Шилүүстэйн Мягмарсүрэнгийн алаг морь
Мягмарсүрэнгийн алаг морь
1990-ээд оны Шилүүстэйн нэр цуутай морь гэвэл алаг морийг нэрлэнэ. Шаварт хөөврийн унаган адуу. Мягмарсүрэнгийн аав Доржсүрэн Шилүүстэйн нэгдлийн монгол үхэр маллаж байлаа. Тус адуучин Түмбаатараас үхрээр алаг гүү сольж авчээ. Хурдан алаг морь энэ алаг гүүний үр, эцэг нь нэгдэл адууны азарга болов уу гэдэг. Алаг гүү хоёр жил төл өгөлгүй байгаад 1984 онд унагалж хурдан алаг морь гарсан. Доржсүрэнгийн Хасбазарын нэр дээр багадаа уралдаж байсан. Дааганд нь Доржсүрэнгийн Мягмарсүрэн энэ хүлгийг сургасан. Хожим ч энэ хүний нэр дээр алдраа дуурсгасан...
Туранхай даага уяж сумандаа түрүүлээд, Отгон сумын ойд очиж түрүүлэв. Шүдлэн, хязаалан сумандаа хол түрүүлсэн. Соёолон жилээ голлож унаж эдэлж байсан Д.Мягмарсүрэн шарлаад хөлс авалгүй, таргадуулж сумандаа дөрөвт орсон. Соёолон хүртлээ Д.Хасбазарын нэрээр уралдаж байсан. Бага гурван насандаа махийтал унагдаж, эдэлгээнд байхдаа хол түрүүлж байсан юм. Харин хязаалан жил нь монгол гутал тослоод мордтол үргэж зулраад, сүрхий жигшээсэн байна. Эндээс мордоход үргэдэг зан суужээ. Д.Мягмарсүрэнг цэрэгт байх гурван жилд унаж эдлэх хүнгүй, таргадаж 15 дотор л давхисан мэдээ байдаг.
Д.Мягмарсүрэн цэргээс халагдаж ирээд 1993 онд Завхан аймгийн 70 жилийн ойд сойж сайхан уяатай очсон ч их морь будилсан. Эхний хэсэгт Дөрвөлжингийн Цэвэгдоржийн оодон бор түрүүлж, алаг морь долоод хурдалжээ. Гүйцэт эргэсэн моринд Д.Хишигбатын хонгор түрүүлсэн. Сумандаа тэр жил 12-т давхижээ. Хойтон жил нь суманхаа ойд хүүхдээ унагаад, эргэж мордуулж 29-д ороод Гангижавын бор гэдэг морь түрүү магнай болсон. Д.Мягмарсүрэн шууд Дэлгэрийн ойд явж алаг морь тавд хурдалжээ. 1995 онд сумандаа айрагдсан. Ихэд нийлээд сумандаа анх айрагдаж байгаа нь энэ. Сар хайрханы сунгаанд Дөрвөлжингийн Цэдэвийн хээртэй хамт сунгав. Хээр түрүүлж, Сэр-Од жолоочийн хээр, хар алаг морьд аман хүзүү гурваар ирлээ. Эзэн уяач ч нэр цуутай ийм хоёр моринд ойрхон уралдаж байгаа сайн уралдана гэсэн бодож байлаа. Даншигт 563 мориноос эхний тасарсан 15 морин дунд татаатайгаа явсаар 14-т оржээ. Алаг морины эзэн Д.Мягмарсүрэн “Тэр даншигт Туяагийн халиун мөн ч аатай байсан шүү. Шугам шиг давхилтай жаахан зайтай түрүүлж билээ. Сонгино сумын Андагадайн хар даага мөн ч гоё уягдсан байсан. Бас түрүүлсэн. Их насны эхний 15 морь тасарч, миний алаг 14-т орсон. Миний алаг морийг багад нь унаж хоёр түрүүлж байсан залуу тэр үед цагдаа болчихсон дагаж үзээд, уралдааны дараа над дээр ирж. Ёстой нэг гараа хөдөлгөдөггүй, гуяддаггүй хүүхдээр унуулах юм даа. Хоёр шавхраад өгөхөд эхний хэд рүү ороод ирэх байлаа ш дээ... гэж байсан. Гэхдээ том наадамд уралдаж болох юм байна гэсэн итгэл төрсөн дөө...” гэж ярилаа.
