Дотоод мэдээ

Улсын алдарт уяач Энэбишийн Ганбат

Монголын хурдан морины нэгэн үеийн түүхийг бичилцэж, зураг сүүдрийг үлдээж, адууны хурдыг нэмэгдүүлж, үнэ цэнийг өсгөхөд Москвагийн Эрчим хүчний дээд сургууль төгссөн энэ хүн онцгой үүрэг гүйцэтгэжээ. Өөрөө Улаанбаатарт төрсөн, аав Цэвээндоржийн Энэбиш нь Тэлмэн сумын харьяат,  ээж нь Төв аймгийн Өндөрширээтийн гаралтай  боловч, бага залуу насандаа зун бүр Жаргалантад ах дүү, төрөл төрөгсөд дээрээ очиж адуу  малтай ноцолдон мал аж ахуйн  соёлд суралцсан даа. 

Э.Ганбат ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэгэн бөгөөд 1995 оноос хурдан  моринд хорхойсон орж, нэлээд зүтгэл гаргасны үр дүнд улсын алдарт уяач цол хүртсний гадна уналга эдэлгээний монгол  адууны үүлдэр угсааг сайжруулж, хурдны чиглэлийн шинэ  хэвшлийн монгол адууг буй болгох чухал санаачлагыг анх сэдэн хэрэгжүүлсэн сэхээтэн уяач юм. Түүгээр ч үл барам өөрөө АНУ-д ажиллаж амьдран Чикаго, Майами, Кентаки, Лос Анжелесийн морин тойруулгуудад морь уяж 2014 оны намар Кеенландын “Бридерс Кап”-д “Монголиан Сатурдай“ гэдэг морийг түрүүлгэж Дэлхийн аварга цол хүртсэн билээ. Энэ нь монголчууд морь уях эрдмээрээ дэлхийн дэвжээнд өрсөлдөх өргөн бололцоо байгааг нотлон харуулж олон монгол залуусын урам зоригийг сэргээж, итгэл сэтгэлийг даллан дуудсан чухал үйл явдал болсон юмаа.

1996 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүнгалуутайд болсон их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Шувуун саарал наадамд Өнжүүлийн Ханддоржийн адууны гаралтай хамар цагаан ухаа морио айрагдуулж наадмаа эхэлсэн. Тэр цагаас хойш арав гаруй жил том наадмаас айраг алгасаагүй хүн дээ. 1998 оны Улсын наадамд Жаргалантаас авсан сартай хүрэн азаргаа түрүүлгэж, Говь Шанхад хойтон нь айрагдуулав. Түүний үр зээрд халзан үрээ 2003 онд Улсын наадамд түрүүлж Завхан аймгийн 80 жилийн ойн наадамд аман хүзүүдэв. Чой хонгор хэмээх хурдан азарга нь Завхан аймгийн 80 жилийн ойн наадамд айрагдаж Өндөр Гэгээний наадамд айрагдаж, Боржигоны бүсийн наадамд айргийн 3-т давхисан.

Буддёный үүлдрийн “Арамис” нэртэй зээрд халзан морь Дүнжингаравын уралдаанд түрүүлж “Лидер” нэртэй хүрэн азарга 3-т давхив. 2006 оны улсын наадмын гадаад адууны ангилалд Читагаас авчирсан хээр үрээгээ уралдуулсанд 3-т хурдлав. Энэ хээр үрээ Б.Билэгдэмбэрэлийн резви хэмээн алдаршиж олон хурдан төл өгч Алтан азарга өргөмжлөл гардсан юм.

ӨМӨЗО-ны Барга нутгаас авч ирсэн зээрд халзан морь Төв аймгийн 80 жилийн ойд түрүүлж Боржигон наадам, Завхан аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдээд Даариймаагийн Чулуунбат чамгүй үнэтэй зарагдаж тухайн үедээ дуулиан шуугиан болж л байлаа. Дорнодын пянз Энхээгээс зээрд азарга авч Төв аймгийн 80 жилийн ойн наадамд аман хүзүүлж Боржигон наадамд айрагдсан. 2003 он бол Энэбишийн Ганбатын тун одтой наадсан жил юм. Монгол улсын тод манлай уяач С.Ганхуягтай морьдоо уяж Төв аймгийн түүхт ойд азарга аман хүзүүдэж, их нас түрүүлгээд Боржигон наадамд уралдаж, хугацаа тулсан тул шууд онгоцоор ачиж Завханы ойд уралдан гурван ч айраг авсан. Төв аймагт азарга будилаагүй бол Пянзын зээрд гэдэг азарга онцгой сайн байсан жил нь юм. Өвөрмонголоос ирсэн халзан морь ёстой л далд гэхээр түрүүлсэн. Эндээс Боржигон наадамд Зуунайн буурал, зээрд халзан морь хоёр холбоотой орж комисс аман хүзүүнд барьсан. Түрүү морины пайз өгөөд буцааж авсан хэмээдэг.

