Анхны арван алдарт уяач цолыг хэн гардав
Монголын морин спортын холбоо нь анх 1968 оны гуравдугаар сарын 16-нд байгуулагдсан ба Монгол улсын бүх аймаг, нийслэлд салбар зөвлөл байгуулагдан ажиллаж байжээ. Морин спортын холбооны тэргүүнээр Намын төв хорооны Хөдөө аж ахуйн хэлтэсийн дарга Балдандорж, Хүнс хөдөө аж ахуйн яамны ерөнхий зоо Д.Самданжамц, УИХ-ын гишүүн Ж.Уртнасан, Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд асан Д.Рагчаараднаа нар 1995 он хүртэл ажилласан байдаг. Мөн 1988 онд Батлан Хамгаалах Туслах Нийгэмлэгийн дарга, хошууч генерал Ж.Гүррагчаа, Спорт эрхэлсэн орлогч С.Сайнцог нар нь Морин спортын холбоотой хамтран Үндэсний Морин уралдааны хөгжилд гарамгай гавьяа байгуулсан ХХ зууны хурдан морины уяачдад “Монгол Улсын Алдарт уяач” гэдэг эрхэм цолыг анх удаа бий болгож дор дурдсан хүлэгчдэд олгосон юм. Үүнд:
БНМАУ-ЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛООР:
1.Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, 80 настай буурал уяач Донойн Цэвэгмид /Улсын баяр наадамд 4 морь түрүүлүүлж, 3 морь айрагдуулсан/,
2.Завхан аймгийн уугуул, Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйн харъяат, 82 настай буурал уяач Батын Төрбадрах /2 морь түрүүлүүлж, 9 морь айрагдуулсан/,
3.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач Сэрээнямын Банзрагч /3 морь түрүүлүүлж, 8 морь айрагдуулсан/,
4.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач Мөнхийн Данзанням /3 морь түрүүлүүлж, 6 морь айрагдуулсан/,
5. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат уяач Сампилын Гэсэрваань /2 морь түрүүлүүлж, 8 морь айрагдуулсан/,
6.Завхан аймгийн уугуул, Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат, уяач Лханаажавын Дамдин /3 морь түрүүлүүлж, 9 морь айрагдуулсан/,
7.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, уяач Дорнойн Сундуй /2 морь түрүүлүүлж, 9 морь айрагдуулсан/,
8. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, уяач Жамбалын Содномпил /2 морь түрүүлүүлж, 7 морь айрагдуулсан 5 морь түрүүлүүлж/,
9. Ховд аймгийн Дарви сумын уугуул, Улаанбаатар хотын Партизны сангийн аж ахуйн Улаанбаатар Төмөр замын Рашаант өртөөний ажилчин, уяач Дамдинхүүгийн Түвдэн /5 морь айрагдуулсан 5 морь түрүүлүүлж/,
10. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Улаанбаатар хотын Морин спортын төв клубын уяач Данзаннямын Даваахүү /8 морь түрүүлүүлж, 29 морь айрагдуулсан/ нарт олгов /энгэрийн тэмдэг, зандан модоор хийсэн хусуур, сойз гардуулсан байдаг/” гэж “Спортын мэдээ” сонины 1988 оны долдугаар сарын 15-ны дугаар 30-д сэтгүүлч Т.Бааваа бичсэн байна ... Мөн БНМАУ-ын Морин Спортын холбооноос /МСХ/ Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Алдарт уяач Мөнхийн Данзаннямын хүрэн азарганд 4 түрүүлж, нэг айрагдсаныг үнэлж “Ажнай хүлэг” цол олгосон юм. Үндэсний их баяр наадам болон бүсийн уралдаанд түрүүлсэн азарга, их насанд “Түмний эх”, 2 түрүүлбэл “Даян түмний эх”, 3 түрүүлбэл “Дархан түмний эх” цол олгодог болжээ. Уяж сойсон хурдан морь нь төв, орон нутгийн наадамд олон удаа түрүүлсэн, дээгүүр давхисан бол алдарт уяач цол олгодог. Монгол улсын алдарт уяач, аймгийн алдарт уяач, сумын алдарт уяач гэх зэрэг ангилалтай ба 4 жилийн дотор уяж уралдаалсан мориноос нь айрагдсан 16, түрүүлсэн 8, түүнээс гадна хурдан морь уях аргын талаар гарын авлага бичиж, хоёроос доошгүй залуу уяачийг сургаж бэлтгэсэн бол уг адуучин улсын алдарт уяач цол хүртэнэ. Түүнчлэн аймгийн алдарт уяачийн болзлыг давтан биелүүлбэл улсын алдарт уяач, сумын алдарт уяачийн болзлыг давтан аймгийн алдарт уяач цол олгоно гэж шийдвэрлэсэн байна.
“БНМАУ-ын Алдарч уяач” цолны нэг тоот үнэмлэхийг 1988 онд энгэрийн тэмдэг, эрээн майхан, хурдан морины хусуурын хамт гардан авсан хүн бол Хэнтий аймгийн Галшар сумын ард, нэрт уяач Донойн Цэвэгмид юм. Тэрбээр 1908 онд Сэцэн хан аймгийн Хардал бэйсийн хошуунд төрж 5-6 наснаас наадмын морь унаж 80 гаруй насалтлаа морь шинжих, таних, уяж сойх, хурдлуулах талаар нэрд гарчээ. Түүний уясан морьдоос улсын наадамд 10 морь айрагдсаны 8 нь, 5 морь түрүүлсний 3 нь өөрийн нь морьд байжээ. Улс хувьсгалын 30 жилийн ойн баяр наадмаар түрүүлсэн 6 морины 5 нь Хэнтий аймаг авсны 4 нь Галшар сумынх бөгөөд түүний 2 нь нэрт уяач Д.Цэвэгмидийн морь байв.