1996 оны цагаан сарын шинийн найманд Говь-Алтай аймагт анхны хаврын бүсийн уралдаан болов. Тээгийн аарагт болсон наадамд Д.Мягмарсүрэн өөрийн алаг морь, хүргэн Батмөнхийн хондон гэж хоёр сайн морьтой очив. Хондон морь нь сумандаа таван жил дараалан айрагдсан хүлэг юм. Хаврын анхны бүсийн уралдаанд Сампилын хонгор халзан морь түрүүлж, хондон аман хүзүүдэж, алаг гуравт давхижээ. Говь-Алтайн Сампил гэж дал гарч байгаа өвгөн их нас түрүүлгэж, аймгийн алдарт уяач цолоо тэр наадам дээр гардан авч байжээ. Тэр жилийн зун сумын наадамд хүүхдээ томдуулж зургаад давхиулав.
1997 оны зун сумандаа түрүүлчихлээ. Эцэх тусмаа сайн давхидаг гэдэг нь 1997 оны Дэлгэрийн даншигаар харагдсан. Тэр наадамд шар үстэйгээ туранхай морь, ул муу гээд наадамд холхиулалгүй тулгуухан хөтөлж очжээ. Хүмүүс ч эдэлгээг нь ихдүүлж, айраггүй гэж байлаа. Хэдэн жил алаг мориныхоо барилыг авсан Д.Мягмарсүрэн, нэрт уяач Шилүүстэй Ховоо гуай хоёр л итгэлтэй байв. Ховоо алдарт “Алаг морио харна даа. Манай сумын Ганболдын хүрэн даага хурдан байгаа юм гэсэн. Хязаалантай тавихад гүйцэгдэхгүй байгаа дуулдаад байна лээ. Тэр нэг магадгүй...” гэж байлаа. Хашир уяач аргагүй л сайн мэдэрсэн. Ганболдын уясан Түмэнбаярын хүрэн даага тэр наадамд мөн айрагдсан.
Их наадамд Мягмарсүрэнгий алаг, Туяагийн алаг хоёр гүйцэт эргэсэн морьдын өнгөлж, хойно урдаа гаран уралдсаар барианд орлоо. Нэрт яруу найрагч Цэндийн Чимэддорж наадмын дараа ирээд “Сар хайрханы даншигт арав гаргаад орчихдог алаг морь мөн үү. Хамгийн баруун захаар гялтайсан харлаг морь татаатай явсаар байгаад арав гаргасан. Тэр мөн шиг давхил нь....” гэж аргагүй малчны удамт, малд нүдтэй хүний ёсоор хэлж байлаа. Алаг морины эзнээс ярилцлага авсан нь хожим Монголын радиогийн Шинэ эрин радио станцын нэвтрүүлэг болон цацагдсан. Сонгины хар азарга, Туяагийн халиун, алаг морь гурваар нэвтрүүлэг хийжээ. Чимээ найрагч алаг морины сүүлнээс тугийг гуйж аваад “Хархоринд болох Их хурдад ашиглах юмаа. Мөн ч сайхан хийцтэй адуу юм, хангайн буга гээч нь л байх даа...” гэж байлаа. Алаг морь том сайхан биетэй, нимгэлж эцээх тусмаа уяа орж өнгө засдаг. Алаг морьтой ойрхон удамтай, ах Хасбазарын халиун морь шүдлэн соёолон сумандаа айрагдаж, алаг морьтой нэгэн үед уягдаж байлаа.
1998 оны Их хурдын урилга гардаж хөлөөр нь очиж уралдсан. Газрын холд уяа ч олигтой таарсангүй. Баруун монголын нэгэн алдарт хүлэг түүний хойш нэг жил болоод төрсөн нутагтаа ойчсон гэдэг ээ.
Сүүлд эдний ах Хасбазарын хүү Батдорж Хэнтий аймгаас хар алаг даага авчирч, шүдлэн Завхан аймагт түрүүлгэж, хязаалан аман хүзүүдэж, бас нэгэн алаг даага Завханд түрүүлгэсэн. Мягмарсүрэн ах “Манайхан алаг адууны үүдтэй байхаа. Давхиад байдаг юм шүү...” гэж байна.
Ц.Чимэддорж найрагч Шилүүстэйн алаг моринд зориулж
Шилүүстэйн алаг гэж
Шидэж өгдөг адуу
Шивээ шивээн толгойгоор
Налж давхидаг адуу
Үймэг гүймэг морьдыг
Үймүүлж өгдөг адуу
Үйтэн хайтан цэцгийн
Шүүдэр хөлстэй адуу
Газар алаглатал давхихад нь
Гарьд үүлэн алаглаж
Галав сүүдэр алаглахад
Шилүүстэйн алаг гэж
Шигшиж өгдөг адуу
Шилүүс гөрөөсний мөрийг
Булж өгдөг адуу
Мягмарсүрэнгийн алаг гэж
Газраас тасарсан оч
Цуутай даншиг наадмын
Сугарч цойлсон од
Нарны уултай давхарладаг
Алаг хайрхан
Наадмын хаяанд ургадаг
Алаг майхан хэмээн урлажээ.