Завханы бүсийн түрүү Гоё хээр
Өнөө жилийн үндэсний их баяр наадам, Завхан аймагт болсон баруун бүсийн уралдааны түрүү, Говь-Алтайн 100 жилийн том наадмын аман хүзүү Увс аймгийн Зүүнговь сумын харьяат улсын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр азарга. Энэ азарганы эх тал нь Өлзийтийн Ганбатын унаган адуу. Бүр дээд удам нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Рагчаагийн Мөнхтөрийн адуу болно. Өлзийтийн Ганбат 2006 онд хожмын улсын гавьяат малчин, улсын алдарт уяач Р.Мөнхтөртэй уулзахаар Улаанбаатар хотоос портер хөлслөөд Сүхбаатар аймгийг зорьжээ. Алдарт уяачаас нэг даага, хээр гүү хоёр худалдаж авав. Гэтэл Мөнгөөлэй охин даага бэлэгт өглөө. Энэ хээр гүүнээс л хожмын хурдууд гарсан юм. Охин төлөөс нь Гоё хээр азарга гарсан. Эцэг нь Булган бор азарга. Гоё хээр даагандаа сумандаа зургаалж, шүдлэн Булган аймгийн баяр наадамд түрүүлж, хязаалан аман хүзүүдсэн. Соёолон жил нь улсад уяж байсан ч цар тахал гарч наадам өнжсөн юм. Тэр жилээ Хэнтий аймгийн Баянхутаг суманд Уртнасангийн Тамир, Ө.Ганбат нар хамт морьдоо уясан. Дараа жил нь дахин хамт морьдоо уяж Их хурд уралдаанд айрагдаад Налайх дүүргийн 60 жилийн ой говийн бүсийн уралдаанд түрүүлээд Бадарчийн Норовсамбууд ирсэн юм. Ардын хувьсгалын түүхт 103 жилийн ойд Увс нутгаас анхлан азарга түрүүлсэн нь энэхүү гоё хээр азарга байлаа. Увсчууд 100 жилийн түүхэндээ их морь хэд хэд түрүүлгэсэн боловч азарга түрүүлгээгүй байжээ.
Энэ хүлэг залгаад Засагтханы хоёр том уралдаанд очиж нэгд нь түрүүлж, нэгд нь аман хүзүүдэж гоц амжилтыг гаргажээ. Завханы ойд Даяндэмидийн хоёр азарга, алдарт уулс хүрэн зэрэг түмэн эхийн урд гишгэсэн юмаа. Гоё ч зоригтой ч, хурдан ч адуу даа.