Монгол улсын алдар уяач Лхамжавын Намхай
Монгол улсын алдарт уяач Лхамжавын Намхай
Яруу нутгаас монгол улсын алдарт уяач цол хүртсэн хоёр хүний нэг. Бүр эртхэндээ Жамьяангийн цагаан гэдэг морийг авч хурдлуулж байсан. Таньж тодруулсан морь бүхэн нь давхидаг билгийн нүдтэй хүн дээ.
Идэр Тэлмэн чигээс Яруу сумын нэгдэл адуунд ирсэн Товуугийн халтар азарганы төл халтар даагыг шинжиж авч уяхын сайнаар уяж улсын алдар цолд хүрсэн хүн. Шүдлэн сумандаа түрүүлж, хязаалан аман хүзүүдсэн. 1995 онд аймгийнхаа баяр наадамд шар халтар морь түрүүлж хурдан байх жилээ соёолон аман хүзүүдсэн халтар үрээтэй Сар хайрханы даншиг наадмыг зорьж наадав. Их морь ирэхэд Сар хайрханы овоон дээрээс дурандаж, шар халтар морь баруун монголын алдарт хүлгүүдийг хөтлөн гарч ирж байгааг таницгаажээ. Бариа нэлээн өгсүүр, суудаггүй юм чинь ороод л ирэх нь гэтэл урт хотос руу ороод алга болчихлоо. Халиун морь гарч ирж түрүүлсэн нь Дөрвөлжингийн Туяагийн халиун, араас нь Ургамалын алаг морь аман хүзүүнд, хэдэн бүгээн адуу орчихлоо. Ер нь нэг биш боллоо гэлцэн тосож үзвэл ойчоод хүүхэд нь буучихсан хамаг юм нь шазайгаад чангарсан байна гэнэ. Яаж ч болохгүй тэвдэж байтал хэдэн хормын дараа шар халтар морь үүрсээд сэргэж гэнэ. Энэ бас айхтар юм хаасан болов уу гэж бодогддог. Гэхдээ эндээс гэм согог суугаагүй нь сайшаалтай. 1996 онд Завхан аймгийн баяр наадамд дахин дэвжээгээ эзэгнэж түрүүлээд, 1997 онд аман хүзүүдэж 1999 онд дөрөвт давхисан. Шар халтар морь дан уяанд сайн, давхар уяанд гундчих гээд байдаг талтай. Ганц удаа онож тавибал хаа ч уралдаж болохоор хурдтай. Номхон дөлгөөн сэргэлэн зантай. Хамт байсан адуунаас урьтаж чимээ сонсож, анир авдаг адуу. Ийм учир наадмын урд орой чимээ шуугиангүй газар аваачиж хонуулахгүй бол сэрвэлзээд идэж өгөхгүй. Согтуу хөлчүү улс шуугисан хөлийн газар бол бүр ч идэхгүй.
Шүдлэн Завхан аймгийн 70 жилийн ойд айрагдаж, соёолон аймагтаа аман хүзүүдсэн бага халтар морь нь Сар хайрханы даншигт долоод хурдалжээ. Гоц хурдан морь тодорч байгаад хавчиг жил нь алдсан хэмээдэг. Ойгон Шар нуруу талаас адууны наймааны талд ирсэн бор хээр гүүний үр юм энэ морь. Мөн өөрийн унаган хээр азарганы төл хээр даага аймгийн баярт түрүүлж байлаа.
2000 онд хүр дүү Батаагаасаа Яруу Эрдэнэхайрханд уралдаад модгүй давхисан хүрэн даагыг хурдан сайн болно хэмээн шинжин худалдан авчээ. Хойтон жил нь аймагтаа нь аман хүзүүдээд хурдан сайн азарга болж нийлэх насанд нь Усныхын Аюурзанад өгсөн. Аюурын хүрэн гэж аймагтаа нэг түрүүлж нэг аман хүзүүдсэн хурдан азарга болсныг бид мэднэ. Тэр цагаас Монгол улсын алдарт уяач Усныхын Аюурзанын морьдыг уяж улсын том цолд хүргэсэн уяач юм. Аюурын аварга улаан хэр морь вэ гэвэл “Мундаг адуу даа. Тайван дөлгөөн. Аварга нэрэндээ таарсан хүлэг. Ер нь түрүүлнэ шүү. Ямар ч ажил хийсэн гарын ая даана, уралдааны замд адуунд ноёлуулахгүй. Уяан дээр уяхад яг уяаны хэц дагаж зогсоно. Хөндлөн огт зогсохгүй шүү дээ. Их сонин тийм араншинтай морь байсан. Холхихгүй, шаасан гадас шиг дөрвөн хөлөө бүтэн гишгэлттэй зогсоно. Хөлөө сойх барих юм үгүй” гэж ярив.
