Домог, хууч яриа

Сэнгийн Шадарын бор морь

ймгийн баяр наадамд долоо түрүүлсэн их морь монгол улсын хэмжээнд хэд байдаг вэ гэж судалж үзлээ. Ховдын Даваагийн Батцэндийн шар халтар морь бага дөрвөн насандаа завсаргүй, нийлээд гурав нийт долоо түрүүлсэн байдаг юм байна. Харин ихэд нийлээд долоо түрүүлсэн морь үгүй гэнэ. Мянгадын чонон саарал багадаа хоёр нийт тав, Дорноговийн үүлэн Жамбалын цагаан морь тав (эдний садангийн СГЗ Лхажавын Цагаандалай ах арай цөөн болов уу гэдэг), Булганы Батчулууны хээр (улсад аман хүзүүдсэн) аймагтаа гурав түрүүлж, тав айрагдсан. Сэлэнгийн Д.Мөнхбадрахын ухаа морь шүдлэнтэйгээ нийлээд тав, Туваанжавын Гантөмөр гуайн сарт хээр дөрөв, Увсын Жавзмаагийн Баатарын мөнгөн сум гэдэг морийг аймагтаа зургаа түрүүлсэн гэж бичсэн байдаг. Өөр аймгуудад гурав түрүүлсэн их морь олон бий.

Ингэхээр Шадарын улаан морь бүх монголын аймгийн баяр наадмын их морины дээд амжилтыг үзүүлсэн хаан хүлэг юм. Шадарын хүү Бавуудорж, Батдорж, унаж уралдаж явсан зээ хүү Чулуунзагд нартай холбогдож энэ лут хүлгийн талаар нэлээдгүй зүйлийг сонсов.

Бор морь Алдархаан сумын Алдар бригадын Жамьян гэдэг хүний унаган адуу. Энэ хүн Ёндон, Гонгор гэдэг хоёр хүүтэй, нэг охинтой байжээ. Нэг охин нь тод манлай уяач Д.Дагвадоржийн эмээ юм. Нэгдэлд бор азаргатай адуугаа нийгэмчлэхэд тэр адуунаас үлдсэн. 1967 оны Завхан аймгийн наадамд Гонгорын хээр морь гэж бор морьтой эцэг нэгтэй хүлэг аман хүзүүдэж байжээ.

Борыг унаж аймагтаа дөрөв түрүүлсэн уралдаанч Чулуунзагд “Гонгор гуай хэдэн сайхан гүүтэй. Тэднийгээ морь шиг уначихдаг. Ганц нэг азарганаас хээл авчихвал сайн морь гардаг байсан гэдэг юм. Эрэлд унахад эцдэггүй, уралдвал хурдан тийм адуу гардаг гэж манай хөгшид ярьдаг байлаа. Тэгэхээр сайн гүүтэй хүн байсан шиг байна лээ” гэж дурслаа.

Шадарын ганц өргөмөл эрх танхи хүү Бавуудорж Гонгороос уургын цагаан морийг нь авах гэж аавтайгаа очжээ. Тэр үед уналганы сайн атан тэмээ шиг үнэтэй зүйл ховор. Атны үнэтэй морь ч гэж байсангүй. Уургын бор морио өгөхгүй гэсэн тул хөтөлж очсон ширээ хар атаараа бор үрээ аваад явсан байна. Айлын ганц өргөмөл хүү дураараа ч байсан биз. Бор морийг нийлээд дөрвөн жилийн дараа түрүүлсэн гэж ярьдаг. Завханчууд долоон настай нийллээ (Төв монголын уяачид найман насыг нийллээ гэж үзнэ) гэж үздэг гэж тооцвол 10 настай түрүүлсэн болтой. Ер нь ч бүдүүрч арал нь дүүрч байж давхисан. Үүгээрээ ч олон жил ноёлох боломжийг бүрдүүлсэн болов уу. Богдын голд Майхан толгойн дэнж хэмээх газар уяна. Ойролцоо сайн улаан хээр, буурал хээр хоёр морьтой. Тэдэнтэй ажил хийнэ. Энэ хоёр уг нь сайн морьд, арав дотор давхидаг ч оройн дээд хурдан хүлэг байгаа учир уяанд нэг их анхаардаг ч үгүй байсан бололтой. Чулуунзагд “Тэр үеийн уяа ч тойм шүү дээ. Гэхдээ цаг цагаараа үе үеэрээ. Одоогийн адууг тэр үеийнхээр уяж болохгүй. Тэр үеийн адууг бас одоогийнхоор уяж барахгүй тийм л цаг. Орой ижлээр нь тавиад, өглөө бариад уяна. Цагаан өвс ногооны л адуу шүү дээ. 10-14 хоногийн тулсан сайн ажилтай л мордуулаад түрүүлдэг байсан” гэж ярив. Бор морь гараа онцгой сайн биш. Дундуур гардаг,  

