Дархан байтугай цол авахаар Соёмбо хүрэн
2006 оны Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадам өргөн дэлгэр хөл ихтэй боллоо. Тэр жилийн азарганы уралдаанд Л.Цандэлэгийн Соёмбо хүрэн гэж урд жилийн Өндөр гэгээний даншигт цэвэр бор үрээний ард үүд хоймрын зайнд ирж аман хүзүүдсэн хурдан азаргыг олон хүн түрүү хүлгийн тааварт оруулж байлаа. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр их наадамд Соёмбо хүрэн, гарааны хурдаар гайхагддаг Сугарын зэгэлтэй хоёулаа тасарч хадууран их наадамд айраг ч үгүй үлдсэн юм. Тухайн үеийн цэвэр азаргануудаас хөлийн хурдаар үлддэггүй энэ айхтар хүлэг Баян-Өнжүүлийн Цэрэндашийн Жамбалсүрэнгийн унаган адуу. Хөлийн хурднаас гадна арабуудтай уралдаад суудаггүй холбож уралддаг, ойрхон ирдэг, хошуу өлгөдөг нь бүр гайхлыг төрүүлдэг байлаа. Таргандуу уягдана. Улсын баяр наадамд уяа дутдаг байсан уу сунгаанд хурдан байгаад айрагдаж өгөөгүй юм. Харин ар дээр нь болсон бүсийн уралдаанд бат түрүүлдэг адуу байлаа. Өгүүлэн байгаа 2006 он бол Соёмбын татаад тавьсан сум шиг хурдан байсан жил. Хурд нь тогтож, бяр нь ханаад хэний ч аавын хүүгийн ямар ч хурдан хүлэгтэй тулахаар тийм л цаг. Улсын шилдэг уяачаар арав шахам удаа шалгарсан тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр бага залуугаасаа энэ хүлгийг гардан уяж байлаа. Ер нь сайн адуу уясан хүн сайн уяач болдог гэдэг нь дэмий үг биш. Халхын нэгэн цуутай азаргыг уяж байснаараа олон жил дээд түвшинд уях эхлэлээ тавьсан болов уу.
2006 оны улсын наадмын ард болсон Тамирын хурдад түрүүлчихлээ. Д.Чулуунбатын буган, улсын баяр наадмын аман хүзүү Жаничвын буурал, дараа жилийн их хурдын түрүү Магнай халтар (энэ наадамд улсын шилдэг уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир унасан) гээд аваргууд соёмбыг барсангүй. Соёмбо хүлгийн улсын бүсийн уралдааны анхны түрүү нь энэ байв. Залгаад Орхон аймгийн ой хангайн бүсийн даншиг наадамд гурав дахь давхар уяандаа очлоо. Тэр жил Д.Чулуунбатын манлай халзан гэж цэвэр араб азарга Дүнжингаравын анхны цэвэр ангилалын уралдаанд түрүүлж, улсын баяр наадмын цэвэр ангилалын уралдаанд ахин түрүүлчихээд очиж байлаа. Харин их наадамд соёмбо хүрэн, манлай халзантай холбоотой холбож орсон нь гайхал төрүүлдэг. Нүдээр үзсэн зарим хүн Соёмбо хошуу өлгөсөн ч байж мэднэ гэж ярихыг сонсож байсан.
Тэр наадамд Чилхаасүрэнгийн Гансүхийн цэвэр бор азаргыг уяж гуравт хурдлуулсан тод манлай уяач Б.Бат-Өлзий “Соёмбо ч мөн аатай мал шүү. Онцгой хөлийн хурдтай. Халзантай холбоод орсон, миний уясан бор гурав дээр нэлээд зайтай, улсад аман хүзүүдсэн Жанчив гуайн буурал энэ хэдээс дахиад хол зайтай айрагдаж байлаа. Чукагийн буган тавласан. Бас л тэр үеийнхээ сайхан амьтан шүү дээ. Соёмбо сунгааны газар мал уралддаггүй адуу шүү дээ. Улсад өнгөнд гарчихаад үлдээд байсан. Таргандуу мордож дутдаг байсан болов уу. Бүсэд ар дээр нь дархан түрүүлдэг азарга байв. Өндөр гэгээнд Бадамсүрэн гуайн борд ойрхон шүү дээ. Хийц бол тийм уран гэхээргүй. Жигтэйхэн урт хавиргатай, туур зузаан, юм юм нь элбэг. Мөч бүдүүн, бөмбийсэн юм л гараан дээрээ ч хурдан, үзүүр дээрээ ч хурдан л байдагсан...” гэж магтлаа.