Ер нь Завхан чигийн онцгой сайн уяачдын нэг . Ямар сайндаа Алдархааны Богдын голынхон түүнд “Морины рентген” гэсэн нэр хүртэл өгч байхав. Далд шинжийг рентген мэт хардаг гэсэн утгаар өгсөн болов уу. Асгат суманд болсон нэгэн өдөрлөг наадам есөд орсон даагыг хурдан гэж шинжээд Түдэвтэйд цагдаа байсан Баатарын Батдэлгэр (Донойн хурд МСУХ-ны тэргүүн байсан) хандаж “Үүнийг авчих, долоо хоногийн дараа сумын наадамд багтааж өгнө” гэжээ. Б.Батдэлгэр түрүүлсэн даагыг нь авчихвал дээргүй юу гэхэд. Түрүү даагаар чи ганц л жил уралдана, харин есөд орсон хээр даага бол насаараа уралдана гэж байлаа. Сүүгүй туранхай даагыг авч ингэж сайн уясны зэрэгцээ, Завхан аймгийн баяр наадамд шүдлэн хязаалан аман хүзүүдэж соёолон түрүүлж, ихэд нийлээд ч дахин айрагдсан юм. Аргагүй л нэг таньсан байгаа юм даа. Та Батдэлгэр алдартын хээр морийг юунд нь болж шинжсэн бэ, өдөрлөгт л есөд орсон даага шүү дээ гэвэл “Нэг л нүдэнд тусаад байсан юм даа. Тэр хэдэн хүүхэд уяад л байсан гавихгүй байлаа. Хүнд адуу зориглоод шинжээд аваад өгчихдөг яах бол гэж бас бэргэж байсан шүү. Гэхдээ итгэлийг минь алдаагүй ээ. Мундаг холч морь, тэвчээр лут морь доо” гэж магтлаа. Асгатын дааган хэмээн Ганаагийн адууны хээр даагыг Түдэвтэйн Түмэнбаяраас ийн шинжиж авсан. Энэ морь Эрдэнэхайрханы бүс, Могой голын уурхайн 40 жил, Баянхайрханы ой, Түдэвтэйн Цоргын голын хурд, Идэрийн гэгээний 120 жилийн наадам, хорь гаруй айрагдаж эзэндээ алдарт уяач цолыг төвөггүй авч өгчээ. Хожим Б.Батдэлгэр Л.Намхайд “Халтар морь шиг адуу ганцыг заагаад өгөөч...” гэхэд “Тийм адуу тэр болгон таарч өгөхгүй байна. Би хараагүй биш энэ олон дунд чинь хараад л явдаг юм...” гэж байжээ. Тэгэхээр Б.Батдэлгэрийн халтар тийм ч элбэггүй төрдөг жигүүртэн болтой.
Мөн сумын төв дээр эзэн нь уяж хоноод баллаад байдаг саарал үрээг шохоорхож энэ л давхиж магадгүй адуу гээд худалдаж авсан байна. Соёолон жил нь аймагт уяж ирээд “Аймагт гарцаагүй айрагдах адуу энэ л байгаа юм даа” гэж их хурлын гишүүн Ядамсүрэнгийн Санжмятавын нэр дээр мордуулж айрагдуулсан. Шилүүстэйн Лхүндэвийн Анхбаярын зүүн зүгээс хээр үрээ авчраад бас л уяагаа олохгүй байхад нь алдарт уяач зааж зөвлөн Асгат Баянхайрханаар түрүүлгэж хязаалан үрээ аймгийн баяр наадамд түрүүлгэж өгч байв. Ийм жишээ олон бий.