Очирваань нутгаас онцгойрч яваа бөх
Алсдаа чангарах хүн гэдэг өөр шүү. Өдрөөс өдөрт даваа нь өсөөд, улам чамбайраад, нэвтлээд л. Мөнхтөрийн Лхагвагэрэл гэдэг 16 настай хүү анх бөхийн өргөөний жирийн нэг өсвөрийн барилдаанд их шөвөгт үлдээд л амжилт нь эхэлсэн шиг санагддаг. Тэр үеийн нэр цуутай өсвөр бөх Дамдинсүрэнгийн Ариунбаатар агсанг хаяж их шөвөг рүү орж ирж байлаа. Өсвөр үеийн улсын аваргад Өлгийд очоод зургаад, Дорноговьд очоод хүрэл зүүчихлээ. 18 настайд нь улсын аваргын тэмцээн Өвөрхангайд болох тодорхой болчихоод байв. Улсын залуу начин Б.Лхагвадорж гэж тэр үеийн тасархай хүүхэд, баргийн өрсөлдөгчийг дуусгадаг Хэнтийн Д.Ариунбаатар, одоогийн улсын арслан Б.Орхонбаяр, Баянхонгор Ч.Алтангэрэл гээд л бузгай хүүхдүүд байсан юм даа. Гэтэл Мөнхтөрийн Лхагвагэрэл энэ олон сайн хүүхдийн нэр сүр, бяр чадал, авьяас билгийг тоолгүй туучаад унаагүй түрүүлж билээ. Яван чангарах хүн гэж...
Ер хэдхэн хоногийн ард бөхийн өргөөнд сумын зааны барилдаанд чигээрээ явсаар үзүүрлэж билээ. Түүнээс өмнө Булганы Доржцэгмидийн Алтангэрэл өсвөрт түрүүлээд, өргөөний өсвөрт түрүүлж байсан түүхтэй юм. Энэ амжилтыг арай давтаж барсангүй. Гэхдээ л нэг аюул гарч ирж байгаа гэдэг нь ойлгомжтой боллоо. Яг орой нь Т.Өсөх-Ирээдүй харцага (бараг анх удаа сумын цолтны барилдааныг үзсэн болов уу) утсаар залгаад “Сумын зааны барилдаан чинь ямар гоё болдог юм бэ. Дараагийн Санжаа чинь гараад ирж дээ. Яг л ингэж урагшаа явсхийдэг хүүхэд гарч ирж байсан юм...” гэж билээ. Ер нь Санжаа шиг барилдахаас гадна яг замналаар нь явж байгаа хүн. Цэргийн арслан болсон, дараа нь батласан. Батлахдаа Санжаа сумын заан Э.Тулгатай үлдсэн бол Лхагваа сумын заан Ө.Батсуурьтай үлдсэн. Цэргийн хурцаас тунаж заан болсон нь ч адилхан.
Харцага Т.Өсөх-Ирээдүй бид хоёр бөхийн тайлбар дундуур элдвийг л хүүрнэлдэнэ л дээ. Та ид бол Лхагвааг хаях уу гэвэл “Гарангуут эвгүй шилдэх юм, зөрөөд элэг бүсдээд авбал учиртай шүү...” гэсхийнэ. "Р.Гансүх зааны дархан мэхийг л энэ хүүхэд сурчихсан байх юм даа. М.Баяржавхлан гардийг дөнгөж гарч ирж байхад яг ингэж хаяж билээ..." гэж бас ярина.
Аймгийн заан цолтой Шинэ үндсэн хуулийн барилдаанд Б.Батмөнх, Б.Даваа-Очир, Д.Хүдэрбулга, Ч.Хөхчирэнгэр, Б.Бат-Өлзий, О.Хангай гэдэг нэрийг нь сонсохоос жийрхмээр лут амьтдыг цувуулж хаян түрүүлдэг ч аатай шүү. Ялангуяа Ч.Хөхчирэнгэрийг толгой дотуур итгэлтэйхэн хонгоддог үзүүр түрүүний барилдаан.
Парисын олимпийн маргааш л үндэсний бөхийг бодно гэж хариулт өгч байгаа хүн. Үндсэндээ цэвэр чөлөөтийн бэлтгэлээрээ барилдаж байгаа шүү л гэдгээ сануулаад байгаа хэрэг. Хүн чамбай, даруу, цэмбэгэр ч гэж. Ер нь шинэ цагийн дүү нар хувцаслалтаас эхлээд арай л онцгой чамбайрч байх шиг харагддаг. Ингэх ч хэрэгтэй юм. Толгойлж байгаа бөх нь ямар байна бүгд л дагадаг жамтай.
Дан үндсээ хөөгөөд эхлэхэд энэ хүн яах бол гэж маш олон хүн асууж байгаа. Удахгүй бид түүний хариултыг авах болноо. Парисын олимп хүрэхэд хэдхэн сар л үлдэж...
О.Наранбаатар