд хандаж “Бор азаргаа энэ удаа өнжчихвөл яах билээ. Хойтон жилийн наадам гэж байна. Дараагийн наадам олон” гэж хэлж үзвэл. Морь нь хурдан, итгэл сэтгэл нь орчихсон Б.Отгонсэлэнгэ уралдуулахаар шийдээд байлаа. Г.Даваадалай өөрийн баз хүргэн Г.Баттулгаас (Шоу халзанг анх тодруулдаг) саарал үрээг нь худалдан авч бэлэглэсэн байна. Саарлыг шүдлэн үрээ Дорнодоос авчрсан. Авчирсэн жилээ Жавын Бэгзийн хонгор халзан гэж сайн үрээтэй сунгахад үлддэггүй адуу байсан юм. Сэлэнгэд бор азарга, саарал үрээ, соёолон хээр үрээтэй нь уяж очоод байлаа. Бор азарга хол түрүүлж ирээд буусан гал уяа руугаа хадуураад хашаан дээгүүр харайж хөл муудаж хээр соёолон (одоогийн хурдан хээр) түрүүлж яваад модон дундуур хадуураад олигтой давхисангүй. Харин саарал хязаалан энд түрүүлж эзэн уяач хоёрыг баярлуулсан юм. Ингэж Дорнод унаган саарал адуу эзнээ олсон гэдэг ээ.
Эзэндээ их наадмын анхны айргийг амсуулсан төдийгүй үндэсний их баяр наадмын хоёр дараалсан түрүүг энэ ширүүн өрсөлдөөний үед авч өглөө. Соёолон хавчигтаа дараалан улсын баяр наадамд гүйцэгдээгүй юм. Г.Даваадалай “Саарал морио анх ирэхэд хөлийг нь би голж байсан. Хийц яс бол сайхан адуу шүү дээ. Харин энэ биедээ хөл нь арай нарийдах болов уу гэж бодож байсан хэрэг. Ерөнхийдөө хүүхэдгүй ажил хийж наадамд бэлддэг...” хэмээн ярьсан нь бий. Хурдан хээр морь 2022 оны Хөвсгөлийн бүсэд холхон саахалт түрүүлж, 2023 онд Жаргалтхаан сумын 100 жилд мөн их хол түрүүлж, Хэнтийд очиж түрүүлсэн. Энэ хоёр лут морийг тэр жил улсын баярын өмнө хамт сунгахад саарал морь нь дийлж байжээ.
Саарал морь Дорнодын Цэрэндашийн Жаргалсайханы унаган адуу. Ц.Жаргалсайханы унаган Гончигийн Баттулгын зээрд халзан үрээ улсын баяр наадамд дуулиантай наадам хийж, шоу нэрийг аваад одоо П.Батсайханы титэм халзан гэдэг азарга болсныг бид бүхэн мэднэ. Түмэн эх саарал морь энэ халзантай эцэг нэгтэй морь.