Д.Төртогтохын хар морь
Хөвсгөлийн Д.Хишигбатын дараагаар нутгаасаа анх түрүун улсын наадамд морьдоо авчирч хурд хүчийг нь үзсэн хүн бол Завхан аймгийн Тэс сумын уяач Д.Төртогтох юм. Тэрбээр тэжээлийн аж ахуйн адуу маллаж байх залуу зандан цагаасаа хурдан морь сойж эхэлжээ. Түүний нэрийг Тэсийн голын унаган хүлэг хар морь нь улс даяар мандуулж өгсөн билээ. Гэхдээ энэхүү хар морь том наадамд жаахан аз дутах нь бий. 1993 онд Завхан аймгийн 70 жилийн ой тохиосон юм. Тэрхүү наадамд хар морь Хишигбатын хонгор мориноос саахалтын зайтай түрүүлэн барианд 200-300 метр дөхөж иржээ. Гэтэл даамлын машин бариа дөхөхөөр замаас гарч чиг өөрчлөхөд газар мэдэхгүй хүүхэд мөнхүү тэргийг даган давхисаар нэлээд хугацаа алджээ. Энэ хооронд Хишигбатын хонгор чигээрээ давхиж, гарааны зурхайд түрүүлж орж амжсан гэдэг. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Сархайрханд болсон «Морин эрдэнийн Бат-Оршил» даншиг наадамд хар морь бас л өм дутаж есөөр давхижээ. Хэрвээ хоёр ч удаа хадуураагүй бол түрүүлэхээ байг гэхэд айргийн тавд багтах л байсан гэдэг юм. Энэ үеэс эхлэн энэ хар морийг «Эрдэнэт» үйлдвэрийн захирал, Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсан худалдан авч, өөрийн нэр дээр уралдуулах олсон ажээ. Гэхдээ уяа заслыг нь Д.Төртогтох л тааруулна.
Нутаг орныхоо олон наадамд одтой хурдалж, Увс аймгийн Өндөрхангайд болсон Лу Гүний 150 жилийн ойн наадамд гуравт хурдалсан хар морио улсын наадамд явж үзэх санаа эзэнд төржээ. 1996 оны хавар эрт нийслэлийг зорьж морьдын тааваар явж Эрдэнэтэд иртэл улсын наадам хөлөөрөө очиж амжихгүй тул вагонд ачин ирж Буянт-Ухаад буужээ. Улсын наадамд анх уралдах гэж байгаа хүлэг, хүү хоёрын аль нь замаа мэдэхгүй, нутгаас эрт гарч аян замд харшиж ядарсан гээд олон бэрхшээл байсан ч 400 гаруй их наснаас 11-т хурдалсан. Ер нь газар ойр, зам харгуй сайн тогтмол уралдсан бол дархан айрагтай байсан гэсэн үг. Буянт-Ухаад хийсэн анхны уралдаандаа ийм амжит гаргана гэдэг гайхам үзүүлэлт. 1998 оны Их хурд уралдаанд хурдан морь 21-т хурдалж байлаа.
А.Баасандорж