Энэ намраа Хэрлэний Хөдөө аралд болсон зүүн бүсийн хурдан морины уралдаанд дахин түрүүлэхэд Чулуунбатын буган хүрэн азарга аман хүзүүдсэн билээ. Ингэж нэг зуны ойрхон зохиогдосон гурван том наадамд түрүү аман хүзүүнд хурдалсан бараг цор ганц азарга болсон болов уу.
Үүний хойтон Их хурд уралдаанд айрагдаад, Хотгойдын даншигт дахин дэвжээгээ эзэгнэв. Бүсийн гурав дахь түрүү. Энэ хоёр уралдаанд өнөө жилийн Завхан аймгийн шилдэг уяач Ганбатын Даваадалай унаж уралдаж байв. Г.Даваадалайг Б.Отгонсэлэнгийн саарал морийг уяж гурван жил дараалан улс бүсэд түрүүлгээд байгааг уншигчид маань юу эс андах. Их хурд уралдаанд хүүхдээ унагаж, будилж байгаад айрагдсан хэмээдэг.
2008 онд зуны бүсэд түрүүлээгүй ч Дундговь аймагт болсон Их мандалын хурд хаврын бүсийн уралдаанд айрагдсан. 2009 онд Сэлэнгэд болсон Атарын ойн хаврын бүсийн уралдаанд гуравт хурдлаад, Л.Цандэлэгийн манлайн унаган нутаг Очирваанийн хурд даншигт түрүү магнайд хурдалсан. Хаврын хоёр том бүсийн уралдаанд айрагдсан нь урт уяатай, давхар уяандаа сайн гэдгийн баталгаа болов уу. Учир нь зуны давхар уяандаа түрүүлэх буюу эхний адуутай холбоотой л аман хүзүүдэж байсан юм. Харин 2004 онд хязаалан үрээ байхад нь Дундговь аймгийн Луус сумын ойд аваачиж уралдаад дан улсын бүсийн айргийн үрээнүүдтэй уралдаж нэг зургаалчихсан гэдэг бөгөөд мултарсан цөөн тохиолын нэг нь энэ байх.
2005-2009 он хүртэл цэвэр адуу болон цустай адуутай тулж уралдаад завсаргүй таван жил дараалж улсын бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан гэдэг бол гоц амжилт. Улсын бүсийн уралдаан гарч эхэлсэн цагаас монгол адууны дээд амжилтыг эзэмшиж байгаа хүлэг нь Соёмбо хүрэн азарга болов уу. Улсын бүсийн том уралдаанд азарга болсон хойноо дөрөв түрүүлсэн монгол адуу урьд хожид гараагүй.
Өдрийн сонины П.Хашчулуун сэтгүүлч “Манай сонины дор нэг алдрын танхим шиг өрөө байдаг юм. Манай сонины хамгийн алдартай дугаарууд ханаар нь байдаг. Л.Цандэлэг манлай нэг удаа ирж яриа өгчихөөд гарахдаа Цэнтрпойнтын асуудал бичигдсэн билүү нэг сонин өөд толгойгоороо дохиж гаруудтай би л үзэж байсан юм даа... гэж бааварлаад гарч билээ...Нэг тийм зангарагтай дүр байсан шүү...” хэмээж байсан.
Үндэсний спортын нэрт сэтгүүлчийн хэлсэнчэн эзэн ч гэлтгүй Соёмбо хүлэг ч тэр үедээ “баавар” адуу байсан нь мадаггүй юмаа...
О.Наранбаатар