Доржсүрэнгийн хээр (шүлэг)
Болор цомын хошой эзэн Цэндийн Чимэддорж монголын хурдан морины домгуудыг бүгдийг нь үгийн сайхнаар урласан юм. Алдар цуут даян түмэн эх хээр морины талаар ингэж сайхан шүлэглэсэн.
Богд нь уулын салхи
Доржсүрэнгийн хээрийн өөдөөс
Бороотой нартай наадам
Доржсүрэнгийн хээрийн өөдөөс
Нарны буурал зурхайд
Балжиннямтай өдөр байхад
Наадмын Буянт-Ухаад
Доржсүрэнгийн хээртэй өдөр байдаг
Зэргэлээ шиг хээр морины
Зэв чихэнд нь ч гийнгоо хадаж
Зээрэн хөлд нь хурд хургаж
Зээ татсан уяа нь эвлэхэд
Эргүүлэг бүхэнд нь алтан загас эрхэлж
Эмээл дээр нь норов эрдэнэ дүрэлзэж
Нүүдэлчний их адууг дагуулан
Нүүж өгдөг хээрийг
Жалганаас боссон чоно шиг зугтаахад нь
Жагсаал олон хүлэг зогсоо юм шиг хоцорно
Морин өртөө эвхэгдэж хоцорно
Монголын магнай тэнийж тосно
Дорнын шүлгэнд мөртэй
Дотогшоо хээр
Галын хүрний ар дээр
Гадагшаа хээр
Долоон бурханы дор
Чөдөр үзээгүй хээр
Долиглох их Туулыг
Сөрж залгисан хээр
Аранжин улаан үүрээр
Гал болсон хээр
Айдсын морин давааг
Босоо зүүдэлсэн хээр
Амгаа зуузайндаа хээр шувуутай
Алтан уяандаа хээр жиргээтэй
Сүүлэндээ чонын шагайтай
Дэлэндээ галын хийморьтой
Хазаартай хээр тахь
Хадагтай дуу
Дөрвөн их хүчтэн
Дөрвөн туурайнд нь байдаг
Дөрвөн их ханлиг
Дөрвөн бэрхтэй байдаг
Иргэж төрсөн их морин
Илбэг наадмын ир морин
Хүүхэн хүн унаагүй эр морин
Хүннү цадгийн хүрэл морин
Буруу талаас нь мордвол
Морь минь хаяхын үнэнд
Буйльгүй тэмээ унавал
Говь минь хаяхын үнэнд
Их наадмын хүрээ
Доржсүрэнгийн хээрээр дутаж
Ихэр унагатай адуу наранд уруудаж гэмээнэ
Эмээлээ үүрэн, хазаар эгэлдрэглэж
Эрэлгийн үүдийг хүртэл би явган алгадна.