Дотоод мэдээ

Содномын Гомбодорж

Завхан аймгийн Алдархаан сумын харьяат энэ лут уяач аймгийн баяр наадмаас олон айраг түрүү авчээ. 1970-аад оноос наадаж эхэлсэн. 1980-аад оны эхээр хурдан хар үрээ даага шүдлэнд нь аймагтаа аман хүзүүдүүлсэн. Энэ хоёр наадамд Шадарын Бавуудоржийн хул үрээ түрүүлж байв. 1983 оны Завхан аймгийн 60 жилийн ойд хээр даага хол түрүүлгээд шүдлэн, хязааланд нь дахин хол түрүүлгэсэн. Соёолон намар нь бахардуулаад цаашид давхилгүй болжээ. Алдархаан сумын ойд Донойн хөндийд бас түрүүлсэн. Монгол улсын алдарт уяач Жигмэдийн Санжаагийн аймагт дөрөв түрүүлсэн хүрэн азаргатай ойрхон удамтай Богдын голын урт чихтэй хүрэн гүүний үр юм. Энэ хээрээс нэг насаар дүү даага шүдлэндээ түрүүлсэн хээр сүүлд бойны хээр гэж зартай азарга боллоо. Баянтэсийн нэгдэл адууны цүдгэр хээр гүү бойнд ирээд байхад нь амийг нь хэлтрүүлж авч үлдээд хойтон гарсан төл нь энэ хээр гэдэг. Нас нийлээд Завхан аймгийн баяр наадамд гурав айрагдсан сайн азарга болсон. 1980-1990 эхэн үед Завханы цуваанд айрагт нэр байдаг хээр азарга нь тэрхүү бойны хээр гээч юм. Харганы Гомбодоржийн адуу хэзээний номхон дөлгөөн зантай, хурдан сайн юм. Нэгдэл адууны хар бор даага аймагтаа түрүүлгэж байсан. 1998 оны Завхан аймгийн баяр наадамд айрагдсан Ширнэндоржийн Баттөмөрийн хээр морь дээрх хээр азарганы үр юм.