Дотоод мэдээ

Луузайн хул

Луузайн хул

Хурд мэддэг таньдаг хүн уяан дээр явж байхыг нь харахад урамтай. Ёстой нөгөө онгонд нь оржээ гэмээр. Нэг жил Лувсандоржын Луузай гуай сумын наадмын урд орой наадамчдын уяагаар орж гарч явахад нь хараад ингэж бодогдож билээ. Тэрээр хормой нь хөлд нь ороолцолдохыг ч үл анзааран дээш нь татах сөхөөгүй нэлээд эрт унтарсан бололтой нимгэн цаасанд ороосон улаан тамхиных нь иш доод уруул дээр нь наалдаатай, уяачдын асуултад хариулан завгүй явна. Тэгсэн доод буланд бүх давхилдаа тасархай байсан нэгэн хээр буурал азраганы эзэн болох Туваан.

-Луузай гуай энэ ямар байна даа

-Онгойгоогүй л байна даа.

-Та яаж мэдээв. Бүх давхилдаа чавхны чулуу шиг л явж байхад онгойгоогүй байх уу.

-Энэ амнаас гарч байгаа шүлс нь хэлээд байна.

-Онгорхой морины амнаас ийм л шүлс гардаг шүү дээ.

Энэ бол ямар ч үнэр амтгүй тунгалаг хар шүлс байна. Онгойсон бол ондоол доо. Тунгалаг шар өнгөтэй гашуун байдаг юм гэх яриа болж өнгөрлөө. Хүмүүс “буурал азрага онгойгоогүй байна гэж байхгүй ээ, Мань хүн залж орхилоо” гэсэн харц шидэцгээн  зарим нь “манай хүн энэ удаа таасангүй” гэх аяс цухалзуулав. Тэр наадамд буурал азрага модгүй давхилаа. Луузай гэдэг ийм шинжээч уяач хүн байв. Луузайн хул гэхээр мөн ч олон хүн мэднэ дээ. Энэ хул азрагыг соёолонд нь хүний бага эмч хавтгай Дорж гуайгаас бараг гурван мянгаар авсан юм билээ. Нэг танил нь “Чи ямар үнэтэй авдаг юм бэ” гэсэнд үнэтэй авахгүй бол яаж давхих вэ гэсэн гэдэг. Хул азрагаа авсан жилээ сумандаа түрүүлүүлж хавчиг  соёолонд нь аман хүзүүдүүлээд долоотойд нь улсын наадамд хөтөлж очиод есөд давхиулж. 1971, 1973, 1974,  онд дараалан гуравт давхиулж байсан юм. Энэ адуу 14 настайдаа Баянцогт суманд уралдаж аман хүзүүлсэн. 15-тай улсад 13,  18тайдаа 18 д давхиж байлаа. Луузайн хул гараа дор, их яваач бяралхуу бугалга булчин сайнаас гадна дөлгөөхөн азрага байлаа.

 

Удамшил ба давхил

Луузайн хулын үр Лувсандоржийн хул азрага 1980 оны улсын наадамд айрагдсан. Энэ хул азарга Баян Өнжүүлийн Гийнаад очиж Гийнаагийн хул гэж алдаршив. Гийнаагийн хулын үр хонгор азрага 1992 улсын баяр наадамд айрагдав. Хонгор азраганы үр Гийнаагийн хул даага 1994 улсын баяр наадамд аярагдаж, 1995 онд Өвөрхангайн Есөн зүйлийн “Бат Оршил” даншиг наадамд гуравт, 1996 оны Улсын их баяр наадамд хязааланд наймд давхиж 1997 оны Улсын их баяр наадамд соёолон насанд гуравт хурдлав. Луузайн их хул азраганы үр хээр гүүний хул даага 1978 онд сумандаа айрагдаж азрага болсон хойноо Дамба нараар дамжин Бугын САА н Лханаад очив. Хул азраганы төл морь тэрэгний Гомбожавын хүү Дэлгэрсайханы хонгор халзан азрага 2002 оны улсын их баяр наадамд аман хүзүүдэж 2004 оны хавар Багануур Бага Хэнтийн бүсийн наадамд түрүүлээд байна. Хул азраганы төлөөр Баян Өнжүүлийн Гийнаа алдарт уяач болов.

Ш.Ганхуяг