Домог, хууч яриа

Анчин Дамдинсүрэн

1970-1980 оны үед үндэсний их баяр наадамдаа хурдан хар азаргаа таван удаа айрагдуулсан энэ лут уяач Эрдэнэхайрхан суманд төржээ. Гэргий нь  ч энэ нутгийн хүн. Амьдралын мөр хөөж 1960-аад оны эхээр Төв аймгийн Баянцагаан суманд нүүж ирсэн. Тус сумын тарваганы улсын төлөвлөгөөг биелүүлдэг улсын анчин хүн байлаа. Авирын Дамдинсүрэн Баянцагааны их уяач эхэн үедээ Дондог маарамбын Баярын малыг хамжилцан маллаж байсан. Баярын адууны идшинд өгсөн эмнэг саарал үрээг авчирч уяж хоноод өглөөд нь төхөөрөх гэтэл туранхай үстэйгээ адуу хайрлаад чадсангүй. Амь хэлтрүүлж хойтон жил нь уяж сумандаа айрагдуулаад, азарга тавьж хурдлуулах болсон. 1965 онд охин Нарангэрэлийг төрж угаахад мялааж охин хар даага нутгийн уяач хөнхөр Батбуян бэлэгт өгөв. Саарал азарга хар гүү хоёрын дундаас төрийн түмэн эх алдарт хилэн хар азарга гарчээ. 1972 онд зургаан настай Нарангэрэл сөнгө хар даагаа унаж Баянцагаан сумынхаа наадамд аман хүзүүдсэн. 1974 онд Баянцагаанд түрүүлж, ердөө хойтон нь соёолон үрээ улсын баярт айрагдсан юм. Энд Нарангэрэл охин унаж байлаа. Үүнээс хойш энэ хурдан азарга улсын баярт дөрөвт айрагдаж, төл нь хар даага улсын наадамд айрагдсан. А.Дамдинсүрэн хожим НАХЯамны гуравдугаар газрын малыг хариулж байсан хүн юм. Хилэн харын төл саарал азаргыг Богдхан уулын энгэрийн уяач Д.Цэдэндамбаад бэлэглэж, түүний үр хээр гүүнээс Төв аймагт гурав дараалан түрүүлсэн хурдан хар азарга гарсан билээ.