Гомбосүрэнгийн Батдэлгэрийн халиун морь
Завхан аймгийн түүхт 80 жилийн ой өргөн дэлгэр болов. Энэ баярт Санмаргазын хурдан халиун морь зургаад хурдалж байсан юм. Энэ морь тус баярын өмнө Завханмандалын 80 жилд улсын алдарт уяач Ж.Дамдингийн Оодон хээр морины ард ирж аман хүзүүдээд аймгийнхаа түүхт ойд хараахан айрагдаж чадалгүй зургаалав. Батдэлгэрийн аав Гомбосүрэнгийн хурдан халиун азарганы үр. Халиун азарга Увсын Тэс гаралтай. Эх нь Сантмаргазын Дүгдэлийн хурдан бор морины дүү гүүний тав дахь үеийн төл. Халиун морь ид уралдах найман жилдээ өнжсөн сонин түүхтэй морь юм.
1992 онд шүдлэн үрээ Сантмаргаз сумын баяр, сургуулийн 40 жилийн ойд тус тус аман хүзүүдсэн. 2000 оны есдүгээр сарын 17-нд Дөрвөлжингийн сургуулийн 60 жилийн ойд хол тасархай түрүүлэхэд тэр жилийн Баянтэсийн даншигт айрагдсан Борнойн Баасанжавын хээр, халтар хоёр морь удаагаар нь ирж байсан. Энэ цагаас эргэж урам орон идэвхитэй уясан. Тэр жил Санмаргаздаа тавд, Б.Баасанжавын улсын алдартын наадамд аман хүзүүдсэн. Хойтон жил нь Тэлмэний 70 жилд аман хүзүүдэж, Ургамалд Буньжавын 100 жилийн ойд гуравт давхижээ. 2002 онд сумандаа түрүүлж, Эрдэнэхайрханы 50 жилд аман хүзүүдсэн. 2003 онд тун хурдан байсан. Эрдэнэхайрханд хавар аман хүзүүдээд, сумандаа түрүүлж, Завханмандалын ойд аман хүзүүдсэн. Ингээд нутагтаа болсон баруун бүсийн уралдаанд зургаалсан. Энэ цагаас хойш сумандаа хоёр түрүүлж, эргэн тойрны наадамд олон айрагдсан. Харин 2005 оны Увсын 80 жилийн ой баруун бүсийн уралдаанд аравт давхижээ.