Эндээс уугуул нутаг Завхандаа уралдахаар хөдлөх гэж байтал С.Ганхуяг манлай “Халзан морио аваад явбал яадаг юм. Сайн байна” гэж байлаа. Э.Ганбат МИАТ-ынхантай ярьж АН-26 онгоц авахаар болж, Хустайн нуруунд тахийг хариуцдаг хүмүүстэй уулзаж тахь зөөдөг хайрцгийг нь үзтэл биерхүү адуу орохооргүй жижиг байж гэнэ. Ингээд нэг хоногийн дотор шинэ хайрцаг хийж морьдоо ачих болов. Гэтэл найман том хайрцаг онгоцонд багтахгүй тул дөрвөн том адуугаа хайрцганд дөрвөн талаар нь хийж, бага адуугаар голд нь чөдөртөй тавьж ниссэн гэдэг. Бага адуу гэдэг нь тухайн жилийн улсын түрүү Э.Ганбатын зээрд халзан, чой хонгор (хязаалан), Нацагнямын халтар зэрэг аваргууд байсан юм. Эд цөмөөрөө Завханы 90 жилд айрагдаж түрүүлсэн.

2009 оны үндэсний их баяр наадамд түрүүлсэн хээр үрээний удмыг  ОХУ-аас авчирсан хар гүүг, өөрийн зээрд халзан азаргандаа хураалгаж гарсан хэмээдэг. Тэр жилээ Очирваанийн даншигт нас өгсч айрагдсан.  

Морьд хурднаас гадна аргагүй гар сайтай хүн. Өгсөн адуу нь очсон эздээ баярлуулсан. Хөлийн хурдаар гайхагдаж бага насандаа завсаргүй том наадамд айрагдсан Төв аймгийн  Б.Нацагнямын халтар үрээ энэ хүний адуунд сүрэгт төрсөн унага. Эцэг нь Сүхбаатараас гаралтай, эх нь өөрийн унаган тогоруу цустай халиун гүү. Даага Боржигонд айраг, шүдлэн Төв, Завхан аймгийн 80 жилийн ойд түрүүлж Боржигонд аман хүзүүдсэн. Хязаалан соёолон улсын наадамд айрагдаж, азарган соёолон Өндөр Гэгээний наадамд айрагджээ. ӨМӨЗО-ны Хөлөнбуйраас авчирсан Цандэлэгийн зээрд халзан азарга нэгэн өвөл, хаврын уралдаануудад олон түрүүлсэн. ОХУ-ын Кавказаас авчирсан Орхон аймгийн Д.Чулуунбатын Манлай халзан гэх араб азарга Улсын наадамд 1 түрүүлж 1 айрагдсан. Орхон аймгийн наадам болон өвөл, хаврын олон уралдаануудад  түрүүлсэн дээ...

Монголын хурдан морины ертөцөд өөрийн мөрийг гаргаж, хуучин цагийн олон сайн уяачтай уулзаж, фото дарж, ярилцлага авч, видео хийж, домог түүхийг нь сонсож, адуунаас нь хүртэж явжээ. Одоо түүнд нэг сайхан ном л туурвих ажил үлдэж байх шиг...

Монгол улсын алдарт уяач Энэбишийн Ганбат улсын баяр, улсын бүсийн уралдаанаас 19 айраг түрүү авсан. Аль хэдийн манлайн болзол хангасан хүн юм. Азарга долоон удаа, их нас дөрвөн удаа, сонгомол дээд нэг удаа айрагдаж түрүүлгэсэн. Дахиад нэг айраг авахад шууд тод манлай болох хүн дээ...