Бор морьтой нэгэн үед Ням-Осорын хүрэн халзан, Отгонтэнгэрийн амралтын Банзрагчийн Бор, Эрдэнэхайрханы Арьяагийн бор, Яруугийн Содын Буриадын бор зэрэг морьд өрсөлдөж байсан. Арай сүүлхэн үед нь Балбарын халтар, Дамбын зээрд, Жанцанхүүгийн улаан зэрэг морьд гарч ирсэн.

Бор морийг эхний гурван жил түрүүлэхэд МУИС-ийн багш Амаржаргал, Нямдорж нар унаж байсан, сүүлийн дөрвөн түрүүг нь Шадарын зээр Чулуунзагд унаж түрүүлгэжээ.

Алдархааы Ширнэнгийн шарваа хээр дөрөв түрүүлээд, түүний араас яг Шадарын бор, түүний ард Ням-Осорын хүрэн халзан гээд Алдархааны энэ гурван морь аймагтаа 12 жилийн наадмыг өөр ямар ч адуунд өгөөгүй билээ. Хээр, Шадарын бор хоёр уралдаж байсан уу гэж уралдаанчаас асуувал “Огт тулж уралдаагүй. Хээрийг харьж байхад, бор тодорсон” гэж ярилаа.  Ер нь Шадарын бор аймагтаа долоо түрүүлсэн, өдөрлөг, сумын наадам, майн баяр гээд тоолвол 40 гаруй түрүү бий гэнэ. Цагаан өвсний адуу жилдээ 1-2 их бол гурав уралддаг үе шүү дээ. Хорь нас гартлаа уралдсан. 23 хүрч ижилдээ энджээ. Олон түрүүлсэн хойно нь даян түмэн эх гэдэг цолыг өгсөн гэж уралдаанч ярьсны зэрэгцээ 1971 онд ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойгоор Завхан аймгийн наадамд түрүүлэхэд бор моринд улс хувьсгалын 50 жилийн ойн медалийг гардуулж өгч байлаа. Тухайн цагт морины магнайд зүүдэг медаль орон нутагт дэлгэрээгүй цаг шүү дээ. Завхан нутгаас анх одонгоор шагнагдсан хүлэг юм. Харин тэр жил Алдархааны Партизан Чойбалсан нэгдлийн дарга санаачилж, бор морины цээж, хондлой их биений хэмжээг аваад сайхан хөмөлдрөг хийж өгч хүндэтгэл үзүүлж, стадион тойруулж баяр хүргэж байлаа. Тэрхүү хөмөлдрөгийг өдгөө Бавуудоржийн Баттулга, Бавуудоржийн Батдорж ураг удмынх нь голомтны адууны хийморь шингэсэн хэмээн нандигнан хадгалдаг байна.

Бор морийг анх түрүүлчихээд асарт орж ирээд шээхэд нь нутгийн улс бэлгэшээж “За даа энэ бор ч хэдэн жил асраас салахгүй нь дээ” гэхэд, бортой ойролцоо уралддаг хурдан улаан морьтой Жанцанхүү гуай “Шээс нь л хүрээ биз...” гэж байжээ. Үнэхээр бэлгээр болж олон жил түрүүлсэн. 1981 онд Завхан аймгийн баяр наадамд Шадарын Бавуудорж хул даага түрүүлгэтэл мөн л асарт орж ирж шээхэд эзэн нь эрт урьдын явдлыг санан бэлгэшээж байсан. Хойтон жил нь дахин түрүү магнай болсон юм. Хязаалан жил нь Завханы 60 жилийн ойд уяж байгаад мөн гоц хурдан байсан ч алдаад долоо хоног хайгаад ололгүй наадам тулгаж олоод 9-д орж байжээ. Үүний дараа Бавуудоржийн хундан морь аймагтаа хоёр айрагдсан. Цуваанд Шар тал хоршоололын Бавуудорж хэмээн бичигдсэн байдаг билээ.

 

Өнөө жилийн цагаан сараар Бавуудоржийн Баттулга аймгийн алдарт уяач цол хүртжээ.